Онцгой нөхцөл байдлын хүрээнд нийтийн хөл хорионы шийдвэрийн дагуу зогссон хугацааны зээлийн хүүг төр даах боломж байна уу. Банкууд ч гэсэн аж ахуйн нэгж тул дангаараа энэ зардлыг даах боломжгүй, хадгаламжийн хүү зогсохгүй тул зээлийн хүү зогсох нь банкууддаа эрсдэлд учруулна. Энэ үеийн эрсдэлийг төр дааж энэхүү хугацааны зээлийг хүүг Засгийн газар банкуудад төлөх боломж байгаа юу гэдэг асуултыг ААН-үүд төрд тавьж буй.
Учир нь ААН-ийн 72 хувь нь бизнесийн зээлтэй бөгөөд хэмжээгээр нь ангилбал 16 хувь нь 50 хүртэлх сая төгрөг, 24 хувь нь 50-100 сая, 31 хувь нь 100-500 сая, 20 хувь нь 1 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зээлтэй байна.
Тиймээс татвар НӨАТ, НДШ, зээлийн эргэн төлөлт, хүү, түрээсийг хөнгөлөх, ААН-ийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг чөлөөлөх зэрэг төрийн бодит дэмжлэгийг хүсч байна. Энэ талаарх бизнес эрхлэгчдийн байр суурийг сонслоо.
Үл хөдлөх хөрөнгө /ҮХХ/зуучлалын “UA Properties” компанийн захирал А.УРАНГОО: Барилгын зээлийн хүүг тэглэх зохицуулалт хийх шаардлагатай
-Хөл хорио тогтоосон болохоор манай салбар УОК-ын шийдвэрийн дагуу үйл ажиллагаагаа зогсоосон. Ихэнх хөрөнгө оруулсан төслүүд хүүгийн хохирол амсч байна. Оны эхнээс хөрөнгө оруулалтаа зогсоосон гэж үзвэл өмнөх жилд хөрөнгө оруулсан төслүүд бүтэн жилийн хүүгийн алдагдалд хүрээд байна. ҮХХ зуучлалын салбар талаасаа бол өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүн зарж борлуулах, мэдээлэл дамжуулах үйлчилгээ. Оны 8-12 сар бол бидний хувьд борлуулалт өндөртэй сарууд байдаг. Байгууллагын маань хувьд анх байгуулагдсан цагаасаа эрсдэлийн сан үүсгэж эхэлсэн болохоор бид бодлогынхоо хувьд алдагдалтай зүйл бол гарсангүй, харин борлуулалтын орлогоороо цалинждаг агентуудын хувьд хүнд тусч байгаа байх. Бид энэ сарын цалингаа тавьсан, сүүлийн хагаст бол ажилтан болгондоо сарын хүнсээ базаах Имарт-ын бэлгийн карт илгээсэн. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид бид шаардлагатай барилгын төслүүдийг санхүүжүүлээд, заримыг нь худалдаж аваад явдаг. Санхүүжүүлж буй төслүүд маань ихэнх нь банкны зээлтэй холбогдсон байдаг. Барилгын салбар өөрөө чамгүй хөрөнгө шаарддаг болохоор зээлийн хүүг болон ажилчдын цалингийн татварыг тэглэх зэрэг зохицуулалт хийх шаардлагатай. Ингэснээр компаниудын алдагдлыг дунджаар 15 хувиар багасгах шийдвэр болно.