Бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” булангаараа “Энхжин сувенир хаус”-ийн бүтээлийг олонд хүргэхээр зорилоо. Тус хамт олон нь монгол бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг гэдгээрээ олонд танигдсан бөгөөд жижиг дунд бизнес эрхлэгчидтэй хамтарч ажилладаг юм. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирал Э.Урьхантай ярилцлаа.
-Бизнесийн гараагаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Манай гэр бүлийн бизнес л дээ. Монгол бэлэг дурсгал гэхээр яахаараа худалдааны төв эсвэл дэлгүүрийн лангуунд шороонд дарагдсан байх ёстой гэж. Энэ байдлаасаа гарахын тулд, монгол бэлэг дурсгал, бүтээгдэхүүний хүндийг өргөхийн тулд энэхүү дэлгүүрээ байгуулсан. Манай дэлгүүрийн үүдээр орж ирэхэд л монгол уур амьсгал мэдрэгдэж байгаа. Зүгээр л хүмүүсийг арай өөрөөр, монгол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гэж юу байдаг гэдгийг хараасай, бид бүтээж чадаж байгаа шүү гэдгийг л мэдрээсэй гэж хүссэн.
-Дэлгүүрээ нээгээд хэдэн жил болж байгаа вэ?
-Манайх дэлгүүрээ нээгээд 5-6 жил болж байна. Ерөнхийдөө дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний 80 хувийг гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийлүүлдэг. Харин 20 хувийг нь бид өөрсдөө үйлдвэрлэдэг. Дээрээс нь гэрээрээ үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн үйлдвэрлэлийг дэмжиж, барааг нь борлуулж, борлуулалтаасаа тодорхой хувийг нь авдаг.
Дарга өөрчлөгдөхөд бодлого зогсдог нь дарамт болдог
-Нийт хичнээн хүнтэй хамтарч, хэдэн төрлийн бэлэг дурсгалын бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа вэ?
-Яг тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ төрөлжүүлбэл ноос ноолуур, эсгий, даавуун, арьс ширэн, мод, чулуун бүтээгдэхүүн гэсэн цөөн төрөлд хуваагддаг. Харин шахмал бүтээгдэхүүний хувьд гипс, авто замаск, хатуулга зэргээр хийсэн олон зүйлс бий.
-Монголд гар урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийдэг газрууд олон болсон. Тэгвэл танайх тэднээс юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Манай компанийн давуу тал нь худалдаа, үйлдвэрлэлээ хамтад нь авч явж чаддагт оршдог гэж бодож байна. Ер нь ийм аж ахуйн нэгж ганцхан байдаг гэж хэлж болно доо. Тэрний давуу тал нь юу вэ гэхээр худалдан авалтад тулгуурлан худалдан авагч нар юу сонирхож байна гэдгийг мэдээд хэрэгтэй зүйлийг нь үйлдвэрлэдэг гэсэн үг. Жишээлбэл, манайх бүтээгдэхүүн үйлдвэрлээд хэрэгтэй эсэхийг мэдэхгүйгээр лангуун дээрээ авчраад тавьчихдаг байсан. Харин өөрсдөө худалдаагаа хариуцаад ирэхээр үнэхээр өөр байдаг юм байна.
Зүгээр л хүмүүсийг арай өөрөөр, монгол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн гэж юу байдаг гэдгийг хараасай, бид бүтээж чадаж байгаа шүү гэдгийг л мэдрээсэй гэж хүссэн.
-Гэрээр гар урлалын үйлдвэрлэл эрхлэгчдэд борлуулалтын шимтгэл дарамт болдог юм билээ. Харин танайх үүнийг хэрхэн шийддэг вэ?
-Манайх худалдан авагч нартайгаа шууд тулж харилцдаг болохоор өөрсдийн хийсэн бэлэг дурсгалын зүйлээ тавих сонирхол их байдаг л даа. Анх бид хүмүүсээс бараагаа авч гэрээгээ байгуулахдаа тодорхой хувь зааж байгаа шүү дээ. Тэрийг зөвшөөрөөд л бидэнтэй гэрээ хийж, бараагаа байршуулдаг. Тэгээд худалдан авагч нарт борлуулахдаа бид өөрсдийнхөө хувиас хасч өгдөг. Өөрөөр хэлбэл, 10 мянган төгрөгийн бараа тавиуллаа гэхэд бид өөрсдийн авах хувиасаа хямдруулаад үнийг буулгаж зардаг гэсэн үг. Тиймээс худалдаж авч байгаа хүн нь ч сэтгэл ханамжтай, үйлдвэрлэсэн хүн нь ч санаа зовох зүйлгүйгээр бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг. Тэрнээс биш бид хатуу хувь тогтоочихоод, тогтсон үнээс нь буулгахгүй гээд гэдийгээд зогсчихвол хэн ч худалдаж авахгүй шүү дээ.
-Нийт бараа бүтээгдэхүүний 20 хувийг нь өөрсдөө үйлдвэрлэдэг гэсэн. Тэгвэл тэр 20 хувьд ямар бараа бүтээгдэхүүн багтаж байгаа вэ. Үйлдвэр нь хаана байрлаж байгаа вэ?
-Манайх дэлгүүрийнхээ хойд хэсэгт нь үйлдвэрлэлээ эрхэлж байгаа. Бэлэг дурсгалын зүйл гэдэг нь өөрөө улирлын чанартай байдаг. Тиймээс одоо цагаан сар болох гэж байгаа учраас хэтэвч, жижиг эдлэлээ илүү түлхүү үйлдвэрлээд явж байгаа. Учир нь худалдан авагч нарын сонирхолд нийцүүлж байна.
-Цагаан сар болох гэж байгаа учраас ард иргэд гадагшаа явж илүү хямд төсвөөр олон зүйл худалдаж авахыг эрмэлздэг. Тэгвэл энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Дэлгүүртээ эсвэл үзэсгэлэн яармагт оролцоход монголд үйлдвэрлэсэн бараагаа авах гэхээр хэтэрхий үнэтэй байна гэсэн шүүмжлэл их ирдэг л дээ. Үнэтэй байхаас ч аргагүй. Учир нь бид арьсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас үнэтэй байдаг. Өөрийнх нь өртөг, түүхий эдийн үнэ, ажилчдын цалин гэх мэт бүх шаардлагатай төсөв орж байж ийм үнэтэй болдог. Тэгээд нэг удаа ч гэсэн ард иргэд маань сэтгэл гаргаад хятадын хиймэл утсаар нэхсэн таван оймс авахын оронд монголдоо үйлдвэрлэсэн тэмээний ноосон хоёр оймс авчих л даа гэж гуймаар байдаг юм. “Харамч хүн илүү ихийг зардаг” гэсэн монголын зүйр цэцэн үг байдаг. Тэгвэл Хятадын гуравхан сарын эдэлгээтэй таван мянган төгрөгийн үнэтэй хиймэл арьсан хэтэвч авахын оронд 20 мянган төгрөгийн үнэтэй, хоёр жилийн эдэлгээтэй үхрийн ширээр хийсэн хэтэвчийг авч яагаад болохгүй гэж.
-Монгол бүтээгдэхүүн эдэлгээтэй сайтай учраас монгол бүтээгдэхүүнээ аваачээ гэсэн үг юм байна. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Ядаж ялгааг нь олоод харчихдаг байгаасай л гэж хүсэж байна. Тэрнээс биш зөвхөн өнгө үзэмжийг нь хараад авах биш, чанарыг нь олж хардаг байгаасай. Дээрээс нь манайхан монголоо гэх сэтгэлтэй байх хэрэгтэй байна. Солонгосчууд монголд ирэхээрээ солонгос буудалдаа буугаад, солонгос хоолоо идээд, солонгос газруудаа үйлчлүүлчихээд л яваад өгдөг. Түүн шиг манайхан яагаад ийм байж болохгүй гэж. Монгол бүтээгдэхүүнээ хэрэглээд, газраараа үйлчлүүлээд явж болно шүү дээ.
Хятадын хиймэл утсаар нэхсэн таван оймс авахын оронд монголдоо үйлдвэрлэсэн тэмээний ноосон хоёр оймс авчих л даа гэж гуймаар байдаг юм
-Тэгвэл түүхий эдээ 100 хувь дотоодоосоо авдаг уу?
-Манай үйлдвэрлэл түүхий эдээ 100 хувь дотоодоосоо авч чадахгүй байна. Учир нь 100 хувьд хүргэе гэхээр бид товч, цахилгаан үйлдвэрлэх хэрэгтэй болж байгаа. Одоогоор 60 хувийг дотоодоосоо хангаж байна. Товч, цахилгаан болон жижиг эдлэлүүдээ гадаадаас авахаас өөр арга байхгүй.
Гэхдээ энэ тийм ч муу үзүүлэлт биш. Манайхан хэрээрээ бүх зүйлийг өөрсдөө үйлдвэрлэх гээд хичээдэг. Чадаж ч байна. Ер нь дотооддоо үйлдвэрлэж байгаа хүмүүсээ дэмжих ажиллах хэрэгтэй. Гараараа бүтээгдэхүүн урладаг мундаг залуус манайд байгаа шүү дээ. Гэтэл тэд яагаад энэ салбар луу орж ажиллахгүй байгаа вэ гэхээр бид нарын үнэлэмж маш бага байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэр хүний хөдөлмөрийг үнэлэх үнэлэмж нь бага байна. Жишээлбэл, бүтэн нэг долоо хоног ажиллаж нэг морин хуурыг хийлээ. Тэр хүний ур ухаанаа зарж хийсэн зүйлийг хэд дахин бага үнэлэхээр тэр хүн яаж дахин хийх юм бэ.
Тэгэхээр морин хуураа хийхээ болиод уул уурхай, барилгын цалин сайтай салбар луу яваад орчихдог. Энэ миний хамгийн их харамсаж явдаг зүйл. Сайхан залуучууд маань мэргэжлийн сургуулийг төгсөөд хийж бүтээе гэсэн сэтгэлтэй байхад бид тэднийг ашиглаж чадахгүйд гол учир нь байна.
-Танайх хэдэн ажилтантай вэ?
-Нийт 8-9 хүн ажиллаж байна.
-Одоогоос хэдэн жилийн өмнө манайд үндэсний бэлэг дурсгалын зүйл ховор байсан. Харин одоо олон болсон. Энэ чиглэлийн салбар хэр өрсөлдөөнтэй байдаг бол?
-Тийм шүү. 8-9 жилийн өмнө гадаад руу үндэсний бэлэг дурсгалын зүйл авч явах гэхээр олигтой зүйл олддоггүй гэдэг байсан. Харин одоо бол сайжирсан. Бид нарыг жоохон байхад их дэлгүүрийн лангуун дээр ганц хоёрхон зүйл л харагддаг байлаа. Тэгээд зах зээлд шилжихээр хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болж ирэхээр өрсөлдөөн бий болсон. Тийм болохоор одоо түүхий эд нь ч сайжирсан, бүтээгдэхүүн нь ч бас адил. Хүмүүсд энийг аваачээ гэж хэлэхэд нүүр бардам болсон шүү.
-Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хэд хэдэн төсөл хөтөлбөр бий болгосон. Энэ нь хэр хүрч ажиллаж байгаа гэж бодож байна вэ?
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих гэж оролдож байгаа нь үнэхээр сайшаалтай. Үүнд ч бид хамрагдаж, үр дүнгээ ч өгч байгаа. Харин үүнийгээ битгий зогсоогоосой, цааш нь үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна.
-Тэгвэл та нарын хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байгаа вэ?
-Шийдвэр гаргагчдын ажил зогсохоор бид нарын ажилд шууд нөлөөлдөг. Сайхан бодлого боловсруулаад, төсөл хөтөлбөрт нь хамрагдаад явж байтал хүн нь солигдоод, бодлого нь өөрчлөгдөхөөр тэр ажил нь шууд хаагдчихдаг. Тэр нь бидэнд шууд нөлөөдөг. Тиймээс бодлогоо зөв тогтоогоод, чиглүүлээд өгвөл дарга цэрэг нь солигдсон ч тэр нь үргэлжлээд л явна. Хэрэв тэгвэл үйлдвэрлэл эрхлэгч нарт амар байгаа юм.
-Танай компанийн ирээдүйн зорилго юу вэ?
-Гар урлал эрхэлдэг жижиг үйлдвэрлэл эрхлэгчдэд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол ажлын мэргэжилтэн бэлтгэх асуудал юм. Жишээлбэл, бидний чиглэлээр бэлтгэгдсэн хүмүүс маань сургуулиа төгсөж ирээд практик дээр ажиллах гэхээр туршлага дутуу, ажиллах хүч нь ч бага байдаг. Ирэхээр нь өөрсдөө сургаад авдаг. Үүнд тодорхой хэмжээний цаг хугацаа алддаг ч гэсэн ирээд сурсан хүн нь хийж сурсныхаа дараа өөрөө хувиараа бизнес эрхлэх гээд явчихдаг. Үүнд буруутгах арга байхгүй. Гэхдээ тэгэхгүйн тулд бид боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй байна. Бид нар өөрсдөө сургаад бэлтгээд, ажлын байраар хангаж өгвөл тэр хүн нь 4-5 жил ажиллаад, тэр үйлдвэртээ өгөх ёстой зүйлээ өгчихөөд хувиараа бизнес эрхэлж болно. Тэгэхгүй бол 2-3 сар ажиллачихаад гаднаас нь хараад би энийг хийж чадах юм байна гээд хаяад явчихдаг хүмүүс олон бий. Иймэрхүү асуудал бүх үйлдвэрт байдаг. Тийм болохоор манай компанийн ирэх таван жилийн төлөвлөгөө бол үйлдвэр урлалын боловсон хүчин бэлтгэх сургууль байгуулна гэж бодож байгаа. Ямар машин, тоног төхөөрөмж дээр ажиллах хүн хэрэгтэй байна, тэрийг нь бэлтгэдэг болох хэрэгтэй. Тэгээд үйлдвэрүүдтэй гэрээ байгуулаад дадлагажуулдаг, төгсөөд ажлын байраар нь хангаж өгдөг болно.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье
Эх сурвалж: mass.mn