“Баялаг бүтээгч” булангийнхаа энэ удаагийн дугаараар үндэсний үйлдвэрлэгч “Хүлэгт тайж” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. “Хүлэгт тайж” компани нь анх хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлж байсан бол одоо 20 гаруй бүтээгдэхүүнийг хатгамлын аргаар үйлдвэрлэж байна. Мөн тэд ухаант дээдсээс уламжилж ирсэн “Хорол” тоглоомыг үйлдвэрлэж цаашид түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна. Ингээд бид “Хүлэгт тайж” компанийн захирал Б.Хүлэгтбаатартай ярилцлаа.
- “Хүлэгт тайж” компани хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ?
- “Хүлэгт тайж” компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2011 оноос компьютер хатгамлын чиглэлээр үйлдвэрлэлээ өргөжүүлсэн. Мөн энэ оноос “Тайж” брэндийг үйлдвэрлэж эхэлсэн дээ.
- Танай компани хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
- Одоогоор 20 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 5-6 хүний бүрэлдэхүүнтэй гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлж байна.
- “Тайж” брэндийн бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авах боломжтой вэ?
- “Тайж” брэнд нь зөвхөн Улсын их дэлгүүрээр худалдаалагдаж байгаа. Мөн нэрийн барааны дэлгүүрээ “Дүнжингарав” худалдааны төвд нээсэн. Түүнчлэн цагаан сарын үзэсгэлэнгүүдээр манай нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Дээрээс нь Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ гаргадаг.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тоног төхөөрөмж маш чухал. Тухайлбал гол тоног төхөөрөмж болох компьютер хатгамлын машиныхаа талаар танилцуулахгүй юу?
- Тэгэлгүй яахав. Бүрэн автомат хатгамлын машинаар хавтгай оёдол болон богино цамц, малгай зэрэгт чимэглэл хийж гурван үйлдлээр хатгаж оёдог. Хатгамлаа компьютер машин дээр оёсны дараа гар машинаар оёдол хийгээд дараа нь савлаж, шошго хийгээд бүтээгдэхүүн бэлэн болно.
- “Тайж” брэндийн бас нэгэн нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн бол “Хорол” тоглоом байгаа шүү дээ. Энэхүү тоглоомын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- “Хорол” тоглоом нь Хүннүгийн үеэс улбаатай гэж үздэг. Тухайн үед “Жил” гэсэн тоглоомыг тоглодог байсан. Харин Манжийн дарлалын үед энэхүү тоглоомыг сэргээгээд “Хорол” нэртэйгээр гаргасан. Тэр үед даалуу нь хаад ноёдын дунд маш хүчтэй дэлгэрч, үүнийг дагаад мөрийтэй тоглоом хүчээ авсан гэдэг. Мөн энгийн ард иргэд ч даалууг ихээр тоглож байжээ. Өөрөөр хэлбэл даалуу тоглоом газар авч, өрийн сүлжээ үүссэн аж. Тиймээс “Хорол” нэртэй тоглоомыг ухаант дээдсүүд минь шинэчлэн гаргаж, дэлгэрүүлсэн түүхтэй.
- “Хорол” тоглоомыг хэрхэн тоглох талаар хүмүүс бараг мэдэхгүй. Яаж тоглодог юм бэ?
- Даалууны цай хураахтай төстэй. Гэхдээ билэгдэл болоод оюун санаа, уламжлалын тал дээр агуу тоглоом. Монгол айл бүрийн шүтээн болох тоглоом гэж хэлж болно. Энэхүү тоглоомыг цагаан сарын өдрүүдээр гэр бүлээрээ тоглож тухайн жилийнхээ мууг арилгаж сайныг дууддаг домын тоглоом юм.
- Тэгвэл өнөөдөр “Хорол” тоглоомыг хүмүүс хэр худалдан авч, тоглож байна?
- Хүмүүс энэ тоглоомыг мэдэхийн хувьд мэддэг. Жишээ нь миний аавын насны хүмүүс ярихдаа ”Миний аав, өвөө тоглож байсан” гэж ярьдаг. Гэхдээ дунд нь тасалдаж, мартагдах шахсан учир одоо бид энэ тоглоомыг аваад яах ч билээ хэмээн хандах хүмүүс цөөнгүй. Уг нь энэ тоглоомыг тоглоход маш энгийн. Харамсалтай нь социализмийн шуурганд энэ тоглоом устах шахсан. Тиймээс бид уламжлалаа мартахгүйн тулд дахин сэргээж цагаан сарын өдрүүдэд зөвхөн бэлэг болгон солилцохоос гадна “Хорол”тоглоомоороо наадан цэнгэж ,тухайн жилийнхээ өнгийг тодорхойлж, заслаа хийж байя гэсэн үүднээс манай компани энэхүү тоглоомыг үйлдвэрлэж эхэллээ.
- Уламжлалт тоглоомын үнэ ямар байна вэ?
- “Хорол” тоглоомыг манай нэрийн барааны дэлгүүр болон бусад цагаан сарын үзэсгэлэнгээр 40.000 төгрөгөөр худалдаалж байна. Хэрэв энэхүү тоглоомыг таваас дээш авсан тохиолдолд 35 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Мөн монголын уламжлалт баярууд болох цагаан сар, наадмын өдрүүдэд манай компанийн зүгээс бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээгээр хямдруулдаг. Жишээ нь удахгүй болох сар шинийн баярыг угтан 10-30 хувийн хямдрал зарласан.
- Танайхаас өөр хатгамлын төрлөөр ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани бий юу?
- Одоогоор байхгүй. Зөвхөн ажилчдын хувцас, хаяг, шошго зэргийг хатгадаг компани байхаас яг манайх шиг хатгамлын чиглэлээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг компани алга.
- Тэгвэл танайхыг “Хорол” тоглоомыг үйлдвэрлэсэн анхдагч компани гэж ойлгож болох уу?
- Сийлбэрчид болон гарын уртай хүмүүс ганц нэг хийсэн харагддаг. Харин одоогоор энэхүү тоглоомыг үйлдвэрлэдэг компани манайхаас өөр байхгүй.
- Олон төрлийн ач холбогдолтой “Хорол” тоглоомыг маш сайн судалсны эцэст үйлдвэрлэсэн нь мэдээж. Энэ тоглоомыг үйлдвэрлэх санаа хэзээ төрсөн бэ?
- Мэдээж бид энэхүү тоглоомыг зүгээр нэг үйлдвэрлээгүй. МУИС-ийн професорын багтай хамтран ажилласан. Тус сургуулийн багш доктор н.Нандинбилэг “Хорол” тоглоомын талаарх судалгааг өнөөдрийг хүртэл хийж байгаа. Энэ хүн “Хорол”тоглоомын түүх, соёл, уламжлал, заавар зэргийг багтаасан номыг бидэнд өгсөн.
- Таны бодлоор баялаг бүтээгчдээ төр дэмжиж байна уу. Дэмжлээ гэж бодоход нүдээ олдог уу?
- Бид өөрсдийнхөө бор зүрхээр үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна. Ямар ч зах зээлгүй нөхцөлд борлуулалт хийнэ гэдэг хэцүү. Бид шиг залуу хүмүүст үл хөдлөх хөрөнгө гэж байхгүй. Тэгэхээр ямар ч төсөл байсан заавал үл хөрөнгөтэй байхыг шаарддаг. Тиймээс бид зээл авна гэдэг үлгэр болдог. Засаг солигдоход л нэг бодлого тодорхойлдог. Үнэнийг хэлэхэд жижиг дунд үйлдвэрлэгчид бор зүрхээрээ ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр төрөөс биднийг дэмжлээ гэж бодоход нүдээ олж эзэндээ хүрэх нь ховор. Аливаа улс уг нь жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж байж хөгждөг. Жишээ нь Япон байна. Тэгэхэд жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжихээс илүү хятадаас бараа зөөж худалдах нь илүү ашигтай болж байна.
- Иргэдийн дунд үйлдвэрлэгчдийг хятадаас бүтээгдэхүүнээ оруулж ирээд, сав баглаа, боодлыг нь солиод борлуулдаг гэсэн ташаа ойлголт байдаг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Тийм асуудал байнга гардаг. Бид хөдөлмөрлөж байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Харамсалтай нь хятадад үйлдвэрлэсэн байна, хятад машинаар хатгасан байна гэх зэргээр биднийг шүүмжилдэг. Хятадаас оруулж ирээд өөрийн шошгыг хадаад худалдаалж байна гэж ойлгодог. Энэ мэт элдвээр хэлүүлж байгаа нь бидэнд бас нэг дарамт болдог.
- Баярлалаа. Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.
- Танай хамт олонд мөн ажлын амжилт хүсье. Баярлалаа.
Эх сурвалж: mass.mn