“ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ УЛМААС БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДАМПУУРАХАД ХҮРЛЭЭ”
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож байгаа. Зээл эзэндээ хүрч чадаж байгаа юу?
-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээлийг гуравдугаар сарын 10-наас олгож эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл нийт 5525 зээлдэгчид 369.3 тэрбум төгрөгийн зээлийг олгосон гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Үүнээс 193 тэрбум төгрөгийн 814 зээлийг аж ахуйн нэгж, 176.3 тэрбум төгрөгийн 4711 зээлийг иргэнд олгожээ. 2021 оны байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 94 мянган аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь нь 1-10 хүртэлх ажилчинтай бичил үйлдвэрлэл эрхлэгч байна. Зээлийн шалгуур, нөхцөл байдлаас харахад 1-10 хүртэлх ажилчинтай компани тус зээлд хамрагдах магадлал бага. Тиймээс зээл авсан аж ахуйн нэгжүүдийн тоо хангалтгүй байна гэж би хувьдаа харсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гээд зөвхөн үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжид зээл олгосон бол илүү хүсэн хүлээсэн үр дүн гарах байлаа. Ажлын байрыг дэмжих зээл гэж явж байгаа учраас өргөн хүрээнд олгоод байна. 2020 онд ковид-19 халдвар гарч, хоёр удаагийн хөл хорио тогтоосон. 2021 онд одоогийн байдлаар мөн хоёр дахь удаагаа хатуу хөл хорио тогтоогоод байна. Хөл хорионы хугацаанд 13-18 салбарын үйл ажиллагаа нээлттэй явагдаж, бусад салбар хаагдсан. Тиймээс хаагдсан салбарын борлуулалт зогссон. Үйл ажиллагаа доголдсон. Эдгээр шалтгаанаар аж ахуйн нэгжээс илүү иргэнд зээл олгоход шалгуурт нийцэж байна. Төрийн оролцоотой банкууд төрд байгаа мэдээллийг ашиглан өөрсдийнхөө институцээр дамжуулж зээл олгох нь олон улсад түгээмэл байдаг. Монголд эсрэгээрээ хувийн арилжааны банкуудын оролцоо өндөр байна. Жишээлбэл, нийт зээлдэгчийн 30 гаруй хувийнх нь зээл ХААН банкаар дамжсан. Дараагийн дугаарт Төрийн банк гээд цуваа үргэлжилж байна.
-Аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Зээлийн шалгуур өндөр байна, хөл хорионы үед үйл ажиллагаа зогссон байхад орлогод шалгуур тавьж байна” гэсэн гомдлыг хэлж байгаа. Зээлийн шалгуурт ямар асуудал байна вэ?
-Орон нутагт зээл авч байгаа аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгийн үнэлгээний асуудал зээл авахад нь хязгаарлалт болж байна. Улаанбаатар хотын “А” бүсийн үнэлгээ, аль нэг аймгийн “А” бүсийн үнэлгээ харьцуулшгүй ялгаатай гардаг. Тиймээс барьцаа хөрөнгийн үнэлгээг хот, хөдөөгүй жигд болгох хэрэгтэй байна. Засгийн газраас аж ахуйн нэгжид “НӨАТ төлөгч байх” гэсэн ганц шаардлага тавьсан боловч банк өөрийн шалгуураар зээл олгож байгаа тул хөл хорионы улмаас доголдсон аж ахуйн нэгжүүд борлуулалтын орлогоос шалтгаалаад зээл авч чадахгүй байна. Түүнчлэн өмнө нь ямар нэг зээлтэй байсан аж ахуйн нэгж гурван хувийн хүүтэй зээлийг авах гэхээр Зээлийн батлан даалтын сангаар орох боломжгүй гэсэн зохицуулалт асуудалтай. Хугацааны хувьд 2021 он дуустал энэ зээлийг олгоно гэж байгаа.
-Аж ахуйн нэгжид сүүлийн 12 сар тасралтгүй тухайн бизнесийг эрхэлсэн туршлагатай байх шалгуур тавьж байгаа. Хөл хорионд орсон аж ахуйн нэгж энэ шалгуурыг хангаж чадахгүй шүү дээ?
-Энэ шаардлагын утга нь орлогыг баталгаажуулах биш тухайн аж ахуйн нэгжийн тэр чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байсан туршлагыг баталгаажуулах гэж банкуудын зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр аж ахуйн нэгж байгуулаад уг зээлийг авах хүсэлт гаргаж байна уу, зориулалтын дагуу ашиглах нөхцөл бүрдсэн байна уу гэдгийг нягтлах зорилгоор байх ёстой шалгуур гэж үзсэн.
-Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын хувьд нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа цар тахлын үед үйлдвэрлэлээ жигд явуулахын тулд зээл авах хэрэгцээ их байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийн төчнөөн хувь нь зээлтэй гэсэн судалгаа байдаг уу?
-Цар тахлын үед жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бусад салбараас илүүтэй анхаарч, судалгаанд суурилсан бодлого, шийдвэрээр дэмжих нь шинээр ажлын байр бий болгох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ач холбогдолтой. Тус салбар нь хамгийн ихээр ажлын байрыг бий болгодог гэдэг утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөө үзүүлдэг. Салбарын зогсолт нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд ч шууд нөлөөлж болзошгүй байдаг. Үүнд жишээ болгоод хэлэхэд хөгжиж буй орнуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дангаараа бүрдүүлдэг гэсэн Дэлхийн банкны судалгаа бий. Монголд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 73.9 хувь нь ямар нэг зээлтэй байна. Тэдгээрийн 52.8 хувь нь арилжааны банкны буюу бизнесийн зээлтэй, 29.8 хувь нь ББСБ-ын зээлтэй, 28 хувь нь ломбардны зээлтэй, 23.8 хувь нь түүхий эд, материалын зээлтэй байна. Зээлийн төрөл, эзлэх хувь хэмжээнээс нь харвал ЖДҮ эрхлэгчдийн дийлэнх нь давхар зээлтэй байдаг. Хатуу хөл хорионы үед борлуулалт тасалдах, бэлэн мөнгөний нөөцгүй болох, ажлын байраа хадгалах, цалин тавих, зээлээ төлөх, эргэлтийн хөрөнгөгүй байх, түүхий эд, бараа материалын хомсдолд орох зэрэг томоохон сорилт бэрхшээл хамгийн ихээр тулгарч байна. Тиймээс ЖДҮ эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг шийдэхэд бага хүүтэй зээл үнэхээр хэрэгтэй.
-Зээлийн зарцуулалт, зээл авч байгаа аж ахуйн нэгжийн чиглэл, зориулалт ихэвчлэн аль салбарт юунд чиглэж байгаа бол?
-Ажлын байрыг дэмжих зээлийн зориулалт нь цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг хадгалж үлдээх, бусад эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг нь санхүүжүүлэх зорилготой. Тус зээлийг эдийн засгийн салбараар нь нарийвчлан гаргасан судалгаа одоогоор алга. Харин Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд аж ахуйн нэгжүүдийн зүгээс “Худалдаа үйлчилгээний салбарт ихэнх зээл гарч байна” гэсэн гомдол саналыг ирүүлж байна. 2021 оны эхний улиралд Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 58 хувь буюу 677 мянга орчим хүн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 80.7 хувь нь худалдаа үйлчилгээний салбарт байгаа тооцоо гарсан. Энэ тооноос харахад худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүс зээлд хамрагдах магадлал яах аргагүй их байна. Тиймээс баялаг бүтээж буй үйлдвэрлэлийн салбарт зээл олдохгүй байна гэсэн гомдол холбоонд олноороо ирж байгаа.
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд бүртгэлтэй аж ахуйн нэгж хэд байгаа вэ?
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 21 аймаг, есөн дүүрэгт гишүүнчлэлтэй.
-Цар тахлын нөхцөл байдал хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Энэ нь баялаг бүтээгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 2020 оны арванхоёрдугаар сард цар тахал жижиг, дунд үйлдвэрлэгчид хэрхэн нөлөөлж байгааг судалсан. Судалгаанд оролцсон 2000 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн 98.6 хувь нь “Ковид-19 цар тахал бидний бизнест хүндээр нөлөөлж, олон сорилт бэрхшээлийг үүсгэсэн” гэж үзсэн. Ялангуяа хатуу хөл хорионы үед хувиараа хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа болон үйлчилгээ, хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, боловсрол, соёл урлаг, дотоодын тээвэр, гадаад худалдааны салбарт ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогссон. Хоёр ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа бүрэн зогсоож, гурван ЖДҮ эрхлэгч тутмын нэг нь хязгаарлагдмал хүрээнд үйл ажиллагаа явуулсан байна. Хатуу хөл хорионы үед үйлчилгээ, барилга, зам, дэд бүтэц, хүнсний бус боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбаруудыг бусад салбартай харьцуулахад бүрэн зогсолт хийсэн хувь хэмжээ нь өндөр байсан. Тиймээс эдгээр салбарын аж ахуйн нэгжүүдээс дампуурсан нь нэлээд байгаа.
-Ковид-19 халдварын тоо төдийлөн буурахгүй байгаа учраас ЭМЯ-наас хөл хориог сунгах хүсэлт өгсөн. Ер нь цаашдаа хөл хорио үргэлжилсээр байвал жижиг, дундын салбарын нөхцөл байдал яаж хүндрэх бол?
-Бизнесийн хувьд ямар ч хугацаанд байсан зогсох нь өөрөө хүндрэлтэй. Монгол Улсад уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын зогсолтгүй байдал чухал боловч жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар хамгийн олон ажлын байрыг хадгалдаг учраас хатуу хөл хорионд удаан байх нь үнэхээр хохиролтой. Хатуу хөл хориог сунгана гэвэл маш үр дүнтэй байлгах хэрэгтэй. Вакцинжуулалттай уялдуулах хэрэгтэй. Үр дүнгүй хатуу хөл хорио нь бизнесийн үйл ажиллагаа, орлого, хүмүүсийн амьдралд өдөр өдрөөр ч нөлөөлнө. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг хориглохгүй гэвэл хатуу хөл хорионы үед ч халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиад ажиллах боломжтой. Одоо бол хүнсний чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн салбараас бусад бүх салбарт ажлын байрыг урт хугацаанд хадгалах боломж хомс болсон. Ажлын байраа цөөлсөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ажилчдаа дийлэнх тохиолдолд тодорхойгүй хугацаагаар цалингүй амраасан. Цаашид ажилгүй болсон хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ковид-19 цар тахал дэгдэж, онцгой нөхцөл байдалд шилжсэн цагаас хойш жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд 9065 ажлын байрыг ямар нэг байдлаар цөөлсөн нь хөл хорионы нөлөөллийг харуулах нэг л жишээ.
-Та түрүүнд “Баялаг бүтээж буй үйлдвэрлэлийн салбарт зээл олдохгүй байна гэсэн гомдол аж ахуйн нэгжүүдээс нэлээд ирж байна” гэж хэлсэн. Зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчдэд хүргэхийн тулд хамгийн түрүүнд ямар зохицуулалт хийх хэрэгтэй вэ?
-Банкууд болон төрөөс аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь бичил, жижиг, дунд бизнес эрхэлж байна. Үүн дотроо худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарт хэдэн хувь нь бизнес эрхэлж байгаа зэргийг эхлээд судлах ёстой. Бизнес эрхлэгчдээ мэддэг байж ямар зээл олговол үр дүнтэй нь гарна. Судалгаанд тулгуурлаж зээлээ олговол илүү үр дүнтэй гэж бодож байна. Европын улсуудад үйлдвэрлэлийн салбар нь худалдаа, үйлчилгээний салбараас илүү эдийн засагт үзүүлэх хувь нэмэр, тархац өндөр байдаг бол Монголд эсрэгээрээ үйлдвэрлэлийн салбар нь нийт эдийн засгийн зөвхөн 8.7 хувийг эзэлдэг. Үлдсэн хувийг худалдаа, үйлчилгээний салбар эзэлж байгааг анхаарах хэрэгтэй.