Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д. Цогтбаатартай ярилцлаа.
– Энэ жилийн Цагаан сар хэдэнд тохиож байгаа вэ?
XVII жарны 35 дахь он “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин /төмөр/ үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 1-ний өдөр нь Аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын 12-нд тохиож байна. Монголчууд бидний уламжлалт их баяр цагаан сарын өдөр болой.
– Үхэр жилийн өнгийг тодруулж хэлж өгнө үү?
Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж шинжиж ирсэн уламжлалтай. Үүнээс голчлон шороон үхрийн зурлага, жилийн хаан, түшмэл, эзэн гарагуудын зурлага, цасан чихрийн зурлага, боовны үрийн зурлагуудыг хэлж болно.
Гарч буй жилийг ШОРООН ҮХРИЙН ЗУРЛАГААР шинжилбэл: Залуус буюу дунд суудалд сайн, нялхаст буюу түмэнд олонд дунд зэрэг, өвгөд буюу өндөр дээд суудалтанд дорой болой. Төрийн хууль цаазын хэрэгжилт муу. Улсын санхүү, эдийн засаг сайжрах.
Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигууртай. Ард иргэдийн эрүүл мэнд сайн. Хот суурин газар галын аюул буй. Улирлуудын эхэн саруудад хур тунадас ихтэй. Ургац арвин авах, намрын улирал урт болно.
– Хүмүүс шинэ жаран эхэлж байна гэж яриад байгаа. Энэ үнэн үү, энэ талаар тодруулж хэлж өгнө үү?
Энэ худал үг болно. Монголчууд бид одон зурхайн арга, билиг хосолсон цаг тооллын бичгийг хэрэглэж ирсэн ард түмэн. Бидний билгийн тооллын жаран жилийн эхлэх нь ГАЛ ТУУЛАЙ жилээс эхэлж тоолдог. Тэгээд жаран жилийн дараа ГАЛ ТУУЛАЙ жил гарахаар л шинэ жаран эхэлж байна гэсэн үг. Хамгийн ойрхон цаг тооллын жарны тооллын эхлэл нь 1927 (XVI жаран), 1987 (XVII жаран), 2047 (XVIII жаран) онууд нь жаран жилийн эхлэл болно.
– Цар тахлын улмаас сүм хийд ажиллахгүй байгаа. Иргэд маань хэрхэн заслаа хийлгэх вэ, цар тахал гайгүй болохоор заслаа хийлгэж болох уу?
Монголчууд бид амны билигтэй ард түмэн. Уламжлал ёсоор цагаан сар (шинэ он) гарахаар өглөө эртлэн босож, зүг мөрөө гаргах, өвөг дээдсийн шүтээн, өөрсдийн шүтээн, уул овоо, газар лусын эздэд авралыг одуулж, даатгах, мөргөх, идээ ундааныхаа дээжийг өргөх, ахмадаа хүндэтгэн тохойг нь түшиж золгож, мэнд усаа мэдэлцэх, сургаал номлолыг сонсох, уламжлалт ёсоор гарч буй ондоо амар төвшин, аз жаргалтай, эрүүл энх, бодсон санасан зөв ажил үйлс нь бүтэмжтэй байхыг билэгддэг.
Жилийн засал номоо хийлгэж авралыг одуулбал зохилтой. Үүнийг шинжлэх ухааны үүднээс үнэлж, дүгнэж өөрсдийн тусын тулд жилийн засал гүрэм хийлгэх нь тус эрдэм ихтэй. Өвгөд дээдсийн олон зуун жилээр шүтэж ирсэн ариун нандин, амилсан шүтээнээ дээдэлж гэр бүл, хамаатан садан, ах дүүс, монгол түмнийхээ заяа буяныг даатгаж хийд , дацанд ном айлдуулж бичүүлэх нь хамгийн чухал болой. Мөн түүнээс гадна тухайн жилтэн хүмүүс өөрийн биеэр онцгойлон хийгдэх засал ном гэж буй, түүнийгээ гамшигт үйл арилсны дараа хийлгэж болно. Та бүхнийг заяа буян нь түших болтугай.
– Энэ жилийн ёгт нэр цагаагчин гэсэн байсан. Уг ёгт нэрийн хувьд ямар утга илэрхийлдэг вэ?
2021 оны жилийн ёгт нэр “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин үхэр жил. Юуны өмнө ёгт нэр нь жаран жилийн цаг тооллын жилүүдийг нэгнээс нь ялгахын тухайд оноосон нэр болой. Цагаагчин гэдэг үг нь төмөр махбодыг илэрхийлдэг.
Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баяр нь дэлхийн өөр хаана ч байхгүй өөрийн гэсэн онцлогтой уламжлалт их өв соёл юм. Энэ өв соёлоо бид, хойч үе маань нандигнан хамгаалах ёстой. Залуучууд маань үндэсний бахархлаа дээдэлдэг болж байна.
Эх сурвалж :https://amjilt.news/