Эрүүл мэнд эрхэм баялаг гэдэг. Тэгвэл энэхүү эрхэм баялгийг иргэддээ түгээгч эрүүл мэндийн салбарыг энэ удаа онцолж байна. Дотор, мэдрэл, уламжлалын чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй 16 жил явуулж ирсэн “Энхжил” эмнэлгийн Ерөнхий эмч Б.Тогжилтой ярилцлаа.
Б.Тогжил: “Энхжил” эмнэлгийн Ерөнхий эмч, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
-Сайн байна уу, танай эмнэлэг хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Сайн байна уу. Манай “Энхжил” эмнэлэг 2001 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дотор, мэдрэл, уламжлалын чиглэлээр эмчилгээ, үйлчилгээ явуулдаг.
-Амбулаториар болон хэвтэн эмчлүүлж болдог гэсэн. Нэг дор хичнээн өвчтөн хүлээж авч эмчлэх боломжтой вэ?
-Тийм ээ. Амбулаториар хүлээн авч эмчилгээ, зөвлөгөө өгөхөөс гадна хэвтүүлэн эмчилдэг. 30 ортой. Европ уламжлалт эмчилгээг хослуулдаг. Бариа, бумба, засал хийдэг.
Үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа байнга авдаг
-Таны хувьд энэ салбарт хичнээн жил ажилласан туршлагатай вэ?
-Миний хувьд 46 дахь жилдээ эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Эхний жилүүдэд Улсын клиникт ажиллаж байсан. Манай эмнэлгийн байр хувийнх мөн өвчтөнүүддээ зориулсан машины зогсоолтой. Нэн түрүүнд өвчтөнүүдийнхээ тав тух, аюулгүй байдлыг боддог. Тиймдээ ч үйлчлүүлэгчдээсээ сэтгэл ханамжийн судалгаа байнга авдаг. Түүнийхээ дагуу юун дээр анхаарч ажиллах цаашдын төлөвлөгөөгөө боловсруулдаг.
-Боловсон хүчний хувьд ямар зэрэгтэй эмч, сувилагчид ажилладаг вэ?
-Боловсон хүчний хувьд мэдээж эмнэлгийн салбарт олон жил ажилласан дадлага туршлагатай хамт олныг бүрдүүлсэн.
-Танайхаар ирж үйлчлүүлж байгаа өвчтөнүүдэд ямар төрлийн өвчин зонхилж байна вэ?
-Дотор, уушгины өвчлөл их байна. Энэ бол мэдээж цаг уурын өөрчлөлт агаарын бохирдолтой холбоотой.
-Аль нэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх явцад гаднаас эм тариа зөөлгөх нь элбэг. Танай эмнэлгийн хувьд тийм зүйл байдаггүй гэж өвчтөнүүд хэлж байсан. Бас хөнгөлөлттэй хэвтдэг гэсэн?
-Тийм ээ. Гаднаас эм тариа зөөлгөдөггүй. Мөн манай эмнэлгийн хувьд Баянзүрх дүүрэгт байрлалтай учраас дүүргийнхээ эрүүл мэндийн төвүүдтэй хамтарч ажилладаг. Тус дүүргийн 14 дүгээр хорооны иргэддээ хөнгөлөлт үзүүлдэг.
14 дүгээр хорооны иргэддээ хөнгөлөлт үзүүлдэг
-Хувийн эмнэлгүүд эмчилгээ үйлчигээгээг сайжруулахад төрөөс ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлдэг үү?
-Тийм зүйл байхгүй ээ. Нийгмийн даатгалын ерөнхий газартай холбоотой ажилладаг. Тэндээс бага зэргийн санжүүжилт аваад үйлчлүүлэгчиддээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг.
-Ярилцсанд баярлалаа.