Монгол залуус дэлхийн шилдэг компаниудад ажиллаж, сурч, мэдсэн туршлагаа эх орондоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэдний нэг, тод илрэл болсон Б.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр дэлхийн хамгийн шилдэг зөвлөxүүдийн ажилладаг үндэстэн дамнасан томоохон компани болох “Mckinsey & Company”-д дөрвөн жилийн турш тууштай ажиллан арвин мэдлэг, туршлагыг хуримтлуулсан юм. Одоо Монголдоо “TomYo EdTech”-ийн үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал болон “Yakmere” брэндийг үүсгэн байгуулжээ.
-АНУ-ын Миами болон Английн Лондоны их сургуулиудад та суралцаж, Багаасаа л гадаадад сурахаар зорьж бэлдэж байсан уу?
-Би багадаа маш даруухан, үг дуу цөөтэй хүүхэд байлаа. Ахлах ангиа Эрдэнэт хотынхоо Монгол Туркийн хамтарсан сургуульд сурсан бөгөөд дотуур байранд нь үеийн хүүхдүүдийн хамт байрлаж, тэнд л бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадваруудад суралцсан юм. Сургуульдаа сурч байх үедээ турк хэлний олимпиадад оролцож шагналт нэгдүгээр байранд орж, улмаар олон улсын турк хэлний олимпиадад оролцох боломжтой болсон. Энэ бол миний хувьд анх удаа гадаад явах болоод олон улсын залуустай ярилцах, тэд биднээс нэг их өөр хүмүүс биш, ойлголцоход амар, гоё юм байна гэсэн бодлыг төрүүлсэн. Үүнээс хойш би Турк эсвэл Америк явж суралцъя, аль боломжит тэтгэлэгт хамрагдая гэсэн зорилго тавьж, тууштай бэлдэн тэнцсэн дээ. Маимигийн их сургуульд санхүү эдийн засгаар суралцсан бөгөөд дөрвөн жил сурахын хажуугаар цагийн ажил хийдэг байлаа. Цагийн ажил хийснээр өөрийнхөө хоол унд, хэрэглээний мөнгөө зохицуулж амьдрах боломж олдсонд баяртай байдаг. Их сургуулийн хоёр, гурав дахь курст семистрийн солилцооны хөтөлбөрийн дагуу өөр сургуулиуд руу шилжин суралцах боломжтой байдаг. Миний хувьд Лондонгийн сургуульд сурсан. Америкт эдийн засгийн ангиуд ихэвчлэн капитализм орчин үеийн эдийн засгийн талаар ярьдаг байсан бол Англид зүүн талын марксизм социалист эдийн засгийн талаар үздэг байсан нь шинэ мэдлэгийг олгож байлаа.
-Таны ажлын анхны гараа Mckinsey & Company-аас эхлэлтэй гэж ойлгоход болох уу. Дөрвөн сарын хугацаанд энэ компанид орохын тулд өөрийгөө бэлтгэсэн гэсэн. Тэгэхээр маш том шалгуурыг давсан байх нь ээ?
-Америкт оюутнууд нь хоёрдугаар курсээсээ хойш ажилд орох талаар төлөвлөж, хайж, бэлдэж эхэлдэг. Маш их өрсөлдөөнтэй тул ажилд орох хэцүү, ялангуяа үндэстэн дамнасан компанид орно гэдэг том даваа юм. Би Mckinsey & Company-д орох хүсэлтэй байсан бөгөөд энэ компани нь ажилтнуудаа америкийн элит гэх топ найман сургуулиас сонгож авдаг байсан. Харамсалтай нь, энэ жагсаалтад манай сургууль байгаагүй. Гэвч азтай тохиолдлоор профессор багш минь надад ажлын ярилцлагад ороход тусалснаас гадна намайг ярилцлагад бэлдсэн юм. Ингэхдээ багш “Ажилд орох нь чухал биш юм шүү, гол нь ямар ч ажлын ярилцлагад өөрийгөө 100 хувь чадна гэдгээ харуултал бэлдэх хэрэгтэй” гэж байв. Ингээд сүүлийн семистрийн долоо хоног бүр өөрийгөө тууштай бэлдэн, ярилцлагадаа тэнцсэн. Тус компанид ороод АНУ-Маими салбарт нэг жил, Германы салбарт нэг жил, Чехийн салбарт гурван жил ажиллалаа. Mckinsey & Company-ны өөр, өөр улсын нийт 13-14 оффисоор явж ажилласан дурсамж байдаг. Тэгэхээр энд орсон нь яахын аргагүй миний амьдралд томоохон өөрчлөлт авчирсан. Манай компани нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй топ 100 компанийн 90-д нь стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, засгийн газрын төслүүдэд зөвлөгөө өгч, дэлхийн 60 оронд үйл ажиллагаа явуулдаг томоохон компани юм. Энд орсноор оюун ухааныхаа тэлж болох бүхий л булчинг хөгжүүлсэн гэж боддог доо.
-2015-2019 он буюу нийт дөрвөн жилийн хугацаанд тус компанид ажиллалаа. Энэ хугацаанд ажлын талбар дээр хамгийн их юуг сурч, ойлгон туршлага хуримтлуулсан бэ?
-Мэдээж энэ компанид ороод эхний жилдээ уймартан, ёстой л олон удаа уйлж, шантаран өөрийгөө голж байсан өдрүүд зөндөө. Анх ажилд ороод цалингаа аваад л мөнгөө үрж, сайхан амьдрах байх гэж бодож байтал яг эсрэгээрээ юм болсон. Цалин мөнгө нь байсан хэрнээ өөртөө зарцуулах цаг байхгүй байлаа. Өглөө долоон цаг гэхэд ажил дээрээ очихын тулд зургаа гэж босож яваад орой найм, ес гэж гэртээ ирсэн ч тухайн ажиллан буй төсөл дээрээ хувь нэмрээ оруулчих юмсан хэмээн өөрийгөө хөгжүүлж суудаг байсан. Тэгэхээр оройн унтлага амралтын цаг л минийх болохоос бусад цагийг компанидаа зориулж өөрт хэрэгтэй, сурч мэдье гэсэн зорилгоор ажилладаг байсан. Сүүлд хоёр дахь жилээс ажлын арга барилаа олж өөртөө итгэлтэй болсон бөгөөд жил бүр шинэ зүйлсийг мэдэж, суралцдаг байсан нь надад том боломж, туршлага болж байв.
-Mckinsey & Company-аас гарч өөрийн бизнесээ эхлүүлнэ гэдэг их том шийдвэр байсан байх. Өөртөө энэ хэмжээний томоохон итгэлтэй байсан уу. “Yakmere” хэмээх брэндийг үүсгэн байгуулаад хэд дэх жилдээ явж байна вэ?
-Аливаа нэг компанид дөрвөн жилийн турш ажиллаад ирэхээр тухайн компани соёл сэтгэхүйгээр сэтгэдэг болоод ирдэг. Үүнийг би анзаарч ирсэн бөгөөд надад хоёр сонголт байсан. Нэг бол би энэ компаниас гараад өөрийн хамгийн их айдаг мөн хамгийн хийхийг хүссэн зүйлээ зориглож хийе гэх бодол. Нөгөөх нь энэ компанидаа үлдээд тушаал дэвшин ахих. Гэвч би одоо л эрсдэл үүрэн, өөрийн хийхийг хүссэн зүйлсийг хийхгүй бол хэзээ хийх юм бэ гэсэн бодлоор шийдсэн. Энэ шийдвэрийг гаргахад нэг амар байсан зүйл нь хэрэв би өөрийн бизнестээ эрсдэл авч бүр үнэхээр чадахгүй, шантраад тухайн бизнес амжилтгүй болсон ч эргээд энэ компани хаалгыг нь тогшин үргэлжлүүлэн ажиллах боломж байгаа гэдгийг мэдсэн. Учир нь би тодорхой хэмжээнд тухайн компани нэгээхэн хэсэг болчихсон учир шийдвэр гаргахад амархан байлаа.
Европын орон ялангуяа Итали, Германаар явж байхад хүмүүс нь кашмерэн байгалийн утсаар хийсэн бүтээгдэхүүнийг илүү хэрэглэдэг. Үүнийгээ бол хангалттай мөнгө төлж авдаг бөгөөд нэг цамцыг л гэхэд 1000-2000 евро буюу Монголоор 3-5 саяар төлж авдаг байсан. Тэр үед надад яагаад ийм өртөг нэмэгдсэн бүтээгдэхүүнийг Монголоос хийж болдоггүй юм бэ гэх бодол төрсөн. Монголд ноолуурын зах зээлийн өрсөлдөөн хангалттай байхаас гадна бэлчээрийн даац хэцүү болчихсон санагдсан учир арай өөр юм хийж үзье гэж шийдээд сарлагийн хөөврийг сонгосон байгаа. Сарлагийн хөөвөр нь байгальд илүү ээлтэй, удаан хэрэглээтэй ба сарлаг нь төвд, хятадын хойд хэсэг, монгол гэх гурван газарт байх учир Монголын брэнд гэж хэлэхэд боломжтой өнцөг харагдсан. Миний зорилтот зах зээл бол Германаас гадна хойд Европын зах зээл болох Швед, Финляндын зах зээл рүү сарлагийн бүтээгдэхүүнээ 100 хувь оригоор нь нийлүүлэх төсөл юм. Нэрний тухайд cashmare гэдэг шиг yakmere гээд yak нь Монголоор сарлаг гэсэн үг учир ийнхүү брэндээ нэрлэн эхлүүлж байсан.
-Дэлхийн хэд хэдэн оронд ажилласан. Одоо Монголд “Yakmere” болон “TomYo” гэх хоёр ч байгууллагыг удирдаж байна. Таны бодлоор гадаадад ажиллах болон Монголд ажиллахын хооронд ямар ялгаа байдаг хэмээн боддог вэ?
-Америкт хүн залуу байхдаа тултал нь ажиллаж, өөрийгөө сорин ажлаас өөр юм мэдэхгүй байх боломжийг олгодог бол Европт харьцангуй гайгүй, хувь тухайн хүнд ажлаа ч хий давхар гэр бүлээ ч анхаар гэсэн арай хүнлэг байдлаар ажилтнаа асрангаа ажиллуулдаг соёл байдаг юм байна лээ. Монголд миний анзаарсан зүйл нь манай оронд бизнес эхлүүлэх нь харьцангуй амар бөгөөд ялангуяа Монголын томоохон компаниудтай хамтран ажиллах санал гаргахад шууд хүлээн аваад долоо хоногийн дотор хэрэгжүүлээд шийдвэрлэдэг. Харин Америк болон Германд бол бүтэн зургаан сар төлөвлөж араас нь хөөцөлдөж олон удаагийн уулзалт хийж байж ийм шийдвэр гарна. Миний хувьд одоо “TomYo” дээр залуулаг хамт олон буюу Gen Z үеийнхэнтэй хамтран ажиллаж байгаа ба эдгээр хүмүүс нь бүтээлч, сонирхолтой байдлаар сэтгэдэг, юм хийчих юмсан гэдэг хүсэл сонирхолтой залуус учир хамтарч ажиллахад баяртай байдаг. Монголд ажиллахын нэг дутагдалтай тал бол хүмүүсийн хандлага юм. Нэг зүйлээ үр дүн гартал нь хийдэггүй бөгөөд тууштай байдал нь сул юм болов уу. Санал санаачилга гаргахдаа сайн, гэвч түүнийгээ дуустал яваад үр дүнг нь гаргаж түүн дээрээ үндэслэн дараагийн ажлаа төлөвлөн хийх зэрэгт удаан, хайнга аливаа юманд сэтгэлийн хөөрлөөр ханддаг шиг санагдсан.
-Их сургууль, ажлын туршлага, сайн дурын ажил мөн гарааны бизнес гээд та залуу хүн гэхэд олон зүйлийг оролдон бас амжилттай явж байна. Таны хувьд хэрхэн өөрийгөө хөгжүүлж, итгэлтэйгээр урагшилдаг вэ?
-Би олон зүйлийг оролдож үзэх дуртай. Нэг зүйлийн үр дүн нь тодорхой хэмжээнд гараад ирэхээр дараагийн шинэ зүйлийг эхлүүлэх гэж хичээдэг. Өөрийнхөө дадал зуршлийг байнга эвдэн нэгэн хэвийн болоод ирэхээр өөр шинэ зүйлийг оролддог. Хүнд “curiosity буюу сониуч зан” байх нь өөрийгөө хөгжүүлэх асар их боломжийг олгодог болов уу гэж боддог. Тэгэхээр миний хувьд сониуч зан ихтэй ба аливаа зүйлийг зоригтойгоор эхлүүлэн үр дүнг нь үзтэлээ зууралддаг учир ажил бүтэмжтэй байдаг юм болов уу гэж хардаг.
-Таны бодлоор хувь хүнийг амжилтад хөтлөх гол зүйлс нь юу бол?
-Хувь хүнийг амжилтад хөтлөх гол зүйл нь тууштай байдал гэж үздэг. Хэрвээ нэг зүйлийг хийх гэж шийдсэн бол яагаад хийж байгаа, ямар үр дүн хүлээж хийж байгаа, мөн хэр их цаг хугацаа шаардагдах гэдгийг жинхэнээсээ төлөвлөн эрсдэлээ харсны үндсэнд үнэхээр хиймээр санагдвал түүнийгээ тултал нь хөөцөлдөөд хийх хэрэгтэй юм шүү.
-2020 он “TomYo”-ийн хувьд амжилтаар дүүрэн жил байлаа. Та бүхний хувьд энэ жил юунд илүү анхааран ажиллах вэ?
-“TomYo” зах зээл дээр гараад зургаан сар гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Unread-ийн оны шилдэг аппликейшнаар тодорсноос гадна “Seedstars” буюу олон улсын старт ап гарааны бизнесийн тэмцээнд Монголдоо ялагч болж одоогоор regional буюу бүсийн шатандаа орон явж байгаа. Дотоод болон гадаадаас бид нарыг онцлон шагнаж байгаад баяртай байна. Бид “TomYo” дээр яаж ажилласан бэ гэхээр эхний ээлжинд хүмүүст хэрэгтэй, үр дүнтэй сонирхолтой зүйлсийг бүтээх хэрэгтэй гэж төлөвлөсөн. Бид “TomYo”-г Монголын боловсролын хамгийн том, номер нэг талбар болох болно гэж харж байгаа. Яг л В.Баярсайхан ахын хэлдгээр “Voice of Mongolia” шинэ дуучдыг шалгаруулан гаргаж ирдэг шиг шинэ үеийн шилдэг багш нарыг “TomYo” платформоос олох боломжууд гаргах болно. Энэ оны бидний зорилго нь Монголдоо зөвхөн гадаадад сурах ур чадвар гэлтгүй арван жил болон хүүхдийн боловсрол руу чиглэн орохоос гадна мөн Казахстан болон Шри-ланк улсын хамтрагчидтай технологийн шийдлүүдээ тэнд нь гаргах боломжууд олдож байгаа учир энэ тал дээр нэлээн ажиллах болов уу гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Эх сурвалж: http://itoim.mn/