МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаад ААН, иргэд бухимдалтай байгаа. МҮЭХ-оос суулт хийж, цахимаар цуглаан хийлээ. Үр дүн яаж гарав, ЗГ-т яаж нөлөөлж байна?
– 2017 онд шийдвэр гаргахдаа төсөв алдагдалтай байгаагаас төсвийн алдагдлыг хаахын тулд шимтгэл нэмье гэх байдлаар нэмэх шийдвэр гаргасан. Үүнээс эхэлж Үйлдвэрчний эвлэл тэмцсэн. Тэтгэврийн насыг шууд 60, 65 нас болгож долоон төрлийн татвар нэмсэн. Яагаад ингэж байгаа юм гэхээр ОУВС-аас ийм арга хэмжээ ав гэсэн гээд үндсэндээ манай улс сангийн яамыг ОУВС-д өгчихсөн шүү дээ. Ингээд 2018 онд нэг хувь, 2019 хувь 0,5 хувь нэмлээ. 2019 оны 11-р сард төсөв батлагддаг өдөр бид их хурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гурвууланд нь шаардлага хүргүүлсэн. Тухайн үед ерөнхийлөгч хориг тавьснаар хүлээж аваад 2020 онд хэрэгжихээргүй болсон ч 2021 оны нэгдүгээр сараас хэрэгжих болгосон юм билээ. Тэгээд л энэ оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, уул уурхайн салбар, төсөв, олон улсаас ямар нэг байдлаар санхүүждэг 400 мянга орчим хүн төлөөд явж байгаа. 36 хувь гээд байгаа хүн хувь хүний орлогын албан татвар бас нэмэгдэж байгаа. Сая төгрөгийн цалин авлаа гэхэд 360 мянгыг нь аваад явчиж байгаа юм.
–Нийгмийн даатгалын сангийн мөнгөн дээр нийгмийн даатгалын зөвлөл хяналт тавьдаг биздээ. Олон нийтийн хяналт байгаа юу?
-Нийгмийн даатгал, ЭМД-ын үндэсний зөвлөлд хэн байдаг вэ гэхээр улс төрчид, түүний тойрон хүрээлэгчид байдаг. Капитал банкны сонирхолтой хүн аль болох нэг хүнээ оруулахыг бодно шүүдээ. Тэгж байж тэр мөнгийг өөрийн банкаар байршуулна. Банкууд их булаацалддаг юм билээ. Учир нь маш тогтвортой эх үүсвэр, нэг дор их хэмжээний. Ямар ч компани ААН нэг дор 200 тэрбум төгрөг хадгалж чадахгүй шүү дээ. Тэгэхээр үеийн үед энэ мөнгөнд ашиг сонирхолтой хүн явцуу сонирхлоор орж ирж байсан. Жишээ нь зөвлөлийн нэг гишүүн УИХ-ын дарга байсан С.Дэмбэрэл байх жишээтэй. Би түүний туршлага, ур чадварт эргэлзэхгүй. Гэхдээ та яг аль даатгуулагчийг төлөөлж байгаа юм бэ гэхээр тэр хүн Төрийн өмчийн хороон даргын зөвлөхөөр ороод ирж байгаа юм. Энэ яаж байна гэхээр Байнгын хороогоор лоббидож байгаад ороод ирж байгаа юм. Дахиад нэг сонирхолтой хүн байгаа. ЭМЯ-ны газрын даргаар ажиллаж байсан хүн ДБ-ны төслийн ажилтан гээд ороод ирж байгаа юм. Тэртэй тэргүй зөвлөлийн 9 хүний гурав нь сайд байдаг. Үндсэндээ 9 хүний 5 нь яг эрх барьж байгаа хүний төлөөлөл болоод ороод ирж байгаа юм. Гэтэл даатгуулагчаа төлөөлж байсан ҮЭ-ийн гурван хүний хоёрыг хасаад одоо нэг л хүн байгаа. Ажил олгогч нарын төлөөлөл гэж бас л хэн нэг улс төрчийн төлөөний хүн тавьчихаж байгаа юм.
-Иргэд татвараа төлж ирсэн, цаашид ч төлнө. Гагцхүү нэмэгдээд байгаа татвар, НДШ хадгалж байсан банк нь дампуураад тэр мөнгө салхинд хийсэхээр хэн дахиж итгэх вэ. Нөгөө талаар цар тахалтай үед НДШ нэмж байгаа нь цагаа олоогүй гэж ихэнх нь дургүй байна ?
–Зовлон нийгмийн институцийг нэгтгэж, илүү хянамгай байхыг хүсч байна. Чи өөрөө оролцохгүй бол хэн нэгэн чиний өмнөөс шийдээд, чиний эрх ашгийг хөндөнө гэдгийг цаг хугацаа харууллаа. Өнөөдөр юун хоёр хувь нэмэх байтугай 200 төгрөгөөр маскаа авч зүүх нь иргэдэд хэрэгтэй байна. Тогтолцооны хувьд өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд гол оролцоотой хоёр институц илүү хүчтэй ажиллах хэрэгтэй байна.
–Одоо татвар шимтгэл төлөх нь байтугай бэлтгэж ирсэн ажилтнаа хадгалж авч үлдэхийн төлөөх өрсөлдөөн л байна шүү дээ. Ялангуяа эдийн засаг доголдсон энэ цаг үед?
–Аялал жуулчлалын салбараас эхлээд худалдаа үйлчилгээ гээд бүгд цохилт амссан. Тэдний хувьд үнэндээ юун татвар шимтгэл төлөх, өнөөдөртөө ажилтнууддаа цалинг нь өгөх юмсан л гэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн эдийн засагт ийм том цохилт авч байсан түүх байхгүй. Үүнийг үйлдвэрчний эвлэл, төр засаг, ажил олгогч нар нь ч хүлээн зөвшөөрч байна. Энэ үед татвар нэмнэ гэж байж таарахгүй. Манай орны хувьд аваад үзвэл ААН, иргэд нь тийм өндөр орлоготой улс биш шүү дээ. Ядаж 2-3 сараа даах хэмжээний хадгаламжтай улс ч биш. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байна гээд байдаг. Үнэхээр алдагдалтай байгаа юм уу гэхээр бидний өмнө төлсөн мөнгө 200-300 тэрбумаар нэг банкинд байршиж байгаад дампуурчихсан байдаг. Тэрийгээ авъя гэхээр Капитал банкны эрх хүлээн авагч огт хариу өгдөггүй. Гэтэл эрх хүлээн авагч энэ мөнгө бол төрийн мөнгө гэсэн. Гэтэл даатгуулагчийн мөнгө болохоос төрийн мөнгө биш шүү дээ.
Гэтэл 234 тэрбум төгрөгөөс нэг тэрбум төгрөг ч барагдуулаагүй байгаа юм. Зөвхөн хүүг нь тооцоод үзвэл 14 хувиар хадгалж байсан гэхээр 70 тэрбум төгрөг алдсан юм билээ.
Энэ мөнгө бол даатгуулагчдын мөнгө гээд бид шүүхдэлцсэн. Барагдуулахгүй удаж байгаа нь төрийн байгууллага хоорондоо хуйвалдаад, нэг нь нөгөөдөө чөдөр тавиад, банкнаас мөнгө хувааж авсан хүний ашиг сонирхол тэнд илүү хүчтэй байна гэж харж байгаа. Өөр банкуудтай холбоотой мэдээлэл ч гарч ирж байгаа. Сангийн хөрөнгүүд өөр өөр банк дээр байршаад эргүүлж өгөхгүй байгаа сураг дуулдсан. Иймээс Монголбанкны ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн байгаа. Капитал банк дампуураад хоёр жил болж байхад нэг тэрбум төгрөг ч төлөөгүй хариуцлагыг хэн хүлээх вэ. Өнгөрсөн жилийн байдлаар 300, 300 гээд 600 сая төгрөг барагдуулсан байна лээ. АТГ, хөрөнгийг нь битүүмжлээд хөдлөхгүй байна шдээ. Иймээс холбогдох яам, тамгын газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд байж байгаад нээлттэй ил тод сонсгол хиймээр байна. Энэ мөнгийг яагаад барагдуулдаггүй юм. Шаардмаар байна. Явж явж газрын дарга хэн нэг хүнээс хариу ирэх юм. Ил тод, нээлттэй болж байж дараагийн хулгай хийх хүмүүст сургамж болох ёстой. Үүнд их хурлын дарга өөрөө ороосой гэж бодож байна.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвал: https://mass.mn/