“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Алтан нуга даваа” хоршоотой танилцлаа. Тус хоршоо нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж сумынхаа сургуулийн ”Үдийн цай” хөтөлбөрт өгдөг аж. Мөн хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийг зах зээлд бэлтгэн нийлүүлж, байгалиа хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор заг болон модлог ургамлыг тариалдаг юм. “Алтан нуга даваа” хоршооны дарга Т.Дулмаа хийж буй ажлаа бидэнд танилцууллаа.
- Сайн байна уу. “Алтан нуга даваа” хоршоо ажлын гараагаа хэзээ эхэлж байв?
- Манай хоршоо анх 2011 онд ”Отогжинст” нэртэйгээр найман өрхийн 14 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан. Дараа нь 2012 онд “Алтан нуга даваа” нэртэй болж 10 өрхийн 20 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин одоо манай хоршоонд 87 өрхийн 105 гишүүн тогтмол ажиллаж, хүрээгээ тэлж өргөжсөөр байна.
- “Алтан нуга даваа хоршоо” өнөөдрийн байдлаар хичнээн салбарт үйл ажиллагаа явуулж байна вэ?
-“Алтан нуга даваа” хоршоо нь сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна байгаль хамгаалах чиглэлээр заг болон модлог ургамлыг тариалдаг. Мөн малын түүхий эд, ноос, арьс ширийг цуглуулж үндэсний үйлдвэрүүдэд тушаадаг. Ингэснээр малчдыг урамшуулалд хамруулдаг юм.
-Тэгвэл эдгээрээс сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Говь сүү” цехийнхээ талаар онцлон танилцуулахгүй юу. Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх санаа хэрхэн төрж байв?
-Намайг 2007 онд аж ахуй эрхлэх сургалтад сууж байхад багш маань ”Бид хятадын иштэй чихрийг идэх биш. Монгол цагаан идээгээр иштэй чихэр хиймээр байна” гэж хэлж билээ. Ингээд багшийнхаа хэлсэн үгнээс санаа авч 2009 онд хоёр найзтайгаа нийлж “Говь сүү” цехийг байгуулж байсан.
Бид хятадын иштэй чихрийг идэх биш. Монгол цагаан идээгээр иштэй чихэр хиймээр байна
- Хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-Одоогоор таван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнд, хорхой болон хэлбэрт оруулсан ааруул, тараг, ингэний аарц, ингэний хоормог зэргийг үйлдвэрлэдэг. Түүхий эдээ малчдаасаа цуглуулж үйлдвэрлэж савлаад иргэдийн гар дээр хүргэдэг.
- Сумынхаа сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт өдөрт хэдэн төрлийн , бүтээгдэхүүн нийлүүлдэг вэ?
- Долоо хоногт нэг удаа сумын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт таргаа өгдөг. Хэрэгцээтэй үед нь мөн сүү нийлүүлдэг.
- “Үдийн цай” хөтөлбөрт өгдөг таргийг ямар технологиор үйлдвэрлэдэг вэ?
- Уламжлалт аргаар бэлдсэн тарагны хөрөнгөөр бүрдэг. Ариутгал мэдээж хийгдэнэ.
- Сав баглаа боодлыг хэрхэн шийдсэн бэ?
- Савалгааны аяга ,таглагч зэргийг Улаанбаатараас захиалж хийлгэдэг.
- Тоног төхөөрөмжийн хувьд хэр хүрэлцээтэй байгаа вэ?
- Тоног төхөөрөмж бага зэрэг дутагдалтай. Ер нь сумын сүүний цех дөч орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг. Харин бид дөрвөн сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэлээ эрхэлж байна.
- Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан уу. Төсөл хөтөлбөрүүд хэр нүдээ олдог гэж боддог вэ?
- Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл аваад “Говь сүү” цехийг байгуулсан. Тодорхой хэмжээгээр жижиг дунд үйлвэрлэгчдэд сайнаар нөлөөлж нүдээ олж байгаа гэж боддог.
-“Алтан нуга даваа” хоршоо мөн байгаль хамгаалах чиглэлээр заг үрслүүлдэг шүү дээ. Анх хэзээнээс заг үрслүүлсэн бэ?
- 2011 онд цөлжилтийг бууруулах газрын тогтвортой менежментийн хүрээнд сумын зохицуулагч байсан н.Эрдэнзул бидэнд заг үрслүүлэх санал тавьсан. Энэ хүний дэмжлэгээр бид баг болж заг үрслүүлж эхэлсэн. Тэр үед өөрийн гэсэн ажлын байр байсангүй. Бид 2000 гаруй заг үрслүүлээд өөр хүний мод тарьдаг хашаанд суулгаж билээ. Тухайн үед тарьсан заг одоо биеэ даасан шүү. Түүнээс хойш газрын тогтвортой менежмент төслөөс хоёр га газартай болох санхүүжилт өгснөөр загийнхаа үрсэлгээг хийсэн. Мөн 2013 онд сумынхаа цөлжилтийг бууруулах зорилгоор арван га газрыг нэмж хашаажуулаад загаа үрслүүлж байна. Жилд дунджаар 2000-5000 ширхэг заг үрслүүлдэг.
- Хэдэн сард заг үрслүүлдэг вэ?
- Хавар таван сараас намар арван сар хүртэл заг үрслүүлэх ажил явагддаг.
- Загийн үрсэлгээн дээр хичнээн хүн ажилладаг вэ?
- Байнгын хоёр хүн ажилладаг. Мөн хоршооны гишүүд сайн дураараа тусалдаг.
- “Алтан нуга даваа” хоршоо мөн малын гаралтай түүхийн эдийг зах зээлд бэлтгэн, нийлүүлдэг. Улаанбаатар хот руу түүхий эдээ нийлүүлдэг үү?
- Манай хоршоонд дөрвөн багийн гишүүд ажилладаг Тэдгээр баг бүрээс 2-4 хүн малчдаас түүхий эдээ цуглуулж сум, аймаг руу ноосоо тушаадаг. 2013 онд хот руу түүхий эдээ тушаадаг байсан бол энэ жил “Ноос ирээдүй” компани Арвайхээр хотод салбараа нээсэн учир аймагтаа ноос нийлүүлж байна.
- Жилд хичнээн тонн түүхий эд аймаг, суманд нийлүүлдэг вэ?
- Манайх дунджаар жилд 2000 тонн арьс шир, 15000 тонн орчим ноос нийлүүлдэг.
- Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна?
- Мэдээж тулгамдаж байгаа асуудал байлгүй яахав. Жишээ нь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Говь сүү” цехийн хувьд тоног төхөөрөмж дутагдалтай байгаа. Мөн эргэлтийн хөрөнгө бага байдгаас бэрхшээл багагүй тулгардаг.
“Говь сүү” цехийн хувьд тоног төхөөрөмж дутагдалтай байгаа
- Цаашид хоршоодын тоо болон үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодол бий юу?
- Тэгэлгүй яахав. Цаашид хоршоодынхоо тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Мөн гишүүдээ идэвхжүүлж, урамшуулаад явна. Малаас гарсан түүхийн эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх болно.
Гишүүдээ идэвхжүүлж, урамшуулаад явна
“Говь сүү” цехийн ажилтан Б.Бунд: Бид зун нь загаа үрслүүлээд өвөл нь сүүнийнхээ цехт ажилладаг
- Сайн байна уу та. “Говь сүү”цехт хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
- Би “Говь сүү”цехт ажиллаад хоёр жил болж байна
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтад хамрагдсан уу?
- Тэгэлгүй яахав. Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтад хамрагдаад энэ цехт ажилд орсон.
- Таны хувьд “Говь сүү”цехт ямар үүрэг чиглэлтэй ажиллаж байна?
- Сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт өгдөг таргийг үйлдвэрлэдэг.
- Хоршооны давхар ажлыг хийдэг үү?
- Би өөрөө “Алтан нуга даваа” хоршооны гишүүн учир заг үрсэлгээн дээр давхар ажилладаг. Хоршооны гишүүд ихэвчлэн зун нь загаа үрслүүлээд өвөл нь сүүнийнхээ цехт ажилладаг.
Хоршооны гишүүд ихэвчлэн зун нь загаа үрслүүлээд өвөл нь сүүнийнхээ цехт ажилладаг