Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй ярилцлаа.
Коронавирусын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийг дэмжих ямар арга хэрэгсэл байгаа вэ?
Коронавирусыг эдийн засагт үүссэн нэг төрлийн шок гэж ойлгож болно. Эдийн засагт эрэлтийн болон нийлүүлэлтийн гаралтай шокууд тогтмол бий болж байдаг бөгөөд тэдгээрийн сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх арга хэмжээнүүдийг макро бодлого боловсруулагчид авч хэрэгжүүлдэг. Энэ удаагийн коронавирусын хувьд ‘эдийн засгийн бус шок’ гэдгээрээ онцлогтой. Иймд эцсийн шийдэл нь юу вэ гэхээр вирусын тархалт дарагдаж, амьдрал эргээд хэвийн байдалд орж байж эдийн засаг хэвийн үйл ажиллагаандаа орно гэсэн үг. Үүнд эрүүл мэндийн салбарын үүрэг роль, компани аж ахуйн нэгжүүд болон иргэдийн вирусаас урьдчилан сэргийлэх идэвх зүтгэл маш чухал. Харин макро бодлогоор буюу төсөв болон мөнгөний бодлого талаас эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг л зөөлрүүлэх боломжтой.
Монголбанкны хувьд, үүссэн энэ нөхцөл байдалтай холбоотойгоор улирал бүр бодлогын шийдвэр гаргадаг Мөнгөний бодлогын хорооны хурлыг хоёр долоо хоногоор наашлуулсан. Одоогоор хурлын бэлтгэл ажил болох эдийн засгийн шинжилгээ болон бодлогын саналын хувилбар тооцооллууд хийгдэж байна. Мөнгөний бодлогын хорооны хурлын дараа Төв банк уламжлал ёсоор гаргасан шийдвэр, түүний үндэслэлийг олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.
Мөнгөний бодлогын хорооны сүүлийн хуралдаанаар бодлогын хүүг бууруулах саналыг хэлэлцсэн ч бууруулаагүй. Хэрэв тухайн үед хүүг бууруулсан бол өнөөдрийн нөхцөл байдалтай хэр нийцтэй байх байсан бол?
12 дугаар сарын хурлын үед коронавирус гэдэг эрсдэл байгаагүй тул тухайн үед байсан эдийн засгийн мэдээлэл, түүн дэээр үндэслэсэн төсөөлөл дээрээ суурилаад бодлогын шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооны хурлаас гаргасан. АНУ, БНХАУ хоороондын худалдааны маргааны эхний үе шат хэлэлцээрт хүрсэн тул 2020 он гараад, Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр ОУВС-гаас танилцуулсан олон улсны эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төсөөлөл ч нэлээд өөдрөг байсан. Гэтэл 1-р сарын сүүлээс нөхцөл байдал нилээн өөрчлөгдөж коронавирус дэлхийн эдийн засгийн нэг шинэ эрсдэл, сорилт болж ирлээ. Үүн дээр ямар арга хэмжээ авахаа бусад төв банк, засгийн газрууд одоо хэлэлцэж шийдвэрээ гаргаж байна. Монгол банк ч мөн адил эдийн засагт үүссэн шинэ нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээд шаардлагатай хариу арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Төв банкны хувьд бодлогын хүүг бууруулахаас өөрөөр ямар арга хэмжээ авч болох вэ? Энэ мэт гадаад хүчин зүйлсийн нөлөөллүүдэд Монгол ямар хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй вэ?
Мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр вирусын тархалтыг зогсоох аргагүй ч эдийн засагт үзүүлэх зарим сөрөг нөлөөллийг зөөллөх боломжтой.Коронавируст үзүүлэх хариу үйлдлийг шийдэхийн тулд эхлээд тулгарсан эрсдэл, нөхцөл байдал нь эдийн засагт ямар сувгаар нөлөөлөх вэ гэдгийг тодорхойлох ёстой болно. Тэгж байж, аливаа бодлогын шийдвэрийг гаргахад илүү үндэслэлтэй, хэрэгжилт илүү үр дүнтэй болж чадна. Коронавирус нь үндсэн гурван гол сувгаар эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй. Эхнийх нь дотоодод тогтоосон хөлийн хорио, бизнесийн үйл ажиллагаанд хийсэн зарим хязгаарлалтуудтай холбоотойгоор хэрэглэгчдийн үйл хөдлөл, зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж, улмаар эдийн засгийн эрэлт болон нийлүүлэлт талд хязгаарлалт үүсгэж буй. Энэ нь богино хугацаанд иргэд, компаниудад хүнд тусч болох ч вирусаас урьдчилан сэргийлэх нь цаашдын эдийн засгийн тогтвортой байдалд зайлшгүй чухал.
Дараагийн нэг гол нөлөөлөх суваг нь олон улсад вирус тархаж буйтай холбоотой гадаад улс орнуудтай холбогддог эдийн засгийн харилцааны суваг юм. Өөрөөр хэлбэл, гадаад худалдаа, гаднаас авдаг бизнесийн үйлчилгээнүүд, санхүүжилтүүдэд ямар эрсдэл тулгарах вэ гэдэг асуудал гэсэн үг. Экспорт, импорт, бизнесийн үйлчилгээ, аялал жуулчлал дээр сааралт бий болох дүр зураг байгаа ч том төслүүдийн үйл ажиллагаа хэвийн явж, санхүүжилт нь үргэлжилж байгаа нөхцөлд санхүүгийн урсгал дээр том сөрөг шок орж ирэхгүй болов уу гэсэн хүлээлт бий. Эцэст нь хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн цаашдын хүлээлт эдийн засгийн үйл ажиллагааны идэвхжилд чухал нөлөөтэй байх болно. Тэгэхээр эндээс эдийн засгаа тогтвортой байлгахад дан ганц мөнгөний бодлого биш сангийн бодлого, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, иргэдийн оролцоо ч маш чухал гэдэг нь харагдаж байна. Энэ үед ‘бүгд нэг завин дээр сууж яваа’ гэдгийг эдийн засагт оролцогчид бүгд ойлгож, хамтарч ажиллах нь эрсдэлийг хохирол багатай даван туулах гол арга зам болов уу.
Инфляци Монголбанкны зорилтот түвшнээс бага хэвээр байна. Одоогийн шинэ нөхцөл байдлын нөлөөллийг авч үзвэл инфляцийн хүлээлт ямар байна вэ?
Үнийн тогтвортой байдал хангагдаж, инфляци Төв банкны зорилтот түвшинд хадгалагдана гэсэн хүлээлт хэвээр байгаа. Үнийн түвшний өөрчлөлт эрэлт болон нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалдаг бөгөөд аль алийг нь төв банк анхааралтай ажиглаж байна. 2019 оны 2 дугаар хагасаас үнэд нөлөөлж байсан эрэлтийн талын хүчин зүйл бага зэрэг суларч эхэлсэн. Уул уурхайн салбарын идэвхжил, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, зээлийн үзүүлэлтүүд үүнийг илэрхийлж буй. Нийлүүлэлтийн талын хүчин зүйлсийн хувьд мах, хатуу түлш, шатахууны үнэ сүүлийн 2-3 жилд инфляцийг өсгөх нөлөө үзүүлж байсан бол сүүлийн саруудад энэ нөлөөлөл харьцангуй буурч, тогтворжсон. Коронавирустай холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсөлт ажиглагдаж байгаа ч хэрэглээний сагсанд эзлэх жин нь бага учраас инфляцид үзүүлэх нөлөө хязгаарлагдмал. Үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдээс авсан мэдээллээр өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай тул үнэд огцом нөлөөлөх эрсдэл бага гэж үзэж байгаа.
Мөн валютын нөөц 4.3 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа нь 9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд, богино хугацаанд ханшийн савлагаа үүсгэх, импортын барааны үнэд үзүүлэх дамжих нөлөөлөлд эрсдэл учруулахгүй байх боломжтой түвшин юм.
Санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг тогтвортой байлгахын тулд Монголбанкнаас ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?
Сүүлийн жилүүдэд Монголбанкнаас санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны системийн дархлааг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Хууль эрх зүйн орчны өөрчлөлтөөс эхлээд олон улсын шинэ стандарт, журмуудыг мөрдүүлэх гэх мэт богино хугацаандаа “гашуун эм” мэт мэдрэгдэхээр боловч дунд урт хугацаандаа эдийн засагт зайлшгүй чухал арга хэмжээнүүдийг авсан. Энэ нь зарим талаар зээлийн өсөлтийг сааруулах нөлөө үзүүлсэн байж болох ч ирээдүйд банкны системийг илүү тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилтийг тогтвортой нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж харж байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: trends.mn