Булган аймгийн хэмжээнд хоёр гурилын үйлдвэр байдгийн нэг нь “Хангайн гурил” компани юм. Өдгөө аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд буй тус компанийнхан “Атар” хувьцаат компанийн гурилын хэрэгцээний 50 хувийг хангах, ажлын байраа нэмэгдүүлэх, шинэ тоног төхөөрөмж авах гэсэн томоохон зорилгуудыг урдаа тавин ажиллаж буй аж. “Хангайн гурил” ХХК-ийн менежер С.Нямсүрэнтэй ярилцлаа.
“Хангайн гурил” компани хэдэн оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
2011 онд үйлдвэрээ нээж, ерөнхийдөө 2012 оноос үйл ажиллагаа маань жигдэрч эхэлсэн.
Нийт хэдэн ажилчинтай вэ. Боловсон хүчнийхээ талаар ярихгүй юу?
Манай үйлдвэр одоогийн байдлаар 38 ажилтантай.Хуучин “Булган гурил тэжээл” нэртэй гурилын үйлдвэрт ажиллаж байсан ахмад ажилтнуудаас туршлага судалж, зөвлөгөө авч одоогийн ажилчин залуучуудаа маш сайн сургаж авсан. Лаборатори, техникийн ажилтны хувьд Улаанбаатар хотоосхүмүүс авчирч ажиллуулж байна.
Үйлдвэрийн хүчин чадал хэр вэ?
Хятадын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байгаа. Хоногтоо 120 тонн буудай үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийнхээ 50 хувийг л ашиглаж байна даа.
Борлуулалтаа хэрхэн шийддэг вэ. Зөвхөн аймагтаа л борлуулалт хийдэг үү?
Булган аймгийн хувьд бүх суманд нэрийн дэлгүүрээ нээгээд байгаа. Мөн Баян-Өлгий, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймаг, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ хүргээд байна. Сардаа дунджаар 400-гаад тонн гурил борлуулж байна. Улаанбаатар хотын “Атар” хувьцаат компанид бид гурилаа нийлүүлдэг.Цаашдаа нийлүүлэлтийн хувиа илүү өндөр болгох зорилго тавин ажиллаж байна.
Булган аймагт танайхаас өөр гурилын үйлдвэр байдаг уу. Танай бүтээгдэхүүн бусдаас юугаараа давуу талтай вэ?
Булган аймгийн хэмжээнд гурилын хоёр үйлдвэр бий. Тэр дундаа манай үйлдвэр аймгийнхаа хэмжээнд томдоо ордог. Дээр хэлсэнчлэн 120 тонн буудай үйлдвэрлэх хүчин чадалтай гэдэг бол үйлдвэрийн хэмжээнд томдоо тооцогдоно.
Хэрвээ үйлдвэрээ 100 хувь бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадвал хэчнээн хэмжээний гурил үйлдвэрлэх боломжтой вэ?
Үйлдвэр 100 хувь бүрэн чадлаараа ажиллавал өдөрт 120 тонн буудайгаар нэгдүгээр гурил 80 тонн, хоёрдугаар гурил 10 тонн, хивэг 30 тонн гарна. Одоогоор үйлдвэрийнхээ 40-50 хувийн хүчин чадлаар ажиллуулахад өдөрт 40 тонн гурил үйлдвэрлэж байна.
Үйлдвэрээ анх ямар санхүүжилтээр босгож байв. Орон нутгийн зүгээс тусалж, дэмждэг үү?
100 хувь өөрсдийн хөрөнгөөр босгож, одоо дөрөв дэх жилтэйгээ золгож байна.
Савлалтын талаар ярихгүй юү?
Одоогийн байдлаар гурван төрлийн савалгаагаар буюу хивэг 25 кг, нэг, хоёрдугаар гурилын хувьд 25, 50 кг-аар гарч байна. Мөн бүтээгдэхүүнээ жижиг савалгаагаар илүү олон хүнд хүргэх зорилгоор Хятадын Шандунь хотоос оруулж ирсэн тоног төхөөрөмж дээр 5,10,15 кг-аар гаргахаар судалж байна.
Өнгөрсөн жилийн ургац хураалт хэр байсан бэ?
Ургац хураалтын хувьд сайнтай, муутай янз бүр л байсан.Гэхдээ манай улсын газар тариалан сүүлийн жилүүдэд маш сайн хөгжиж байгаа гэж боддог. Түүнийгээ дагаад ч тоног төхөөрөмжийн хувьд улам нарийвчлал сайтай, боловсронгуй болсон байна. Гурилын хамгийн чухал анхаарах зүйл бол цавуулаг.
“Хангайн гурил”өдгөөБулган аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон гэсэн. Энэ талаараа сонирхуулж ярихгүй юу?
Одоо бол Булган аймгийн гурилын хэрэгцээг бүрэн хангаж байгаа гэж хэлж болно. Эндхийн иргэд ч “Хангайн гурил”-аа андахгүй сайн мэднэ. Гэхдээ цаашдаа ажилчдынхаа тоог нэмж, тоног төхөөрөмжөө илүү сайжруулж, үйлдвэрээ 100 хувь ашиглахын төлөө ажиллах болно.
“Массагентлаг”-ийн зүгээс баялаг бүтээгчдээ дэмжихээр та бүгдийг зорьж ирсэн. Танд ямар санагдаж байна?
Зөвхөн Булган аймагтаа төдийгүй улсын хэмжээнд илүү олон хүнд танигдана гэдэг бидний хувьд маш том боломж. Тиймээс танай агентлагийн хамт олонд маш их баярлаж байна.
Сэтгүүлч Д.Тэмүүлэн
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин холбогдоорой. Хангайн гурил ХХК С.Нямсүрэн 91914524, 94012088