"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл хөтөлбөрийн баг Хэнтий аймгийн "Зомсбэ" модон хавтангийн үйлдвэрт зочиллоо. Модны үнэртэй хамт будагны нялуун үнэр хамар цоргих тус үйлдвэр байгуулагдаад удаагүй ч хэрэглэгчдэд богино хугацаанд танил болж байгаа гэдгийг аймгийн хөдөлмөрийн хэлтсийнхэн онцолж байсан юм.
Хэнтий аймгийн төвд байх "Зомсбэ" ХХК-ийн зиг заг хавтан, модон эдлэл, гэрийн модны үйлдвэрийг өнгөрсөн намар ах дүү хоёр хамтран өөрсдийн хөрөнгөөр байгуулжээ. Өмнө нь ийм төрлийн ажил эрхлэж үзээгүй тэд баруун, зүүн бүсийн хэд хэдэн аймаг сумдаар явж хөдөө орон нутагт энэ төрлийн үйлдвэр хэрхэн үйл ажиллагаа явуулдаг болон тоног төхөөрөмж судлан нэлээд явж үзсэн байна. Өөрсдийн хөрөнгөөр байгуулсан тус үйлдвэр анх зөвхөн цэвэр модон зиг заг хавтан үйлдвэрлэхээр байгуулагдаж байсан ч давхар гэрийн тавилга үйлдвэрлэхгүйгээр төдийлөн ашигтай ажиллаж чадахгүйгээ мэдэрсэн үйлдвэрийн эзэд монгол гэрийн мод, орчин цагийн гэрийн тавилга, хаалга цонх гээд модоор хийж болох зүйлсийг хийж эхэлсэн нь хэдхэн сарын хугацаанд нэлээд амжилт олж, одоо зүүн бүсийн аймаг сумдаас хүртэл захиалга ирдэг болжээ. Үүнд урамшсан тэд өөрсдийн ажлын байртай болох түүнчлэн модны хаягдал үртсээ ашиглан шахмал түлш хийхээр судалгаа туршилтын ажилдаа ороод явж байгаа аж. Анх хоёулаа байсан тэд өнөөдөр найман хүнийг байнгын ажлын байраар хангаж, нийгмийн даатгалд бүрэн хамруулаад байгаа юм байна.
Хэдхэн сарын хугацаанд нэлээд амжилт олж, одоо зүүн бүсийн аймаг сумдаас хүртэл захиалга ирдэг болжээ.
/Модны захын талбай/
/Модны үртсийг ашиглаж хийсэн шахмал түлш/
Цаашдаа үйлдвэр өргөжихийн хэрээр орон нутгийн ажилгүй иргэдийг сургаж, дадлагажуулах замаар ажилчдынхаа тоог нэмэх бодолтой байгаа гэнэ. Хүнсний бараа биш учраас бүтээгдэхүүнээ дэлгүүрээр борлуулах боломжгүй бөгөөд одоогоор захиалгын дагуу л үйлдвэрлэл явуулж байгаа аж. Үйлдвэрийн ирээдүй их гэрэлтэй харагдаж байгаа талаар үйлдвэрийн үүсгэн байгуулагч цехийн дарга Д.Болдбаатар өгүүлж байлаа. Тэд цаашдаа зүүн бүсийг модон эдлэлээр хангах томоохон үйлдвэртэй болохоор зорилго тавиад ажиллаж байгаа юм байна.
Үйлдвэрийн нэг давуу тал нь өөрсдөө хатаалгын цехтэй бөгөөд нойтон модоо хатаагаад хэрэглэдэг нь эдийн засгийн хувьд харьцангуй хямд тусдаг гэнэ.
Үйлдвэрийн нэг давуу тал нь өөрсдөө хатаалгын цехтэй
Үйлдвэрийн цехийн дарга Д.Болдбаатар үйлдвэрийн технологи ажиллагааны талаар тайлбарласан юм.
-Эхлээд модоо хатаана. Их нойтон модыг хатаах шүүгээнд хийж 7-10 хоногт тасралтгүй галлаж хатаана. Харин бага зэргийн нойтон модыг 4-5 хоногт хатаадаг. Үүний дараа модоо яртай, яргүй болон чанар, хэмжээ хэлбэрээр нь ангилж ялгана.
/Хатаах шүүгээ/
/Зүсэгч машин/
/Зиг заг машин/
/Нарийн зүсмэлүүдээ уртааш нь наах машин/
/23 ширхэгээр нь тэгшилж наах машин/
Хатааж ялгасан модоо жижиглэж зүсэлт хийгээд зиг заг хийдэг машиндаа оруулна. Ингээд 23 ширхэгээр нь багцалж нийлүүлэн наана. Ингэж наасан хавтангаа хамгийн сүүлийн дамжлага буюу өнгөлгөөний машинд оруулж 3-4 удаа нарийн бүдүүн зүлгүүрээр зүлгүүрдэж дууссанаар зиг заг хавтан бэлэн болох аж.
/Өнгөлгөөний машин/
Биднийг зураг авч ярилцлага хийж явахад ширээн дээр томоос том тэмээний ширийг хайчилж зогсох эмэгтэйг хараад хажуугийн байранд байрлах гутлын үйлдвэрийн хүн юм болов уу, эсвэл ажилгүй учраас давхар өөр ажил хийж байгаа байх гэж таамаглаж байсан би тэсэлгүй түүнээс юу хийж байгааг нь асуусан юм.
Үйлдвэрийн анхны ажилчин Н.Оюунгэрэл энэ үйлдвэрт хавтангийн дамжлага дээр ажилладаг гэнэ. Эднийх гэрийн ханыг бат бөх үйлдвэрлэхийн тулд тэмээний ширийг шүүлж бэлдэн ханын үдээрийг хуучин аргаар хийдэг бөгөөд шүүлэхийн өмнө үсийг нь хайчилж багасгаж байсан нь тэр аж. Оюунгэрэл эгч ганц эмэгтэй ажилчин нь хэдий ч тэрбээр будах, сийлэхээс бусад үйлдвэрийн бүх дамжлага дээр ажиллахын зэрэгцээ ажилчдынхаа хоол ундыг давхар хийдэг юм байна.
тэмээний ширийг шүүлж бэлдэн ханын үдээрийг хуучин аргаар хийдэг
Нэг бүрчлэн өнгөлж, хээлсэн гэрийн мод болон өөрөөс нь ухаж сийлсэн сийлбэртэй авдрыг нь иргэд ихэд сонирхон худалдан авдаг бөгөөд энэхүү үйлдвэрийн талаар хэрэглэгч ийн ярьж байна.
-"Би баярын өмнө ширээ захиалахаар тэр үйлдвэрт очиж байсан. Үнэхээр юм хийе бүтээе гэсэн чин сэтгэлтэй залуучууд байгаа юм. Бүтээгдэхүүнүүд нь ч их боломжийн санагдсан. Жаахан дэмжээд өгвөл зүүн бүсээ хангах цэвэр модон эдлэлийн үйлдвэр болох боломжтой. Тэгэхдээ бас нэг зүйлийг хэлэхэд яг мэргэжлийн хүн жаахан дутагдалтай байгаа нь ажиглагдсан. Хэрвээ мэргэжлийн 1-2 хүнтэй болчихвол ч ирээдүй нь гэрэлтэй харагдаж байна лээ шүү. Мэргэжлийн хүн хэрэгтэй гэдгийг би очихдоо тэр залууст хэлсэн. Дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байсан" гэж ярьсан юм.