Гучин мянга гаруй гишүүд, дэмжигчдийг эгнээндээ элсүүлээд буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ сарын 8-ны өдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаа хийж хэд хэдэн санал санаачилга, уриалгыг гаргаад байна. Тодруулбал, Яам. Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, төрийн байгууллагууд болон иргэдийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж уриалга гаргажээ.
Үүнтэй холбоотойгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэхийг тусгасан уриалгыг 21 аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлж эхэллээ. Энэхүү уриалгын хүрээнд "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ"аяныг өрнүүлээд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар арван мянга гаруй хүн нэгдэж нийтийг хамарсан томоохон аян болж өргөжсөн юм.
Түүнчлэн үндэсний баялаг бүтээгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанар, стандарт, сав, баглаа, боодолд анхаарлаа хандуулахын зэрэгцээ боломжийн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд анхаарахыг тус холбооны зүгээс уриалж байна.
Гуравдугаарт Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд шинэчлэн батлагдан мөрдөгдөж буй НӨАТ-ын тухай хуультай холбоотойгоор зарим худалдааны байгууллагууд зохиомлоор үнээ нэмж байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа аж. Тиймээс уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллахаар болжээ.
Эдгээр санал санаачилга, уриалгатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99104185 дугаарын утаснаас лавлаарай.
Дашрамд дурдахад тус холбооноос өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон яамдын сайд нар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт энэхүү уриалгыг хүргүүлсэн билээ. Энэ талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдээс дараах тодруулгыг авлаа.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Ц.Бумцэнд: Салбар хороон дарга нараараа дамжуулан аймгийн Засаг дарга нарт биечлэн гардуулна
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос өчигдөр Төрийн гурван өндөрлөг болон бүх яамдын сайд нар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрууд хандаж Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг төр тэргүүн ээлжинд өргөнөөр хэрэглэхийг уриалсан уриалгыг хүргүүлсэн. Тэгвэл Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 21 аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт энэхүү уриалгыг хүргүүлэх болсон талаараа хэлэлцлээ. Уг уриалгыг бид Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны орон нутаг дахь салбар хороон дарга нараараа дамжуулан аймгийн Засаг дарга нарт биечлэн гардуулна. Мөн дүүргүүдийн Засаг дарга нарт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүд гардуулах юм. Түүнчлэн хэрэглэгчид рүү чиглэсэн "Монголд үйлдвэрлэв-Миний хэрэглээ" уриалга маань Монгол орон даяар хэрэгжиж, олон нийтийн сүлжээгээр цацагдаж, нийтийг хамарсан томоохон аян болж өргөжлөө. Энэхүү аянд одоогоор арван мянга орчим хүн нэгдээд байна. Тус аянаар дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр гадагш гарч буй мөнгөний урсгалыг багасгаж, ажлын байр нэмэгдүүлж эдийн засгийн хямралаас хамтын хүчээр гарна.
Орон нутаг дахь салбар хороон дарга нараараа дамжуулан аймгийн Засаг дарга нарт биечлэн гардуулна
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Х.Удвалцэцэг: Бид ч мөн төрд үйлчилгээ үзүүлэх ёстой
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо аймаг, Нийслэлийн Засаг дарга нар болон Худалдан авах ажиллагааны газруудад дараагийн уриалгаа хүргүүлж байна. Өчигдөр бид Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг болон бүх Яам, Тамгын газруудад энэхүү уриалгыг хүргүүлсэн. Уриалгад төр үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авахыг тусгасан. Өмнө нь зөвхөн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг төрөөс хүсэж байсан бол цаашид зөвхөн шаардах бус бид ч мөн төрд үйлчилгээ үзүүлэх ёстой. Үндэсний үйлдвэрлэгчид чанартай, өнгө үзэмж сайтай стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь хамгийн чухал.
Уриалгад төр үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд худалдан авахыг тусгасан