Масс агентлаг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаагийн “Баялаг бүтээгч” буландаа “Саруул сайжрах” ХХК-ийн захирал Б.Баярсайханг урьж, ярилцлаа.
-Үйл ажиллагаагаа явуулаад хэдэн жил болж байгаа вэ. Нийт хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна вэ?
-Манай тавилгын үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Голдуу гал тогооны тавилга, ор гэх мэт 5-6 төрлийн тавилгыг дагнан үйлдвэрлэдэг.
-Яагаад заавал тавилгын үйлдвэрлэл эрхлэхээр болсон бэ. Өөрөө энэ салбарын хүн үү?
-Би Солонгос улсад интерьер заслын компанид ажиллаж байсан болохоор өөрөө бие дааж тавилга хийгээд үзье, цаашлаад өөрийн гэсэн үйлдвэртэй болъё гэж шийдээд ажлаа эхэлсэн.
-Гурван жилийн өмнө үйл ажиллагаагаа явуулахад зах зээлийн хувьд хэр байв. Хүндрэл бэрхшээл багагүй тулгарч байсан байх?
-Тэгэлгүй яахав. Анх тавилга хийж үзээгүй хэрнээ ганцхан түрдэг хөрөөтэй, гараашт байрлан ажлаа эхэлсэн. Дээрээс нь ганцаараа байсан болохоор сургуулийн номын тавиур, зочдын өрөөний ханын тавилгыг нэг сар гаруй хугацаанд хийж байж билээ. Тэгээд энэ бүх хугацаанд өөрийгөө дайчлаад дээрх тавилгыг ганцхан өдрийн дотор хийж дуусгах хэмжээний чадвартай болж чадсандаа баяртай явдаг.
-Анх ганцаараа үйл ажиллагаагаа эхэлж байсан гэсэн. Харин өнөөдөр ажилчдынхаа тоог нэмсэн харагдаж байна?
-Эхний нэг жилд өөрөө сайн хийж чаддаггүй байсан болохоор мэргэжлийн хүн урьж авчирч заалгадаг ч нэг их уддаггүй байлаа. Тэрний дараа өөрөө арай туршлагатай болоод ирэхээрээ нэмж хоёр хүн ажилд аваад яг одоогийн байдлаар гурван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажил ихтэй, ачаалал нэмэгдсэн тохиолдолд гэрээгээр хамтарч ажилладаг хүмүүс бий.
-Зөвхөн Багануур дүүргийнхээ хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэдэг үү. Улаанбаатар хотоос захиалга авдаг уу?
-Ихэвчлэн Багануур дүүргийнхээ иргэдээс захиалгаа авдаг. Дээрээс нь хотод аж төрдөг найз нөхөд, хамаатан саднаасаа захиалга авах тохиолдол бий.
-Захиалга хэр их ирдэг бэ. Ачаалал их байна уу?
-Сүүлийн үед ачаалал ихсэж байгаа. Хятадаас хямд тавилгуудыг оруулж ирдэг нь багасч байгаа хандлага ажилагдаж байгаа. Хүмүүс бас дотоодынхоо үйлдвэрлэлийг их дэмждэг болжээ. Хамгийн гол нь ямар нэгэн асуудал, эвдрэл гэмтэл гарах юм бол буцах хаягтай шүү дээ. Гаднаас оруулж ирж байгаа бүтээгдэхүүн эвдэрлээ гэхэд хэнд, яаж хандах юм бэ. Тэр бол боломжгүй зүйл.
Бид Багануур дүүргийнхээ иргэдийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа. Гэхдээ цаашдаа үйлдвэрээ өргөтгөөд, ядаж дүүргийнхээ иргэдийг хүссэн тавилгаар нь хангаад өгөх бололцоог бий болгоно. Үүнийхээ дараа Улаанбаатар хотын зах зээл рүү орох төлөвлөгөөтэй. Ирээдүйд гадаад зах зээл рүү гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүн болгох зорилготой.
-Худалдан авагчдын хувьд танай бүтээгдэхүүнд хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?
-Хангалуун байдаг байх гэж бодож байна. Нэг айлд тавилга хийж өгөхөд тухайн айлаар дамжуулан найз нөхөд, ах дүү, төрөл садан нь мөн адил захиалдаг. Худалдан авагчдад дээд зэргээр таалагдах хэмжээний тавилга үйлдвэрлэж, хүргэж өгч, угсарч байршуулж өгдөг болохоор бүх хүн дуртай байдаг нь илт.
-Тавилгын хувьд материал чухал үүрэгтэй. Тэгвэл материалаа хаанаас авдаг вэ. Дээрээс нь загвар дизайн жилээс жилд өөрчлөгдөж байдаг. Дизайнаа хэрхэн гаргадаг вэ?
-Материалын хувьд гол төлөв Зуун айлын материалын дэлгүүрүүдээс авдаг. Харин загвараа интернэтээс хайж олдог. Мөн захиалагчийн хүссэн загвараар хийж өгдөг.
-Анх эхэлж байх үеэ бодвол борлуулалт хэр их сайжирсан бэ?
-Борлуулалт жилээс жилд өсөж байна. Хүмүүс бэлэн зүйл авахаасаа илүүтэйгээр өөрсдийнхөө хүссэн өнгө, загвараар хийлгэх хандлага нэмэгдэж байгаатай холбоотой байх.
-Ижил төстэй тавилгын үйлдвэрүүд их байдаг. Танай тавилгын тэднээс ялгарах онцлог юу вэ?
-Бид бүтээгдэхүүнийхээ чанар, өнгө үзэмжийг сайжруулах тал дээр их хичээж ажилладаг. Энийг хэрхэн цэвэрхэн тайрах вэ, хэрхэн стандартын дагуу угсрах вэ, хэрэв ийм загвартай бол үйлчлүүлэгч нарт таалагдах болов уу гэх мэтээр үргэлж шинийг эрэлхийлдэг. Түүнчлэн бүх тулгарч буй саад бэрхшээлийг их бага гэлтгүй дор бүр нь шийдээд явдаг болохоор асуудал ч бага гардаг. Түрүүн хэлсэнчлэн манайхан тавилгаа Хятадаас зөөдөг байснаа болиод өөрсдөө үйлдвэрлэдэг болоод, тодорхой амжилтад хүрчихсэн сууж байна шүү дээ.
-Үнэ ханшийн хувьд зах зээл дээр борлуулагдаж байгаа тавилгаас хямд байж чадах уу?
-Үнийн асуудал дээр бага зэрэг хүндрэлтэй зүйл байдаг. Багануур дүүргийн иргэдийн худалдан авалт бага. Үүнд тааруулсан үйлчилгээ үзүүлэхэд бидэнд их хүндрэл үүсдэг. Учир нь өөрсдийн тээврийн зардалтайгаа уялдаад үнэ ханшаа тогтоох гэхээр тухайн захиалагчийн хувьд бага зэрэг үнэтэй тусах тохиолдол гарч байсан. Тийм болохоор үүнийг бодолцож үзээд зах зээлийн ханшаас тодорхой түвшинд доогуур үнээр борлуулдаг гэж боддог.
-Дотооддоо, тэр тусмаа Багануур дүүрэгт үйлдвэрлэл эрхлэхээр орчин нөхцөлийн хувьд хэр байдаг вэ?
-Харьцангуй гайгүй байдаг. Үйлдвэрийн байр маань түрээсийнх л дээ. Анх түрээслэгчтэйгээ тохироод, би өөрөө тохижуулаад, тоног төхөөрөмжөө авчирч байсан.
Манайд ойролцоогоор 3-4 тоннын даацтай тоног төхөөрөмж бий. Жишээлбэл, хөрөө, хүрээ наагч машин гэх мэт 3-4 шат дамжлагаар дамжиж байж эцсийн бүтээгдэхүүн болж гарна.
-Тавилга үйлдвэрлэхэд тоос их гардаг. Та тоос сорох машин өөрөө зохион бүтээсэн гэсэн үү?
-Тоос сордог зориулалтын төхөөрөмж байдаг л даа. Гэхдээ тэр чанарын шаардлага хангахгүй байгаа болохоор ч юм уу тоосжилт их үүсэж байсан. Тэгэхээр нь би хоёр талд нь сорогч машин холбож өгөөд, дээр, доор нь тус бүрд нь нэг хүчтэй машин суурилуулахаар тоосжилтын хэмжээ 80 хувиар багассан.
-Яг одоогийн байдлаар зайлшгүй шаардлагатай зүйл бий юу?
-Тоног төхөөрөмжөөс авахуулаад хэрэгцээтэй зүйл их л дээ. Гэхдээ аль болох өөрсдийнхөө нөөц бололцоогоо ашиглаад болоод байгаа. Цааш тоног төхөөрөмжөө сайжруулах төлөвлөгөөтэй байгаа. Бидний хэрэглэж байгаа хөрөө удаж байгаа ч нэг сантиметр ч алдалгүй нарийн хөрөөддөг.
-Аль ч улс оронд гар аргаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өртөг өндөртэй байдаг. Гэхдээ манай улсад энэ зүйл эсрэгээрээ хэрэгжээд байх шиг. Та энэ салбарын мэргэжилтний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Дэлхийн бусад улс оронд гараараа урлаж, хөлс хөдөлмөр шингэсэн бүтээл хамгийн үнэ цэнэтэй байдаг. Аль болох тоног төхөөрөмжийн хүчээр бус, чимхлүүр ажиллагаа орсон, цэвэр модон бүтээгдэхүүн болоод түүний загвар дизайныг орчин үеийн өнгө төрхтэй хослуулж хийхийг хүсдэг.
-Таны хүсэл мөрөөдөл биелэх болтугай
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.