Орхон аймгийн Жаргалан сумд махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гахайн фермийг энэ удаагийн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлдөө онцолж байна. Бүрэн хүчин чадлаараа бол 400-500 гахай тэжээх боломжтой энэ фермийн хамгийн гол тулгамдаад буй асуудал нь гахайн хоол тэжээл гэнэ.“Бүрэн итгэмж” ХХК-ийн захирал Д.Баасанжавтай ярилцлаа.
Хэзээнээс гахайны ферм ажиллуулж эхэлсэн бэ?
Манайх 2013 оны наймдугаар сараас үхрийн фермийн суурин дээрээс гахайн махны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоо хэчнээн гахайтай вэ?
Анх 56 гахайтай үйл ажиллагаагаа эхэлж байсан.Одоо 140 гаруй гахайг махны чиглэлээр өсгөж үржүүлж байна. Нарны энерги сайн тусдаг, дулаахан орчин бүрдүүлэхийн тулд газраас доошоо ухаж байр бэлддэг. Зориулалтын өрөө тасалгаатай, зүлэгтэй гэх мэтчилэн стандартын дагуу байртай. Одоогоор манай ферм гурван байр ашиглалтад оруулаад байна.
Дунджаар хэчнээн тонн мах нийлүүлээд байгаа вэ?
Аймгийн хэмжээнд 4.5 тонн махыг нийлүүлээд байна.
Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зээлд хамрагдсан уу?
Манайх жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихсангаас 20 сая төгрөг,Баян-Өндөр сумын сангаас 80 сая төгрөг зээлж, үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнийгээ гахайн фермд юу хэрэгтэй байдаг, бүгдэд нь зарцуулж ашигласан. Жишээ нь, гахай нядлах байр хүртэл зориулалтынх байх хэрэгтэй. Тийм учраас фермээ улам илүү өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн гахайн хоол болох будаа тариагаа байрлуулах байраа саяхнаас бүрэн ашиглалтад оруулчихсан байгаа. Халаалтаа шийдэхийн тулд жижиг оврын зуух, гэрэлтүүлгийн ажил хийж байна.Ингэснээр махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа фермийн хувьд гахайны таргалалтад сайнаар нөлөөлдөг.
Ариун цэвэр, эрүүл ахуйн тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
Мэдээж ариун цэврээ хангахын тулд маш идэвхтэй ажиллаж байдаг. Фермийн хоёр суурин ажилтан маань гахайнууддаа оройдоо хоолоо өгөөд, өглөө бүх байраа цэвэрлэдэг.Байраа цэвэрлэж дуусаад өглөө бүр доор нь сүрэл дэвсэж өгдөг. Мөн эмч нар ирж ариутгал хийж, бүх гахай, тооройнуудад ариутгалын тариа тарьдаг.
Та бүхэнд улсаас болоод орон нутгийн зүгээс ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байдаг вэ?
Улсаас хамгийн гол анхаарах зүйл гэвэл гахайн тэжээл. Бидний хувьд орон нутгийн тариа будааны үйлдвэрүүдээс үлдэгдэл, хаягдлыг нь авдаг. Тиймээс цаашдаа аж ахуйн нэгжүүдийг судалж, хоол тэжээлийн тал дээр улсаас анхаарлаа хандуулаад өгвөл их сайн байна. Учир нь тариа будааг зарим жил өнжиж хураадаг, мөн заримдаа тариа будааны ургац муу жилгахайнууд маань хоол тэжээлийн хомсдолд орох магадлалтай.
Гахай өсөж томрох тусам хоол тэжээл нь их болно. Тиймээс гахайн хоол тэжээлийн нийлүүлэлтийн тал дээр бусад байгууллагауудтай холбож өгөх чиглэлээр тодорхой ажил хэрэгжүүлээсэй л гэж нэн түрүүнд хэлмээр байна.
Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадаж байна уу?
Хэрвээ дээр хэлсэнчлэн биднийг сайн дэмжээд өгвөл яг бүрэн хүчин чадлаараа буюу 400-500 гахай тэжээх боломжтой. Одоогоор гахайн зарим байр барих ажил бэлтгэл шатандаа явж байгаа учраас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй байгаа.
Гахай ер нь хэр үр шимээ өгдөг амьтан бэ?
Зөв, стандартын дагуу тэжээж чадах юм бол үр шимээ сайн өгдөг. Эрүүл ахуйг нь сайн хангаад, тэжээлийг нь сайн өгөөд байвал ер нь үр шимтэй амьтан. Хамгийн гол нь хоол, тэжээл л гол асуудал болоод байна даа.
Борлуулалтаа хэрхэн шийдэж байна?
Өөрсдийнхөө бололцооны хэрээр л нийлүүлж байна даа. Хаана, ямар газар гахайны мах авна гэж захиалга өгнө, тэр газар нь л нийлүүлдэг.
Ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу?
Бүх байраа ашиглалтад оруулаад, фермээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаад ирвэл улс орон, орон нутагт маш их үр шимээ өгч, үйл ажиллагаа маань ч улам өргөжих болно.