Хэнтий аймгийн "Өндөрхаан" хоршооны чулууны дархан А.Пунцаг гуайг мэдэхгүй хүн үгүй. Арга ч үгүй биз. Түүний урласан бүтээл бараг айл бүрийн хойморт залардаг учраас тэр. Тэрбээр эмч мэргэжилтэй бөгөөд эрүүл мэндийн салбарт 20 гаран жил ажилласан байна. Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ шингээж байхыг гол зарчмаа болгодог А.Пунцаг гуайг бид "Баялаг бүтээгч"-ээр онцолж байна.
-Сайн байна уу та. Юуны өмнө эмч мэргэжлийн хүн тэс өөр бизнес эрхлэх болсон тань их сонин байна л даа?
-Би хэнтий аймагт төрсөн, эмч мэргэжилтэй, эмнэлгийн байгууллагад 20 гаран жил ажилласан. Энэ хугацаанд аймагтаа ардын эмнэлгийн суурийг тавилцаж байлаа. Эхнэр маань бас эмнэлгийн ажилтай хүн учраас зах зээлд шилжсэн тэр жилүүдэд нэг гэр бүлийн хоёр хүн улсын ажил хийгээд явахад амьдрал ахуйн хувьд хүнд байсан учраас 1996 оноос эхлэн би хувиараа юм хийж эхэлсэн. Анх нутагтаа цай хийе гэж хөөцөлдөөд бүтээгүй. Ингээд орон нутгийнхаа баялаг болсон эрдэнийн чулуу ашиглаж бүтээл урлахаар шийдсэнээр хамгийн анх 2009 онд Өндөрхаан ууландаа чулуугаар соёмбо сийлбэрлэж, ёслол хүндэтгэлтэйгээр залсан. Үүнээс хойш энэ ажлаа тасралтгүй хийж, олон уралдаан, үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож тэр хэрээр хүмүүст танигдаж эхэлсэн. Тухайн үед манай аймагт чулуугаар бэлэг дурсгалын зүйл хийдэг хүн байдаггүй байсан учраас аймаг орон нутгийн удирдлага ч хүртэл миний хийсэн бүтээлүүдийг ямар нэг айлчлал, баяр ёслолын үеэр бэлэг дурсгалын байдлаар хүнд өгдөг болсон. Ингээд би ч бүтээлээ улам боловсронгуй, утга төгөлдөр, цэвэр сайхан хийхийг хичээх болсоноор зургаан жил шахам чулуутай ноцолдож явна. Энэ ажлынхаа буянаар олон сайхан хүнтэй танилцаж, туршлага судалж, хөрш улсуудын үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож байлаа. Тэгээд үүнээсээ улбаалаад би жааз бэлэг дурсгалын үйлдвэрээ 2014 онд байгуулж амжилттай авч явсаны үр дүнд өнгөрсөн онд Монголын үндэсний бизнес инкубаторуудын холбооны дээд шагнал "Алтан өндөг" болон 2014 оны "Шилдэг бойжигч"-оор тус тус шалгарсан.
2009 онд Өндөрхаан ууландаа чулуугаар соёмбо сийлбэрлэж, ёслол хүндэтгэлтэйгээр залсан
-Таны бүтээлүүд юугаараа онцлог вэ?
-Бэлэг дурсгал, шагнал гэдэг айлын хойморт бурханы хөрөг шиг залардаг. Тийм учраас би бэлгэдлийг ихээхэн оруулж өгөхийг зорьдог. Бэлэг дурсгалын зүйл хийж байгаа хүн зөвхөн мөнгө бодож бүтээл хийж ерөөсөө болохгүй. Хамгийн гол нь өнө удаан хадгалж, шүтэж ирэх учраас нэгдүгээрт, маш сайн чанартай хийх хоёрдугаарт, хийсэн бүтээл минь тухайн өгсөн хүнийхээ гэр, албан тасалгааны хойморт байрлах учраас их сайхан эерэг энергитэй, зөв бэлгэдлийг агуулсан байх ёстой. Мөн тухайн хүнийхээ нас, жил, ордод таарсан ивээлтэй чулуугаар нь хийж өгье гэж боддог. Үүгээрээ л их онцлог байдаг.
Бэлэг дурсгалын зүйл хийж байгаа хүн зөвхөн мөнгө бодож бүтээл хийж ерөөсөө болохгүй.
-Чулуугаар хийдэг гэхээр та түүхий эдээ хаанаас цуглуулдаг вэ. Худалдаж авбал их үнэтэй байх даа?
-Миний бүтээлүүд дандаа байгалийн хагас үнэт чулуугаар хийсэн байдаг. Үүн дотор хүмүүсийн захиалгаар болон өөрсдөө бэлгэдлийг бодож хийсэн бүтээлүүд ихэвчлэн байгаа. Түүхий эдээ нутгийнхаа уул уснаас түүж олборлодог. Сайхан, сайхан чулуу энд тэндгүй байдаг ч би яг тэнд, тийм чулуу байна гэж нийтэд хэлээд зарлаад явдаггүй. Байгалиас юм хүртэнэ гэдэг учиртай. Өөртөө хэрэгцээтэй хэмжээгээр, хамгийн гол нь чулуугаа зөв таньж, сонгож авах нь чухал. Мөн уул усандаа өргөл өргөж, хатуу догшин газар бол ном хуруулж, идээ ундаа засч, аргадаж гуйж авдаг. Тэгж авч хийсэн юм чинь эргээд өгч буй хүндээ ч учиртай ээлтэй байна. Тэрнээс зүгээр нэг очоод самар түүж байгаа юм шиг түүчихгүй шүү дээ.
-Та чулуугаа хэрхэн боловсруулж бэлддэг вэ?
-Хашаандаа чулуу боловсруулах нэг хүний жижиг цехтэй. Энд зүснэ, хэв загварт нь оруулна, өнгөлнө, дараа нь чимэглэх ажлаа хийдэг.
Тэгж авч хийсэн юм чинь эргээд өгч буй хүндээ ч учиртай ээлтэй байна. Тэрнээс зүгээр нэг очоод самар түүж байгаа юм шиг түүчихгүй шүү дээ.
-Тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирсэн бэ?
-Манай улс тоног төхөөрмж үйлдвэрлэдэггүй учраас хүмүүс дандаа "хаанаас оруулж ирсэн юм" гэж надаас асуудаг. Харин би энийг нийслэлд зохион байгуулагдсан нэг үзэсгэлэн яармаг дээр харсан юм. Уг эх нь германы тоног төхөөрөмж байгаа юм. Тэгээд нутгийнхаа Сумъяа гэдэг найзтайгаа хамтран өөрсдөө хийсэн. Өөрсдөө хийсэн учраас эвдэрч гэмтээд заслаа гэхэд ямар нэг сэлбэг энд тэндээс авна гэх юм байхгүй амар байдаг.
-Бизнес эрхлэж яваа хүнд саад бэрхшээл зөндөө л байсан байх. Тэр бүгдээсээ хараад та ер нь юм хийх гэж байгаа хүмүүст ямар зөвөлгөө өгмөөр байдаг вэ?
-Ер нь "санаж явбал болдог, сажилж явбал бүтдэг" гэж үг байдаг. Тэгэхээр хэрвээ хийе гэж нэг л зорьсон бол бэрхшээлийг нэг их тоолгүй, ямар нэг аргаар давж гардаг байх хэрэгтэй. Нэг зүгшрээд ирвэл цаашдаа болохгүй зүйл бараг байхгүй шүү. Намайг аймаг орон нутаг минь их дэмждэг учраас миний бизнес, аж ахуй минь ингэж амжилттай явна гэж боддог юм. Манай нутгийнхан сүүлийн үед бүгд л ямар нэг юм хийж бүтээх гэж зорьдог, мөн тэр хэмжээгээр нутаг орноос минь их дэмждэг болсон. Нэлээд дээхэн үед "алив ганц зуу татуулчих" гэх залуус их байсан бол одоо "Пунцаг ахаа нэг ийм юм хийх гэсэн юм, та зөвлөөч" гэх нь их болсон.
-Танд одоо нэг тийм л юм хийчих юмсан гэх хүсэл байдаг уу. Хүүгээс нь гадна таны ур ухаанаас суралцаж байгаа шавь бий юу?
-Байлгүй яахав. Юуны өмнө аймаг орон нутаг минь өдөр ирэх бүр өргөжин цэцэглэж байна. Тэр хэрээр бүтээн байгуулалтууд өрнөж байгаа. Удахгүй ашиглалтад орох Чингис цогцолборын ажилд гар бие оролцож, өөрийнхөө бүтээлийг үлдээчих юмсан гэж боддог.
Харин шавьтай болох тал дээр жаахан хэцүү байдаг. Би хатуу шаардлагатайн дээр хүнээс зөвхөн чадвартай байхаас гадна сэтгэл, сэтгэмж, мэдрэмж маш их шаарддаг. Энэ бүхний аль нэг нь байхгүй хүнийг би мянга шахаад юм сурахгүй. Сураад хийсэн ч бүтээл нь төгс болохгүй. Нэг бүтээл гараас гарахад олборлохоосоо эхлээд 12 шат, дамжлага дамжина. Маш олон цагаар сууж ажиллана. Тэгж байж гэмээ нь сайхан бүтээл болно. Тэрнээс ганц нэгийг нь хасчихад л дутуу болчихдог юм.
-За танд цаашдын ажил үйлс нь улам өргөжин тэлж, илүү их баялагийг үйлдвэрлэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
-Хэвлэл мэдээллийн бүтэн баг ийнхүү юм хийж бүтээх гэж хүсч, зорьж байгаа хөдөө орон нутгийн иргэд, аж ахуйн байгууллагуудыг дэмжин энэ хүртэл зорин ирсэнд маш их баярлаж байгааг минь уламжилж өгөөрэй.
Пунцаг гуайн эрхлэж буй бизнес түүний хамтран ажилладаг хүмүүс байгууллагуудын дэмжлэгээс ихээхэн шалтгаалдаг хэмээн тэрбээр хэлж байсан юм. Түүнтэй олон жил хамтран ажиллаж байгаа хэвлэлийн эх бэлтгэл болон бэлэг дурсгалын дэлгүүрийн ажилтан ийн ярьж байлаа.
-"Ажилсаг бүтээлч нямбай энэ хүнтэй хамтарч ажиллаад таван жил орчим болж байна. Пунцаг гуайн хийсэн бүтээлүүдийг зарахад их урамтай байдаг. Мөн захиалгаа аваад Пунцаг гуайд дамжуулж өгөхөд хэзээ ч захиалагчдыг гонсойлгож байгаагүй" гэсэн юм.
Түүний хүү Эрхэмбаяр барилгын инженер мэргэжилтэй ч аавыгаа даган ажил үйлсээс нь суралцаж яваа нэгэн.
-Аавтайгаа хамтарч юм хийхэд ямар байдаг вэ?
-Манайх шиг урд, хойд хөршөөсөө бэлэн бүтээгдэхүүн оруулаад ирдэг улсын хувьд үйлдвэр явуулах хэцүү. Тэгэхдээ гар урлал гэдэг ямар ч үед үнэ цэнэтэй хэвээр байдаг. Бүгдийг гараар хийх хэцүү ч аавынхаа ур ухааныг өвлөөд суралцаад явахад урамтай, бахархалтай сайхан байдаг. "Хуучны хүн" гэж хүмүүс ярьдаг даа. Яг л тэр чинь миний хажууд бурхан ухаанаа хайрлаад сууж байна. Их ч юм сурж, аавдаа ч бас өөрийн сурсан мэдсэн болон орчин цагийн өнгө аяс, загвар хандлагыг хэлж ярьж санаа бодлоо хуваалцдаг.
-Яг одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна?
-Манай аймгийн төв Чингис хот болсонтой холбогдуулаад хотынхоо бэлэг дурсгалын зүйлийг аймгийнхаа захиалгаар хийж байна. Чулуун дээр метал ялтасаар "Чингис хаан" гэсэн нэрийг уйгаржин монгол үсгээр бичиж байгаа юм. Энэ бол өөрөө бүгд гар ажиллагаатай.
Ер нь жааз гэдэг бол зөвхөн баярын бичиг, зураг хийхэд зориулагдсан эд биш. Энэ бол урлагийн бүтээл юм. Бидний хийсэн шагнал бурхан мэт хойморт нь залагдаж байдаг учраас ур ухаан бэлгэдэл, бэлэгшээл бүхнийг нэгтгэн хийх ёстой гэдгийг ааваасаа сурч ухаарч явна.
Ер нь жааз гэдэг бол зөвхөн баярын бичиг, зураг хийхэд зориулагдсан эд биш. Энэ бол урлагийн бүтээл юм
-Жааз хийхэд юуг анхаарах ёстой вэ. Технологи ажиллагааг нь тайлбарлах уу?
-Юуны өмнө хэрэглэгчийнхээ захиалга болон хийх гэж байгаа бүтээлдээ тааруулж материалаа сонгоно. Дараа нь жаазныхаа хүрээг хэд хэдэн удаа нарийн хэмжиж, зүссэний дараа булангуудаа нийлүүлж наагаад холбогч машинаар холбож өгнө. Ингээд рам бэлэн болно. Бэлэг дурсгал, жааз хийхдээ захиалагч болон өгөх гэж буй хүнийхээ ажил үйлсэд нь тааруулсан өвөрмөц бэлгэдэл шингээсэн загварыг олж сэтгэх нь чухал байдаг.