Засгийн газар өчигдөр айл өрх, аж, ахуй нэгж, байгууллагууд руу чиглэсэн нэгэн шийдвэр гаргасан юм. Тодруулбал 12-р сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-н хүртэл цахилгаан, дулаан, хогны төлбөрийг тэглэж, төр хариуцахаар болов. Тэгвэл Засгийн газрын энэхүү шийдвэрийг маш зөв, цагаа олсон шийдвэр байлаа хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр онцоллоо.
Тэрбээр "Өчигдөр МУ-ын Засгийн газраас авсан арга хэмжээнд Монголын нийт баялаг бүтээгчид баяртай байгаа. Учир нь баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид өдрийнхөө орлогоор оройныхоо хоолыг залгуулах тохиолдол олон байна. Тэд сарынхаа орлогоор бизнесээ төлөвлөдөг учир цахилгаан, дулааны мөнгийг тэглэж байгаа нь дэм болно. Энэ бол маш зөв, цагаа олсон шийдвэр байлаа хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны олон мянган гишүүд үзэж байна.
Манай холбоо байгуулагдсан цагаас хойш буюу таван жилийн хугацаанд жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ төлөөлөн тогтмол идэвхтэй ажилласаар ирсэн бөгөөд Засгийн газрын шийдвэр гарсны дараа холбооны Удирдах зөвлөл цахимаар хуралдаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөлөө. Өнөөдөр мөн 14.00 цагт нийт баялаг бүтээгчидтэйгээ цахимаар хуралдана. Өнгөрсөн долоо хоногт бид "Цар тахал ба эдийн засаг"сэдвийн хүрээнд нийслэл, орон нутгийн баялаг бүтээгчид, эрдэмтэн докторууд, хуульчид болон зөвлөхүүд оролцож өргөн хүрээнд хурлаа хийсэн. Тус хуралдаанаар баялаг бүтээгчдийн зүгээс цахилгаан, дулааны зардлыг төр засгаас харж үзэх хэрэгтэйг онцлон хэлж байв. Мөн ажилгүй, орлогогүй болсон үед татварын байцаагчид дарамтлаад байна зэрэг олон асуудлыг хөндсон юм. Харин Засгийн газар баялаг бүтээгчдийнхээ үгийг сонсч, оновчтой шийдвэр гаргасанд талархаж байна. Гэхдээ бид үнэгүй гээд хамаагүй тог цахилгаанаа хэрэглээд байж болохгүй. Хэрэглээгээ гамнах ёстой. Засгийн газрын шийдвэрт баярлаж л байгаа бол бид өөрсдийнхөө хэрэглээндээ хяналт тавих хэрэгтэй" хэмээн онцоллоо.
(2020.12.14)