“ЖДҮ 2 ИХ НАЯД” ярилцлагын нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Үр минь” хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч “Эхийн сэтгэлээр урлав” ХХК-ийн захирал А.Уянга оролцлоо.
- Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Бизнесээ эхлэх санаа хэрхэн төрж байв?
- Сайн байна уу. Намайг А. Уянга гэдэг. “Эхийн сэтгэлээр урлав” ХХК буюу “Үр минь” хүүхдийн хувцасны брэндийг үүсгэн байгуулагч. Би 7 сартайгаас 4 настай гурван хүүтэй. Анх хүүхдүүддээ зориулж энэхүү бизнест хөл тавьж байлаа. Манай бүтээгдэхүүний онцлог нь энгийн хүүхдийн хувцас төрөл бүрээрээ зах зээлд борлуулагддаг. Харин бидний үйлдвэрлэдэг хүүхдийн хувцасан дээрээ калиграфаар гараараа бичдэг. Жишээлбэл “Аав, ээжийн ханхүү”, “Би хайраас төрсөн” гэх мэт үгийг бичнэ. Хэрэв эцэг, эхчүүд хүсэхийн бол хүүхдийнх нь нэр, төрсөн он,сар, өдрийг бичиж өгдөг. Үндэстэн бүр өөрсдийн гэсэн сэтгэл хөдлөл, бодолтой байдаг шүү дээ. Монгол хүний ойлгодог мэдрэмжийг гаднын хүн ойлгодоггүй. Тиймээс үр хүүхдээ хараад төрж байсан нандин мэдрэмжүүдийг хувцасаар илэрхийлэхийг хүссэн. Ингэснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгох, дараа нь аз жаргалтай гэр бүлийн дурсамж тухайн хүүхдэд том болоход нь үлдээсэй гэсэн хүсэл эрмэлзлэлээр бизнзсээ эхлүүлсэн. Үүсгэн байгуулагдаад 4 жил, хөрөнгө оруулалт аваад, компаниар үйл ажиллагаа явуулаад 2 жил болж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг үндсэн ес, гэрээт дөрвөн ажилтан гээд нийт 13 хүн ажилладаг.
- Танай компани төрөөс олгож байгаа 500 сая хүртэлх зээлийг авах боломжтой юм байна. Импортоор хүүхдийн хувцас их орж ирдэг. Захиалгаар хувцасаа үйлдвэрлэдэг үү? Борлуулалтаа хэрхэн хийдэг вэ?
- Тийм ээ. Бүтээгдэхүүнээ масс-д зориулсан болон захиалгаар үйлдвэрлэдэг. Хувцаснуудаа И-Март, Шангри-Ла дэлгүүрийн гэрээт салбаруудаар борлуулдаг. Мөн үнэгүй хүргэж өгдөг. Захиалгаар авсан тохиолдолд хүссэн үгээ бичүүлж авах боломжтой. Бид урд хөршөөс өртгөөрөө хямдхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байхгүй. Нэгдүгээрт, хятадад түүхий эдээ өөрсдөө хийдэг. Бид хямд үнээрээ хятадыг гүйцэхгүй юм бол илүү чанартай, сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн зарчим дээр ажиллаж байна. Сав, баглаа, боодлоо дотоодын компаниар хийлгэдэг.
- Хоёр жилийн хугацаанд дэлхий нийтийг аюулт цар тахалж нөмөрч, сүүлийн жилд нь вакцин гарч, улс орнууд эдийн засагтайгаа тэмцэж эхэллээ. Монгол улсад үндэсний үйлдвэрлэл хөгжөөгүйн горыг амссан. Харин үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоочихгүй, ажлын байраа цомхотгохгүйн тулд чармайж байна. Энэ хүнд цагт үед танай байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?
- 2020 оны 11 дүгээр сар хүртэл борлуулалт өсөлттэй байсан. Ковид гарсанаас хойш бүтээгдэхүүнийхээ үнийг бага зэрэг бууруулаад цөөн ажиллах хүчээр, илүү чармайлттай ажилласан. Тухайн үед тодорхой хэмжээний НД болон татварын өртэй байсан учир данснуудыг маань хааж, татвар нь татаад авчихсан. Дансаа хоослуулсны дараахан нь хөл хорио тогтоосон. Гэтэл ажилчиддаа 50 хувийн цалинг нь олгох ёстой байдаг. Мөн түрээслэгчид түрээсээ хөнгөлөөгүй. Ингэснээр олон сарын түрээсийн өр төлбөр, ажилчдынхаа 50 хувийн цалинг тавих үүрэгтэй болсон. Ямар ч эргэлтийн хөрөнгө, мөнгөгүй болж, хамаг байдаг зүйлээ тавьсан даа. Харин хөл хорио тавигдсаны дараа хүүхдийн амны хаалт үйлдвэрлэсэн. Үнэ хямд, мөнгө нь бөөнөөрөө орж ирдэг үйлдвэрлэлийн туршилтууд хийгээд сөхөрчилгүй даваад гарсан даа.
- Үйлдвэрлэл явуулахад ямар асуудал, бэрхшээл тулгарч байна?
- Манай компанид 13 хүн ажилладагаас гадна гэртээ байгаа эмээ, ээж нарыг орлоготой байлгыхан тулд оймс нэхүүлж, жижиг тоглоом хийлгэдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийг хамруулсан ажил хийж байсан. Цаашид илүү өргөжүүлэх бодолтой. Бидний хувьд үйлдвэрлэл явуулахад хамгийн их тулгамдсан асуудал нь үйлдвэрлэл өөрөө шат дамжилгатай. Борлуулах бүтээгдэхүүний нөөцгүй болсон. Банкны зээлийн хүү буураагүй. Эргэн төлөлтүүд ч хойшлоогүй гэх мэт асуудлууд байсан тул нилээн алдагдалтай ажилласан. Одоо гурван хувийн зээлийг ашиглаад өргөжье гэхээр банкуудад тодорхой шаардлагууд бий. Одоо байгаа бэлэн бараа бүтээгдэхүүний хоёр нугалсан хэмжээгээр зээлийн хэмжээг тодорхойлно гэсэн. Үнэхээр бараа материал ихтэй байсан бол яах гэж зээл авах уу. Бүтээгдэхүүнээ борлуулна. Зээл авах шаардлагагүй. Бараа, материалын дутагдалд орсон учир эргэлтийн хөрөнгөө шийдүүлэх гэж зээл хүсч байгаа. Энэ шаардлага бол утгагүй. Мөн 10 хувиас илүү өсөлтийг дэмждэггүй гэдэг шалтгаанаар борлуулалтыг бага тавьж нөгөө талдаа зээлээ төлж чадахгүй гэж харагдана.
Үнэхээр бараа материал ихтэй байсан бол яах гэж зээл авах уу. Бүтээгдэхүүнээ борлуулна. Зээл авах шаардлагагүй
- Арван хувь гэдгийг тодруулахгүй юу?
- Жишээлбэл, энэ жил би 100 сая төгрөгийн борлуулттай байвал 2021 оны төсөөллийг 110 сая болгож болохгүй л гэсэн үг. Энэ гурван хувийн зээлийн шаардлагуудыг харахаар хэн авах боломжтой байгаа вэ гэхээр бэлэн бүтээгдэхүүнтэй хүмүүс. Жишээ нь хүнсний үйлдвэр. Ковидын үед хүнсний үйлдвэрүүд хамгийн ашигтай ажилласан. Тэгэхээр тэдэнд зээл хэрэггүй байхгүй юу.
- Гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг хэзээнээс хөөцөлдөв. Ямар асуудал тулгарсан бэ?
- Гуравдугаар сарын 15-нд гурван хувийн зээл олгох дотоод журам батлагдаж, дээр хэлсэнчлэн бэлэн бараа материалыг хоёр дахин нугалсантай тэнцүү хэмжээг тодорхойлно гэсэн шаардлага орж ирсэн. Энд үндэслээд зээлийн хүсэж байсан хэмжээгээ бууруулж өгсөн. Бууруулаад өгтөл авсан. Журамд зааснаар ажлын 10 хоногт шийдсэн байх ёстой гэсэн үндсэн заалттай. Арав хоногийн дараа зээлийн талаар хариугаа хүсэхэд “судалгаанд тавигдсан шаардлагууд бий. Үүнд нэг жилийн өсөлт нь 10 хувиас илүү байж болохгүй”. Гурван жил гэдэг богино хугацаа. Нэг жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж болно. Гэхдээ дараагийн хоёр жил нь тэнцүү төлөлттэй байна гэдэг нь сард төлөх дүн нь өндөр гарч ирсэн. Хэрвээ 10-аас илүү хувийн өсөлт байхгүй бол одоогийн нөхцөл байдлыг хэрхэн туулах вэ зэрэг асуудлууд гарсан. Агуулгаараа энэ нь буруу гэдэг саналыг тавьсан. Гэхдээ дээрээс зөвшөөрдөггүй гэдэг хариулт л өгсөн. Хатуу хөл хорио тогтоохын өмнөхөн банкууд хүсэлтээ зогсоож эхэлсэн.
- Банкинд ажиллаж байсан хүний хувьд сүүдрийн эдийн засгийн тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Үйлдвэрлэгчийн хувьд сүүдрийн эдийн засаг нь биднийг өрсөлдөх чадваргүй болгодог. Урд хөршөөс хямд бүтээгдэхүүнүүд ямар нэгэн татваргүйгээр орж ирээд нэг лангууд дээр очоод НД болон ХАОАТ, НӨАТ зэрэг нэмэгдэл төлөлгүйгээр бүтээгдэхүүнээд борлуулагддаг. Гэтэл бид НӨАТ төлөх үүрэг хүлээсэн. НД-ын 26 хувь болон ХАОАТ байна. Ингээд тооцож үзэхэд хамгийн багадаа 23-29 хувийг нэгж бүтээгдэхүүн дээр татварын цэвэр зардал болж гардаг. Жишээ нь 100 мянган төгрөгийн нэгж бүтээгдэхүүн байлаа гэхэд 26 хувь нь цэвэр татварч явж байна.
- Хэрвээ гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг танай компанид олгохгүй гэсэн тохиолдолд цаашид ямар арга хэмжээ авах уу?
- Төслийн зээлүүдийг судалж байна. Төслийн зээл бол хүү багатай. Нөхцөл нь боломжийн. Төрийн банкинд төслийн зээл байгаа үгүйг сайн мэдэхгүй байна. Худалдаа хөгжлийн банкинд байгаа гэж сонссон. Судалж байгаа.
- Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.