Бидний уулзсан дараагийн Баялаг бүтээгчид бол Дундговь аймгийн “Саруул сүмбэр” ХХК-ийн “Үлэмж чанар” бэйкерийн хамт олон байв. Аймгийнхаа хүнсний хэрэгцээний 30 хувийг хангадаг тэдний хувьд ихийг хийх хүсэл тэмүүллээр дүүрэн ажилладаг. Орлого муу үед цалингүй ч ажиллаж болно гэх хамт олных нь үг тэднийг ажилдаа хэрхэн ханддагийг харуулах биз ээ.
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Үлэмж чанар” бэйкери үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байна. Анх бизнесээ яаж эхэлж байв?
-10 гаруй жил хүнсний дэлгүүр ажиллуулсан болохоор үйлдвэрлэл эрхэлмээр санагдаж, анх 2013 онд би компаниа байгуулсан. Хүмүүс ид үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байсан үе болохоор ч тэр үү, надад болохгүй, бүтэхгүй гэсэн бодол орж ирээгүй. Тэгээд түргэн хоолоор эхэлж, дараа нь бэйкерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Харин одоо бүх төрлийн хоолоор үйлчлэхээс гадна, бялуу, пирож гэх мэт бэйкери бүтээгдэхүүн, хэрчсэн гурил гээд үйлдвэрлэл маань өдрөөс өдөрт өргөжиж байна даа. Одоогоор найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ ирэх жил энэ тоо илүү олон болох байх.
-Энэ төрлийн бусад үйлдвэрчлэгчдээс танайх юугаараа онцлогтой вэ?
-Бид бүтээгдэхүүндээ химийн найрлага оруулахгүй байхыг хичээдэг. Энэ л манай хамгийн том онцлог юм уу даа. Мөн манай хэрчсэн гурил, бургер, талх зэрэг бүтээгдэхүүн аймагтаа борлуулалт сайтай байдаг. Хадгалах хугацаа дуусна гэх асуудалгүй өдөртөө л зарагдаж дуусдаг. Энэ жилийн хувьд манай хэвийн боов онцлох бүтээгдэхүүн байсан. Орон нутгийн жижиг үйлдвэр гэхэд ердөө сарын хугацаанд 20.000 гаруй хэвийн боов үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэсэн. Захиалга ихтэй байсан. Үйлдвэрлэл маань арай илүү том байсан бол түүнээс ч олныг үйлдвэрлэх байсан байх.
-Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгардаг хамгийн том хүндрэл бол санхүүгийн асуудал байдаг. Танай компани үүнийг хэрхэн шийдсэн бэ?
-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газрын зээлийн хөнгөлөлтийн нөхцөл нь таалагдсан учраас 100 сая төгрөгийн зээлийн төсөл бичсэн ч бидэнд 35 сая төгрөгийн зээл олгосон. Уг нь бидэн шиг үйлдвэрлэгчид зээл авч байж л иргэдийг ажлын байраар хангаж, үйлдвэрлэл явуулах боломжтой болно. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах нь эх орны хөгжилд том алхам болно. Энэ л улс орны хөгжлийг бага ч гэсэн ахиулна шүү дээ. Миний хувьд анх бизнесээ эхлэхээс л банктай харилцаатай байж, жил бүр төслөө өргөжүүлж, зээл авдаг болсон.
-Бизнес эрхлэгчдийн хувьд үйлдвэрлэлийн өмнөх том асуудал нь зээлээ оновчтой зарцуулах байдаг. “Саруул сүмбэр” компани энэ асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?
-Үйлдвэрлэл явуулж байгаа бусад хүмүүс яаж зохицуулж байгааг харж, нэлээд туршлага судалсан. Гэхдээ шинээр үйлдвэрлэл явуулж байхад байрны асуудал их хэцүү байсан. Авсан зээлийн маань ихэнх хэсэг шинээр байр барихад зориулагдаж байв. Уг нь бид тиймэрхүү зарлагаа тооцож зээлийн төсөл бичдэг боловч хэд дахин бага зээл өгдөг л дөө. Тэгэхээр тооцоолсноосоо бага хэмжээнд ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ анх эхэлж байсан болохоор жижиг зээл ч боломжийн санагдаж байсан.
-Орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчид нэмэгдсээр байгаа өнөө үед иргэдийн худалдан авах чадвар хэр байна вэ?
-Дундговьчууд худалдан авах чадвар сул гэж ярьдаг ч миний хувьд эсрэгээр нь боддог. Өнөө цагт хүмүүс эрүүл хүнс сонгох нь их болсныг хэлэх үү, хүмүүс чанартайг нь илүүд үзэх болсон. Манай зарим бүтээгдэхүүнүүд дэлгүүрт тавигдсан эхний өдрөө л зарагдаж дуусдаг. Мөн өдөрт хэд хэдэн бялууны захиалга орж ирдэг. Тэгэхээр бүтээгдэхүүнээ хэр үйлдвэрлэснээс л худалдан авалт хэр байх нь шийдэгддэг гэж бодож байна.
-Аймгийнхаа хүнсний хэрэгцээний багагүй хувийг нийлүүлдэг компанийн хувьд ажилчдынхаа асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Манай компанид хоол, бэйкеригийн хоёр ахлах тогооч ажиллаж байна. Мөн хэд хэдэн туслах тогооч бий. Ажлын байр, тоног төхөөрөмжийн тал дээр анхаарч ажилладаг болохоор манайд ажиллахаар ирсэн хүмүүс их сэтгэл хангалуун байдаг. Заримдаа орлого муудсан үед зарим ажилчдаа амраах уу, цалингаа танах уу гэхээр цалингаа хасуулъя л гэдэг. Ажилчид маань ажилдаа дуртай болохоор бид ч сэтгэл хангалуун байдаг.
-Хүнсний салбарын аюулгүй байдлын асуудал өдрөөс өдөрт хөндөгдсөөр байна. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд энэ тал дээр хэрхэн ханддаг вэ?
-Манай салбарт ариун цэврийг эрхэмлэх нь нэн тэргүүний шаардлага байдаг. Тийм болохоор зургаан сар болоод л шинжилгээнд хамрагддаг. Мөн бүтээгдэхүүнийхээ дээжийг хяналт шинжилгээнд оруулдаг.
-Ирээдүйд компаниа ямар болгохыг хүсдэг вэ?
-Энэ талаар амарч суухдаа, заримдаа унтахдаа хүртэл төсөөлж бодож, зүүдэлдэг. Тэрийг хийвэл яах бол, ийм бүтээгдэхүүн туршиж үзэх үү гээд л. Шинэ салбар нээх бодолтой байна. Мөн энэ жилээс төрөл бүрийн нарийн боов үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа. Энэ тал дээр улсын томоохон үйлдвэрүүдээс туршлага судална даа.
-Танай хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Улс орондоо хийж, бүтээж байгаа хүмүүсийг дэмжиж ажиллаж байгаа “Масс агентлаг”-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Эх сурвалж: mass.mn