Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн форумд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан ирж иргэдтэй уулзсан юм. Энэ үеэр тэднээс цөөн зүйлийг тодрууллаа.
Д.Ганхуяг:Цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ гэж ойлгож байна
Баянзүрх дүүргийн баялаг бүтээгчдийн бизнес форумыг анх удаа Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хөдөлмөрийн яам, Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулж байна. Энэ бол цаг үеэ олсон маш чухал арга хэмжээ гэж ойлгож байна. Одоо Монгол улсын тухайд шинэ зорилтыг тавьж байгаа. Энэ бол манай зах зээл өөрөө жижигхэн, өрсөлдөөн ихтэй болсон учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, төр засаг, мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтраад дунд хугацаанд хэрхэн экспортлогч орон болох вэ , экспортлогч баялаг бүтээгчид болох вэ гэдэг энэ зорилтод хамтран ажиллах ёстой. Монгол улсын хөгжил бол монгол хүний хөгжил. Монгол хүний хийсэн маш олон бренд дэлхийн зах зээл дээр худалдаалагдсанаар эдийн засгийн өсөлт тогтвортой явагдана, иргэдийн амьжиргаа тогтвортой дээшилнэ гэж харж байгаа. Тийм учраас манай баялаг бүтээгчид одоохондоо зөвхөн дотооддоо голцуу бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч цаашдаа олон улсын төдийгүй бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэлээ явуулахын тулд хамтран ажиллах шаардлагатай байна.
Дунд хугацаанд хэрхэн экспортлогч орон болох вэ , экспортлогч баялаг бүтээгчид болох вэ гэдэг энэ зорилтод хамтран ажиллах ёстой
Ж.Батзандан: Технологийн барьцаа, захиалгын хуудсаа барьцаалдаг жишгийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихийн тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулсаар байгаа. Гэвч бизнес эрхлэгчидтэй энэ өдөр уулзахад зээлийн хүү өндөр байна гэж байна. Тэгэхээр банк санхүүгийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ нь баялаг бүтээгчдийн өсөн тэлэх, томроход саад учруулж байна. 20 хувийн зээлтэй банкны систем байгаа тохиолдолд баялаг бүтээгчид томрох боломжгүй байна гэж байна. Олсон ашгаа банкинд тушааж байна. Банкны системээ өөрчилж өгөөч ээ гэж байна. Бага хүүтэй зээл өгдөг гадаадын банк санхүүгийн байгууллагуудыг оруулж ирж өгөөч гэж байна. Түүндээ чөлөөтэй нээлттэй либерал бодлогыг хэрэгжүүлж өгөөч гэдэг хүсэлт шаардлагыг тэд тавьж байна.Үүнийг хүлээж авах ёстой. Тиймдээ ч банкны хүүг жилд 1-2 хувь бууруул гэдэг үүргийг Засгийн газарт үүрэг болгоод тодорхой ажлуудыг хийж байна.
20 хувийн зээлтэй банкны систем байгаа тохиолдолд баялаг бүтээгчид томрох боломжгүй
Хоёрдугаарт монголын зах зээл жижиг байна. Жижиг байгаа учраас үйлдвэрлэл томрох баялаг бүтээгчид илүү өргөн хүрээнд үйлдвэрлэлээ нэвтрүүлэх боломжгүй байна. Бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах гарцыг нээж өгөөч гэдэг саналыг тавьж байна. Үүнийг манай Аж үйлдвэрийн яам, бизнес эрхлэгчдийг дэмжих холбоод хамтарч ажиллах ёстой. Ялангуяа ОХУ, БНХАУ, БНСУ. Япон руу зах зээлээ тэлэх боломжийг гаргаж өгөх замыг нээж өгөх ёстой.
Дэлхийн жишгийн дагуу технологийн барьцаа, захиалгын хуудсаа барьцаалдаг жишгийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай
Гуравдугаарт барьцаа хөрөнгөтэй холбоотой асуудлууд байна. Зээлийн батлан даалтын хууль хэрэгжиж байгаа. Үүнээс тодорхой үр дүн гарсан нь ч үнэн. Гэхдээ дэлхийн улс орнуудад байдаг жишгийн дагуу тухайлбал технологио барьцаалаад зээл авдаг, захиалгын хуудсаа бариад зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөөч гэж байна. Заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг шаардлага байх хэрэггүй. Үл хөдлөх хөрөнгө хүн бүрт байхгүй шүү дээ, зөвхөн баян хүмүүст л байгаа. Харин баян хүмүүс зээл авах шаардлага байхгүй. Тэгэхээр дэлхийн жишгийн дагуу технологийн барьцаа, захиалгын хуудсаа барьцаалдаг жишгийг жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.