“Баялаг бүтээгч”-ийн энэ удаагийн зочноор “Үлэмж цацраг” ХХК-ийн захирал Ж.Эрдэнэтэй ярилцлаа.
-Компаниа хэзээ байгуулж байсан бэ. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Оёдол эсгүүр, ноос ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр 2012 онд анх цехээ байгуулаад тасралтгүй гурван жил болж байна. Би өөрөө дулааны техникч мэргэжилтэй. Манай эхнэр анх санаачлаад энэ салбар луу орсон.
-Монголд ноос ноолууран бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд олон бий. Тэгвэл танай бүтээгдэхүүний онцлог, давуу тал юу вэ?
-Манайх өмдтэй хослолыг түлхүү хийхээс гадна үнэ хямд, чанартай гэж бодож байна.
-Дизайнаа хэрхэн гаргадаг вэ?
-Урьд нь үйлдвэрт ажиллаж байсан сүлжих залуучууд ажиллаж байна. Тэд нар загвараа гаргаад, сүлжээд явчихдаг юм. Ноос ноолууран хувцас чинь энгийн хувцасны оёдлоос хамаагүй өөр шүү дээ. Сүлжиж хийхээс гадна тойруулж, холбож оёдог. Маш нарийн ажиллагаа шаарддаг.
-Үйлдвэртээ хичнээн ажилтантай вэ?
-Сүлжмэлийн цехдээ 7-8 хүн ажилладаг. Мөн борлуулалт хариуцдаг 10-15 хүнийг улирал харгалзахгүй тогтмол ажлын байраар хангаж байгаа.
-Ноос ноолууран бүтээгдэхүүн амархан бөөгнөрч, чанар муутай хэрнээ маш үнэтэй гэж шүүмжилдэг. Танай бүтээгдэхүүн чанар болоод үнийн түвшинд ямар байна гэж үздэг вэ?
-Үнийн хувьд харьцангуй хямд гэж бодож байна. Бид зүгээр автомат машинаар бүгдийг оёчихдоггүй. Бүгдийг нь гараар нэг бүрчлэн оёдог. Чанарын хувьд ноолууран хувцас бага зэрэг бөөгнөрөх гээд байдаг тал бий. Харин ноосон бүтээгдэхүүний бөөгнөрөх нь харьцангуй бага байдгаас гадна үнэ ч хямд байдаг. Дээрээс нь гүйлгээ сайтай.
-Танайх түүхий эдээ 100 хувь дотоодоосоо хангаж чаддаг уу?
-Яг 100 хувь хангана гэхээр учир дутагдалтай болоод байгаа. Хувиар тооцвол 80 гаруй хувьтай байх шиг байна. Хэдийгээр “Говь”, “Гоёо”, “Сор” гэх мэт том үйлдвэрүүдээс бүтээгдэхүүнээ авдаг ч маш үнэтэй тусдаг. Тийм болохоор 2-3 жижиг аж ахуйн нэгжээс түүхий эдээ нийлүүлдэг.
-Танайх үйлдвэрлэлээ явуулаад гурван жил болж байгаа гэсэн. Тэгвэл энэ салбарт ажиллаж буй хүний хувьд салбарын зах зээл хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?
-Сүүлийн үед энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэлийн цехүүд олон болсон байна. Үүнийхээ хэрээр өрсөлдөөн ч ихэссэн. Ер нь загвар дизайн сайтай, үнэ хямд, чанартай бүтээгдэхүүн гаргаж байж шуурган дундаас амьд үлдэж чадна.
-Сүүлийн үед борлуулалт хэр байгаа вэ. Анх үйлдвэрлэлээ байгуулж эхлэхэд болон одоо үеийг харьцуулахад хэр өөрчлөлт гарсан байна вэ?
-Анх үйлдвэрлэлээ явуулж байхад харьцангуй борлуулалт сайн байсан. Харин сүүлийн үед муудаж байгаа. Энэ нь нэгдүгээрт, олон жижиг цехүүд гарч ирсэн, хоёрдугаарт эдийн засгийн хямралтай холбоотой байх. Энэ жилийн хувьд борлуулалт эрс багассан. Сар шинийн баяр болох гэж байгаа учир сүүлийн 10-аад хоног л гүйлгээ сайтай байна. Ер нь жилийн энэ үеэр л борлуулалт сайн байдаг. Харин 3-4 сард бараг борлуулалт байдаггүй.
-Тэгвэл энэ жил ямар бараа бүтээгдэхүүн гүйлгээ сайтай байгаа вэ?
-Энэ жил Хүннү захтай хувцас их борлуулалттай байгаа. Өнгөний хувьд улаан өнгө илүү эрэлттэй байна.
-Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том компаниуд энэ салбарын зах зээлд томоохон байр суурийг эзэлж байна. Тэгвэл эдгээр компанитай өрсөлдөхүйц хэмжээнд очихын тулд үйлдвэрлэлээ хэрхэн сайжруулах шаардлагатай вэ?
-Одоогийн байдлаар олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа том компаниудтай өрсөлдөнө гэхээсээ илүүтэйгээр бид технологио сайжруулах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, гар ажиллагаагаа автоматжуулах төлөвлөгөөтэй байна. Хэрэв ингэж чадвал загвар дизайн сайжирна, борлуулалт ихэснэ, үүнийгээ дагаад үнэ нь ч хямдарна.
Үнэнийг хэлэхэд бүх технологи автоматчилагдаж байхад гар технологи нь өөрөө учир дутагдалтай. Дээрээс нь манайд олон үйлдвэрлэгч бий боловч ерөнхий зах зээл нь жижиг болохоор өрсөлдөөн тийм ч их бий болж чадахгүй. Тийм болохоор бүрэн автомат технологитой болчихвол гадаад зах зээл рүү гарах боломж нь бүрдэнэ гэж үздэг.
-Энэ талаар судалж үзсэн үү?
-Одоохондоо гадаад руу гаргах бололцоог судалж үзээгүй. Харин бүрэн автомат технологи оруулж ирэх асуудлыг судалсан. Гэхдээ хөрөнгө санхүүгийн тал дээр багагүй бэрхшээл тулгарсан. Учир нь ийм технологи хамгийн муу нь багадаа 50 сая төгрөг байдаг. Тэгээд Герман, Орос, Япон улсын чанартай бүтээгдэхүүн нь 70-100 сая төгрөгийн үнэ ханштай болоод явчихаж байгаа юм.
-Төр засгаас явуулж буй жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл, тусламж авч байв уу?
-Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг. Гэхдээ бид түүнд нь хамрагдаж чадаагүй. Ямартай ч төсөл бичээд ир гэдэг юм билээ. Тэгээд бичээд ирэхээр дэмжигддэг ч юм уу үгүй ч юм уу. Дэмжигдээд явлаа гэхэд барьцааны хөрөнгөний асуудал гарч ирдэг. Ер нь банкны шалгуурыг л давж чаддаггүй асуудал үйлдвэрлэгч нар бүрт байдаг юм билээ.
Миний хувьд энэ чиглэлээр хөөцөлдөж байгаагүй ч бизнесийн чиглэлээр зээл авдаг. Бизнес зээл нь хүү өндөр, хугацаа богино учраас эргэлтийн хөрөнгө болж чаддаггүй сул талтай.
-Одоогоос 20 жилийн өмнө манайд хөнгөн үйлдвэрийн, боловсон хүчин сайн байсан. Харин одоо гаднын брэндүүдтэй өрсөлдөх туршлага, боловсон хүчин, чадварын хувьд хэр байна вэ?
-Боловсон хүчний хувьд их муудсан нь ажиглагддаг болсон. Манайд ажиллаж буй залуучууд бүгд өмч хувьчлал гаргахаас өмнө ажиллаж байсан эсвэл түүний дараагийн үеийн ажилчид байдаг. Өнөөдөр мэргэжлийн боловсон хүчинээр бэлтгэгдэж гардаг хүмүүс бий. Гэхдээ яг ажил дээр гарахаар гологддог. Ирж ажиллах нь ч ховор байдаг.
-Танай компанийн ирээдүйн зорилго юу вэ?
-Тоног төхөөрөмжөө сайжруулаад зөвхөн дотооддоо гэлтгүй гадаад зах зээл рүү гарах зорилт тавиад ажиллаж байна.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье
-Баярлалаа. Та бүхэнд ч бас амжилт хүсье