Охиныхоо эмчилгээнд зориулан гэрээрээ наполеон торт хийдэг С.Золзаяа гэх бүсгүйн тухай мэдээлэл цацагдаад багагүй хугацааг үдлээ. Түүний охиныг Э.Алигэрмаа гэдэг. Төрлөхийн шөрмөс таталт, булчингийн хөгжилгүй гэж оношлогдсон.
Эдүгээ АНУ-д эмчлүүлэхээр сайн дурын байгууллагын гишүүдтэй хамт байгаа. Охины эмчилгээнд их хэмжээний мөнгө шаардагдах учраас аав, ээжийнх нь хэн нь ч охинтойгоо хамт явж чадаагүй аж. Үр хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ дайчлан, бүхий л нөхцөл боломжийг эрэлхийлж яваа энэ бүсгүйтэй ярилцлаа.
-Охинтойгоо хамгийн сүүлд хэзээ утсаар ярьсан бэ. Биеийн байдал нь хэр байна?
-10-аад хоногийн өмнө ярьсан. Одоогоор физик эмчилгээндээ явж байгаа. Биеийн байдал нь сайн байгаа гэсэн.
-Эмчилгээний төлбөрт хичнээн төгрөг шаардлагатай байна вэ?
- Бид охиноо өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ын Мичиган хот руу эмчилгээнд эхлээд явуулсан юм. Гэтэл эмнэлгийн төлбөр нь 150 мянган ам.доллар гэсэн нь хэтэрхий өндөр байсан л даа. Тиймээс АНУ-ын Техас мужийн Даллас хотын эмнэлэгт хүсэлт гаргасан. Тэд эмчлэхийг зөвшөөрсөн. Одоо тэнд физик эмчилгээ хийж эхлээд сар орчим боллоо. Эмнэлэгийн төлбөр тодорхой болоогүй ч физик эмчилгээнийхээ төлбөрийг төлж байгаа. Энэ нь өдөрт 200-300 доллар юм байна лээ.
-Дараагийн хагалгаа нь хэзээ вэ?
-Анх үзүүлсэн газар охинд минь зургаан удаагийн хагалгаа хийнэ гэж байсан. Гуравдугаар сар хүртэл физик эмчилгээ хийлгэнэ. Үүний дараа үр дүнг нь харж байж шийдэгдэнэ. Эмч нар нь аль болох цөөн хагалгаа хийхийг эрмэлзэж байгаа. Харин энэ бүгд физик эмчилгээний үр дүгээс шалтгаална гэсэн. Юутай ч өөрийнхөө боломжоор мөнгөө цуглуулж байя гэж бодоод напелеон тортоо хийж байгаа.
-Өдөрт хичнээн торт борлуулж байна вэ?
-Тортоо 20 см-ийн тойрогтой долоон давхар хийдэг бөгөөд 20 мянган төгрөгөөр худалдаалдаг. Анх би цахим хуудастаа наполеон тортны зургаа оруулж, захиалга авч эхэлсэн. Ингээд өдөрт 5-6 ширхгийг борлуудаг. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарснаас хойш захиалга ихэссэн. Одоо бол янз янз л байна.
-Та нарийн боовны мэргэжилтэй юм уу?
-Үгүй ээ. Би Гадаад худалдааны менежерээр төгссөн. Тортыг өөрөө гэрээрээ хийж сурсан. Өөрөө өөртөө тогооч гэх үү дээ. Охиноо төрүүлснээсээ хойш мэргэжлээрээ ажиллаж чадаагүй. Сая охиноо эмчилгээнд явуулсныхаа дараа ажил хайсан боловч олдоогүй. Тэгээд л өөрийнхөө чаддаг зүйлээ хийж охиндоо туслахаар шийдсэн юм.
-Гэр бүлийн тань хүн хаана ажилладаг вэ?
-Манай хүн “АПУ” ХК-д борлуулалтын жолооч хийдэг. Одоо амралтаа аваад надад туслаж, хамт дамжаанд явж байгаа.
-Цаашид напелеон тортоо хийсээр байх уу?
-Охин маань гурван жилийн турш эмчлүүлнэ. Тэгэхээр би тасралтгүй мөнгө явуулах хэрэгтэй болоод байгаа юм. Харин ганцхан напелеон торт хийж мөнгө олно гэвэл бас хэцүү л байна байх даа. Тиймээс үйлдвэрлэл явуулах цех байгуулах юмсан гэж мөрөөдөж байна.
-Энэ талаар хөөцөлдөж үзсэн үү?
-Шинэ жил өнгөрснөөс хойш захиалга нэлээд багассан. Тиймээс одоохондоо өдөрт ирдэг захиалгаа гэрээрээ хийхэд болж л байна. Өмнө нь нийтийн байранд өрөө түрээслэн амьдарч, ажиллаж байхад цахилгааны хүрэлцээ муу, хэцүү байсан. Одоо хоёр өрөөтэй орон сууц түрээслэн нэг өрөөндөө тортоо хийж байгаа болохоор харьцангүй нөхцөл байдал сайжирсан. Харин цаашид бол цех байгуулж өргөжүүлэх юмсан гэж боддог. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэхгүй байна.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд хамрагдах талаар судалж үзэв үү?
-Дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтсээс асуухад шинэ он гарахаар олгож эхлэнэ гэж байсан. Хэд хоногоос очиж уулзаж, хэрхэн ямар материал бүрдүүлэх талаараа зөвлөгөө авч, эрчимтэй хөөцөлдөх бодолтой байгаа. Бас дан ганц наполеон торт хийдэг болохоор зээл авахад бэрхшээлтэй байх гэж бодоод нөхөртэйгээ нарийн боовны дамжаанд сурч байгаа. Зээлд хамрагдаж чадах юм бол эхний ээлжинд байшин бариад нэг хэсэгт нь үйлдвэрлэлээ явуулж, нөгөө хэсэгт нь амьдарна гэж бодож байгаа.
-Бизнес бойжилтын төвд хандаж үзсэн үү?
-Үгүй. Тийм газар байдаг гэж ч мэдэхгүй.
-Ярилцсан танд баярлалаа. Ийм их хичээл зүтгэлийн үр дүнд охин чинь удахгүй эдгэрэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн мөрөөдлөө биелүүлж, нарийн боовны үйлдвэрлэлтэй болоорой.
-Баярлалаа. Бид нарт тусалж дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа.