Одоогоос 7 жилийн өмнө “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдсанаар баялаг бүтээгч гэдэг үг трэнд болж, олон нийт ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг сонирхож эхэлсэн. Тус холбоо ЖДҮҮ эрхлэгчдийнхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, олон нийтэд сурталчлан таниулах ажилд томоохон хувь нэмэр оруулж яваа ашгийн бус байгууллага юм. Өнгөрсөн хугацаанд 30 мянган км зам туулж, 1000 орчим ЖДҮҮ эрхлэгчдийг сурталчласны хүчинд олон байгууллага хөл дээрээ зогсож, зарим нь төрөөс олгодог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байсан.
Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улс импортын бараанаас 95 хувь хэт хамааралтай, импортын бараа нь ганцхан боомтоос хамааралтай, шатахууны хэрэглээгээ ганцхан улсаас хангадаг, эдийн засаг ганцхан уул уурхайгаас хамаардаг хэвээрээ л байна. Ялангуяа цар тахлын үед үйлдвэржсэн улс болж чадаагүйн хор хөнөөлийг иргэн бүр мэдэрсэн. Энэ үеэр анхаарлын төвд орж байгаагүй баялаг бүтээгчид л бүх ачааг үүрч байв. Мөн хатуу хөл хорио нийт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 90 хувьд нь нөлөөлж, 200 мянган хүн ажлын байраа алдсан байдаг.
Энэ үед “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос бэлтгэн хүргэсэн “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг тэдний туулж буй бэрхшээл, алдаа онооны гэрч болж 50 шилдэг баялаг бүтээгчийг түмэнд мөнхөлсөн. Тэд бол цар тахлыг хөдөлмөрөөр ялсан баатрууд юм. Иймд тус нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч, Доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяртай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэе.
Сайн байна уу. Монгол улсад 27 мянган төрийн бус байгууллага байдаг. Танайх тэднээс юугаараа онцлог вэ?
- Сайн байцгаана уу. Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” байгуулагдаад 7 жил болж байна. Бидний гол зорилго бол Монголын баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчид дэлхийд үнэлэгддэг болох явдал юм. Ийм л мөрөөдлөөр энэ холбоог анх байгуулж байсан. Өнөөдөр манай байгууллага 21 аймаг, 330 сумд салбар төлөөлөгчтэй болж өргөжсөн. Гэхдээ л бид илүү олуулаа болж, санаа бодлоо нэгтгэн бие биенээ дэмжих хэрэгтэй байна.
Баялаг бүтээгчдэд ямар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байдаг вэ. Төр засаг, ард түмэн хэр дэмжиж байна?
- ЖДҮҮ эрхлэгчдэд тус болох нийтлэг зүйл нь санхүүгийн дэмжлэг байдаг. Өмнө нь өөрсдийн бор зүрхээрээ болгодог байсан хүмүүс цар тахлын үед хамгийн ихээр хохирсон. Тэд хямарна гэдэг чинь Монгол Улсын нийт иргэд хямарсантай л адилхан. Учир нь ажлын байрны 90 хувийг ЖДҮҮ дангаараа бий болгодог. Төр засгаас Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлснээр бидэнд бага ч болов найдвар төрж эхэлсэн. Энэ бодлогоор ЖДҮҮ эрхлэгчдийгээ дэмжээд өгвөл бидний хүсдэг сайхан нийгэм удахгүй цогцлох болно.
“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсөн хугацаанд 1000 орчим баялаг бүтээгчийг сурталчилсан юм байна. Ямар үр дүн гарав?
- Орон даяар төсөл эхэлснээс хойш найман баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Зургаан баг нь хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж байсан бол миний хувьд нийслэлийн баялаг бүтээгчдээ хариуцаж, долоо хоногт 2-3 “Баялаг бүтээгч” нэвтрүүлэг бэлтгэн 60-70 удаагийн давталттайгаар орон даяар цацсан. Өнөөдрийн байдлаар нийслэлд 1000 орчим үйлдвэрлэл эрхлэгчдийг төсөлдөө хамруулаад байна. Тухайн үед “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогбайлаа. Мөн хийсэн нэвтрүүлгээ хэвлэл мэдээллийн хэд хэдэн сувгаар олон удаагийн давталттайгаар цацсан нь үйлдвэрлэгчдийн борлуулалтыг маш сайн дэмжсэн ажил болсон. Энэ нь тэдэнд үйл ажиллагаа, үйлдвэрлэл, хүний нөөцөө өргөжүүлэх том боломж өгсөн гэж хардаг. Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар жижиг цехээс эхэлсэн бизнес нь улам өргөжиж ,жижиг дунд ангиллаасаа гарч Топ-100 аж ахуйн нэгжийн эгнээнд орсон олон газрууд бий. Энэ нь мэдээж манай төслийн бас нэгэн үр дүн юм.
Танай холбоо хамгийн сүүлд ямар ажил хийв?
- Дээр дурдсанчлан 2021 онд цар тахал эрчээ авч байх үед бид ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжин, “Баялаг бүтээгч” нэвтрүүлгээ хийсээр байсан. Харин өнөөдөр шилдэг 50 баялаг бүтээгчээ тодруулж, тэднийг алдаршуулсан номыг гаргаад байна. Номын нээлт 04.27-нд 08:00 цагт “Holiday inn” event hall-д зохион байгуулагдана. Мөн энэхүү ном нь Монголын хамгийн анхны дижитал, уншдаг, үздэг, сонсдог ном гэдгээрээ онцлог.
Анхны дижитал ном гэхээр яг ямар давуу талтай юм бэ?
- Өнөөдөр хүн бүр 1-2 гар утастай. Энэ тухай харилцаа холбооны газар судалгаа хийсэн байдаг. Номонд орсон баялаг бүтээгч тус бүр дээр qr код байгаа. Энэ хэсгийг утасныхаа камераар уншуулахад оролцсон нэвтрүүлэг нь шууд тоглогдож эхэлнэ. Номыг нь уншаад таалагдсан бол эсвэл унших боломжгүй бол нэвтрүүлгийг нь үзэж болно.
- 2021 онд цар тахалтай байсан учраас бид үйл ажиллагаагаа өргөн хүрээнд хийж чадаагүй. Энэ жилийн хувьд Засгийн газар сайн ажилласны хүчинд иргэн бүр вакцинаа хийлгэж, цар тахал эрс багассан. Тиймээс 2023 онд ном гаргахаас гадна дэлхийн хөгжингүй орнуудад хэрэгжүүлдэг томоохон “SME AWARDS” зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Бидний зорилго өөрөө ЖДҮҮ эрхлэгчдийн тоог нэмэгдүүлж, тэднийг дэлхийн зах зээлд гаргах учраас жил ирэх тусам л илүү хичээнгүйлэн ажиллана гэж бодож байна.
Бидэнтэй ярилцаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа. Таны зорилго биелж, монгол хүн дотооддоо үйлдвэрлэсэн хувцас өмсөж, дотооддоо ургуулсан ногоогоо иддэг, импортолдог биш экспортолдог улс болох болтугай.
- Та бүхэнд ч бас баярлалаа.