Африкийн Малави улсад сайн дурын эмчээр ажилладаг доктор Г.Болдбаяртай ярилцлаа. Тэрээр Малавид туршлага хуримтлуулан сайн дурын эмчээр ажилладаг бөгөөд удахгүй Монголдоо очин өөрийн сурсан мэдсэнээ түгээх зорилготой яваа юм.
-Та “Шүдний эмч” мэргэжлийг хаана эзэмшсэн бэ. Африкт ажиллах болсон үйл явдлаас яриагаа эхэлье?
-Намайг Г.Болдбаяр гэдэг. Би 2014 онд АШУҮИС-д бакалавр, магистраа төгссөн. Харин докторын зэргээ 2020 онд “Сөүлийн их сургууль”-д хамгаалсан. Ингээд Африк Малави улсад сайн дурын эмчээр ажиллах саналыг зөвшөөрөн ирж ажиллаж байна.
Анх энэхүү саналыг тус улсад ажилладаг, хуучны танил солонгос багш, эмч тавьсан. Тухайн үед Африк орон гэхээр их сонирхолтой санагдаж, мөн надад илүү туршлага болох юм болов уу хэмээн бодож энд ирэхээр болсон.
-Таныг анх очиход ямархуу дүр зураглал угтсан бэ. Бидний ихэнх Африкийн орнууд халуун, бас дайн дажин ихтэй гэж боддог шүү дээ?
-Би ч мөн адил ямар ч төсөөлөлгүй очиж байлаа. Яах вэ, анх очихын өмнө багш маань тухайн улсын талаар тодорхой хэмжээний мэдээлэл өгсөн учир харьцангуй соёлтой хүмүүс, амар тайван амьдралтайг л мэдэж байв. Африк тив нь өөрөө маш том тивд тооцогддог учир тус тивийн хаана байрладгаас шалтгаалан цаг агаар өөр, өөр байдаг юм билээ. Жишээлбэл, Малави улс л гэхэд зүүн дунд хэсэгт оршдог, хоёр улиралтай, эрс тэс уур амьгалтай. Борооны улиралд мэдээж ихэвчлэн бороо, нартай байх бол хуурай улирлыг ид өвөл гэж нэрийддэг. Тус улирал манай Монголын зуны эхэн сар эсвэл сүүл сарууд шиг температуртай. Өдөр нь халуун байх бол орой нь жоохон сэрүүсдэг. Малави улс өмнө Английн колони байсан. Иймд иргэд нь өөрсдийн хэлээр ярих ч, англиар дутахгүй ойлголцчихдог эелдэг, соёлтой хүмүүс байдаг.
Улс орны эдийн засгийн тухайд гэвэл маш ядуу оронд тооцогддог. Учир нь энд байгалийн баялаг гэдэг зүйл байхгүй. Тэдний амьжиргаа ихэвчлэн газар тариаланд тулгуурлана. Иргэд нь эрдэнэ шиш, чихэрлэг төмс зэргийг голчлон тарьж, зардаг. Зарим нэр төрлийн хүнсний, гэр ахуйн импортын бараа тун үнэтэй зарагддаг тул худалдан авах боломжтой хүн цөөн. Тэдний дундаж цалин 60-70 доллар. Иймд улсад олон улсын байгууллагуудаас ихээхэн дэмжлэг орж ирдэг.
-Дайн дажин, үймээн самууны хувьд хэр вэ. Ер нь амьдрахад ямархуу улс шиг санагдаж байна?
-Нэг талын гунигтай, нөгөө талын баяртай ч ч юм шиг санагддаг зүйл бий. Малави оронд ямар ч баялаг байхгүй. Ийм учир хүмүүс ийшээ шунаж ирдэггүй. Энд шунал байхгүй учир дайн дажин байхгүй. Иймд маш тайван байдалтай аж төрдөг. Африкийн хамгийн дулаан зүрхт улс гэж нэрлэдэг. Маш ядуу боловч эсрэгээрээ тайван, аз жаргалтай улс гэх үү дээ. Аюул харьцангуй бага орон. Мэдээж орой гэрэлгүй учраас ганцаараа явах үед дээрэм хулгай бий. Гэхдээ өдрийн цагаар явахад бусад орон шиг илт нэгнээ дээрэмдсэн зүйлс байдаггүй.
Дүрвэгсдийн камп, хөдөө жижигхэн тосгодуудаар явахад хүүхдүүдтэй их таарна. Хэдий өмсөх гутал, олигтой идэх зүйл байхгүй хүүхэд л болсон хойно тоох шинжгүй инээмсэглэн, хоорондоо тоглоцгоон аз жаргалтай байдаг.
-Таны ажлын онцлог юу вэ. Нэг газраа байршин ажилладаг уу эсвэл өөр өөр хот, тосгодуудад нь очиж эмчилгээ хийдэг үү. Мөн тухайн улсын амны эрүүл мэндийн талаар танилцуулна уу?
-Улсын эрүүл мэнд боловсон хүчнээсээ ихээхэн хамаарна. Энэхүү улс эрүүл мэндийн талдаа бага зэрэг хоцрогдмол. Албан ёсоор шүдний эмч мэргэжлээр хүмүүс төгсгөдөггүй. Харин шүдний эмчтэй төстэй гурван жилийн мэргэжлийн курсээр залуусыг сургадаг ч шүдний хамгийн энгийн эмчилгээ болох шүдний ломбо, шүд авах төдий боловсрол олгоно. Улам нарийн мэргэжлийн эмчилгээ заадаггүй. Энэ хэмжээгээр ихэнх хүмүүс шүд авахуулах л зорилготой эмнэлэг зорино. Иймд нүүр ам, шүдний эрүүл мэндийн салбарын хувьд бага зэрэг хоцрогдмол явж байна.
Гэвч саяхнаас Шотландын хөрөнгө оруулалттай таван жилийн сургаллтай шүдний эмч, мэргэжилтэн төгсгөх сургууль нээгдлээ. Удахгүй 2-3 жилийн дараа гэхэд анхны Малави улсын шүдний албан ёсны эмч нар төгсөнө.
Бидний хувьд манай багш энд хувийн эмнэлэг байгуулан үзлэг эмчилгээ хийж байна. Үүний хажуугаар сайн дурын үзлэг эмчилгээг дүрвэгсдийн камп, алслагдссн хөдөө орон нутагт очиж хийдэг. Мөн шүдний эмчээр суралцдаг оюутнуудад хичээл заана. Бидний алсын зорилго тухайн улсын сургуульд сургалтын эмнэлэг байгуулж, энгийн үйлчлүүлэгчдийг хүлээн авах, хажуугаар нь оюутнуудыг дадлагажуулах зорилготой. Миний хувьд энэ бүх ажилд туслах үүрэгтэй ажиллаж байна.
-Таныг монгол эмч гэхэд хэр хүлээж авдаг вэ. Ер нь манай улсын талаар мэддэг болов уу?
-Би тус улсад албан ёсны эмчилгээ хийх эрх авахаар улсын эмнэлэг дээр нь зургаан долоо хоногийн турш дадлагажигч хийсэн юм. Энэ хооронд хамт ажилладаг эмч нараасаа “Та нар Монгол Улсын талаар мэдэх үү, өмнө сонсож байсан уу” хэмээн асууж байсан. Тэгэхэд “Сонсож байсан, Азийн улс шүү дээ. Гэхдээ яг хаана байдгийг мэдэхгүй юм байна” гэж хэлж билээ. Зарим хүний хувьд нэрийг нь мэддэг Ази тивийнх гэдгийг мөн мэддэг юм билээ.
Би дүрвэгсдийн камп руу гурав дахь өдөр машинтай, харин хагассайнд эмнэлгийн ажилчдын хамт автобусанд явдаг. Тэр автобус нь манай микротой төстэй юм. Яг л монгол шиг. Жолоочтой бас мөнгө хураах кондуктортой. Тэд хүмүүсээ дүүргэж байж явна. Бараг л 30-40 минут хүлээнэ дээ. Автобусны буудал дээр очиход их олон хүнтэй таардаг. Би бараг ганцаараа л Ази царайтай хүн явж байдаг. Иймд их гайхаж зарим “Чина, Чина” хэмээн хэлдэг. Хятад хүн л гэж боддог байгаа юм.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 09.00 цагт ажил эхлэж өдрийн 16:00 цагт дуусна. Долоо хоногийн нэг дэх өдрөөс хагассайн хүртэл эмнэлэгтээ ажиллана. Миний хувьд гурав дахь, хагассайн өдрүүдэд дүрвэгсдийн камп руу очдог. Тус камп нь миний амьдран буй хотоос 40 км зайтай машинаар цаг орчим явж хүрдэг. Тэнд Конго, Бурунди, Рванда зээрг олон улсаас ирсэн хүмүүс бий. Нийт 50000 орчим дүрвэгсэд байдгийн 50 орчим хувь нь Конго улсынх. Эдгээр орны улс төрийн байдал тогтворгүйгээс иргэний дайн үүсч, улмаар дүрвэж ирсэн хүмүүс байдаг. Дүрвэгсдийн камп гэхээр яг л жижигхэн сум, тосгон юм шиг л санагддаг. Тэнд хоолны газар, тоглоомын газар бий гээд л хүний бүх хэрэгцээ цөм байдаг. Мөн НҮБ-ын хөрөнгө оруулсан дундын дүрвэгсдийн эмнэлэг гэж бий. Малавигийн эрүүл мэндийн яам үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг.
-Та энэхүү мэргэжлийг яагаад сонгосон бэ?
-Манай эмээ, ээж шүдний эмч хүн. Иймд эмнэлгийн салбарт багаасаа ойр өссөн. Ер нь шүдний эмч болсондоо их баяртай байдаг. Өөрийн сурч, мэдсэн зүйлээ ашиглан хүмүүст тус хүргэнэ гэдэг их том зүйл. Хүмүүст тусламж үзүүлэн өвчнийг нь эдгээж, баярлалаа гээд инээхэд нь их урам авдаг. Хүн ийм үед их сонин зүйл боддог юм билээ. Би өөр яаж болох вэ, өшөө энэ хүмүүст яаж туслах вэ гэж бодогддог юм билээ. Бараг тус авч байгаа хүнээсээ илүү их баяртай байгаа юм биш үү.
-Уншигчдад шүдний эрүүл мэндийн талаар зөвлөгөө мэдээлэл өгнө үү. Яагаад чухал вэ?
-Хүн амьдралын турш идэж, унтах хэмнэлээр оршдог. Хүн л болсон хойно амттай зүйл идэж, түүнээсээ кайф авахыг хүсдэг. Харин энэхүү кайфыг өгөгч гол зүйл нь шүд юм. Бид үүнийг эрүүл шүдтэй байгаадаа төдийлөн мэддэггүй. Шүдгүй бол хоол сайн идэж чадахгүй, буталж чадахгүй, энэ хэмжээгээр хүний аз жаргал буурна. Хүн хэчнээн сайн шүдээ угаасан ч нэг л өдөр шүдээ угаахгүй хоновол шүд болон буйлны завсар хоолны үлдэгдэл үүснэ, яваандаа энэ хуримтлагдан өнгөр, чулуу үүсгэдэг. Тэгэхээр урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна. Энэ нь 3-6 сард нэг удаа заавал мэргэлжийн хүнээр шүдээ цэвэрлүүлж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээрэй. Эрүүл шүдтэй байна гэдэг энгийн бүхнээс эхэлнэ.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Багшийнхаа шүдний сургуульд тусалж, шүдний үйлчилгээ авах боломжгүй олон хүмүүст очиж эмчилгээ хийх. Харин яваандаа Монголдоо очиж карьераа эхлүүлнэ. Өмнөд Солонгост сурсан зүйлсээ Монголд очиж хэрэглэнэ. Мөн олон залууст өөрийн сурсан мэдсэнээ түгээх хүсэлтэй.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж : http://itoim.mn/