“Масс"агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг санаачлагч Ч.Даваабаяртай ярилцлаа.
- МАСС АГЕНТЛАГ “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Эдийн засаг хүнд байгаа энэ үед зөвхөн төрд найдах биш хувийн хэвшил ч баялаг бүтээгчдээ дэмжих ажил эхэлж байгаа нь үнэхээр сайн жишиг байна?
- Баярлалаа. Монголчууд бид дэм дэмэндээ дээс эрчиндээ гэж ярьдаг. Бас тэнхээтэй явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал ч гэж сургадаг. Энэ бол хэрэгтэй үед нь хэрэгцээтэй зүйлээр нь тусал. Дэм тусад бага зүйл гэж байдаггүй гэдгийг л өвөг дээдэс сургасан хэрэг. Бас цагаа олсон дэмжлэг, араасаа амжилт дагуулах нь ч элбэг. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бид зөвхөн төр юу хийх бол гэж шаардаад, хараад суух биш дор бүрнээ эрвийх дэрвийхээрээ ажиллаж, нэг нэгнээ түшиж дэмжиж байж босч ирнэ. Тиймээс МАСС АГЕНТЛАГ “Баялаг бүтээгчдээ дэмжинэ” төсөл хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлж байна. Бид баялаг бүтээгчдийн эрхэлж байгаа ажил, явуулж байгаа үйлдвэрлэл, шинэ санаа, шилдэг технологийг олон нийтэд ETV, MASS телевизүүд, FM радио, www.mass.mn сайт, Facebook хуудсанд 308 мянган дэмжигчтэй Mass official пэйж зэрэг сошиал мэдээллийн өргөн сүлжээгээр сурталчилан хүргэж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар бид 60 гаруй баялаг бүтээгчийг дэмжиж үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчилсан байна.
- Танай төсөлд хамрагдах баялаг бүтээгчид ямар нөхцөл хангасан байх ёстой вэ. Эсвэл баялаг бүтээгч бүрт нээлттэй байх уу?
- Ер нь баялаг бүтээгч гэдэг ажил хөдөлмөр эрхэлж, үйлдвэрлэл явуулж байгаа монгол хүн бүр, монгол аж ахуй нэгж бүр. Тэр дундаа ганц , хоёрхон гэлтгүй ажлын байр бий болгож, өрхийн үйлдвэрлэл эрхэлж амьдралаа аваад явж “зөвхөн Монголынх” гэх бүтээгдэхүүн гаргаж байгаа жижиг дунд үйлдвэрлэгч Монголд цөөнгүй байна. Ийм баялаг бүтээгчид өнөөдөр Монголын зах зээлийн талаас илүү ажлын байрыг бий болгож байна. Нийгэмд тэд ийм их ачаа үүрч байгаа мөртлөө, тэдэнд чиглэсэн хангалттай дэмжлэг алга л байна. Яагаад Монгол улс ганцхан уул уурхайгаа ашиглаж хөгжих ёстой гэж. Монголчууд бид нийт хэрэглээнийхээ 70 орчим хувийг гаднаас импортлодог. Бид энэ 70 хувиа, ядаж үүнийхээ талыг гаднаас авахаа болиод, өөрсдөө хийдэг болчихвол гадагшаа урсдаг мөнгө Монголдоо үлдэнэ гэсэн үг. Энэ хэрээр ажлын байр бий болно. Ашиг орлого ч нэмэгдэнэ. Амьдралын түвшин ч өснө. Тиймээс бид ийм баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй байгаа юм. Төрийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээл, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулдаг ч бүх үйлдвэрлэл эрхлэгчид үүнд тэгш хамрагдаж чаддаггүй. Тиймээс бид үндэснийхээ баялаг бүтээгчдэд тэгш боломж олгоно.
- Ямар ч үнэ төлбөргүй энэ олон иргэн, аж ахуйн нэгжийг дэмжинэ гэсэн үг үү. Танайх чинь нэг талаар олон нийтэд үйлчлэх ёстой хэвлэл мэдээллийн байгууллага ч гэсэн, нөгөө талаар мөн л ашиг олох гэж ажиллаж байгаа бизнесийн байгууллага шүү дээ?
- Тиймээ бид ч гэсэн медиа зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага, бас нэг талаас баялаг бүтээгч. Ийм учраас л бид өнөөдөр баялаг бүтээгчдэд өсөж дэвжихэд олон хүндрэл байгааг олж харсан. Бас эдийн засаг хүнд байгаа энэ үед нийгмийг түүчээлж явдаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэдэг зүйлээ ч хэрэгжүүлэх ёстой. Манай зах зээлд баялаг бүтээгчдэд тулгардаг үндсэн бэрхшээлүүдийн нэг нь зах зээлээ олж авах, борлуулалтаа хийх. Үүний тулд яах аргагүй бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаагаа сурталчилах хэрэгтэй болдог. Гэтэл энэ бүхэн мөн л өөрийн гэсэн өртөгтэй. Өөрийн чадлаараа өндийх гэж яваа жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд зар сурталчилгаанд зарцуулах мөнгө тэр бүр хүрэлцэхгүй. Тиймээс бид юу байна түүгээрээ гэдэг шиг юм хийх гээд зүтгэж байгаа энэ баялаг бүтээгчдийг дэмжиж үнэ төлбөргүй сурталчилаад өгье гэж байгаа юм. Бид өнөөдөр эдгээр баялаг бүтээгчдийг дэмжлээ гэхэд тэд маргааш хөл дээрээ босоод эргээд зах зээлийн бусад салбаруудаа тэтгээд явна. Энэ бол дэм дэмэндээ хөгжинө гэдэг санаа юм.
- Та бүхний энэ ажил олон нийтээс багагүй дэмжлэг авч байх шиг байна?
- Мэдээж баялаг бүтээгчид талархалтай хандаж байна. Дээр нь олон нийт ч биднийг дэмжиж байна. Твиттер, фэйсбүүк гэх мэт олон нийтийн цахим сүлжээнд хандаж байгаа хэрэглэгчдийн сэтгэгдлээс үүнийг харж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын нэг том хүч бол олон нийтийн санаа бодолд нөлөөлж чаддаг. Харин бид өнөөдөр үүнийг зөв зүйлд ашиглах ёстой. Бид эх орон, үндэстэн гэж хийсвэр зүйл ярихаасаа өмнө үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ жирийн иргэнээсээ эхлээд, төрийн байгууллага, сайд дарга нар, ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч хүртлээ дэмжиж авч хэрэглэдэг байх ёстой. Энэ бол эх оронч, үндэсний үзлийн илрэл. Монголчууд нэг санаатай ингэж хөдөлбөл энэ хэдэн баялаг бүтээгчид маань өндийгөөд л ирнэ. Бас энэ их дэмжлэг, урмыг дагаад тэдний бүтээгдэхүүний чанар сайжирна, үнэ хямдарна. Ер нь сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хэрэглэе гэдэг хандлага улам тэлж байна. Үүнийг улам цаашаа дэлгэрүүлэхэд бид “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрөөрөө хувь нэмрээ оруулна. Дээр нь энэ төсөл хөтөлбөр баялаг бүтээгчид, олон нийт, төр гурвыг холбох гүүр болох ёстой. Тэд яаж ажиллаж байна, ямар бэрхшээл тулгарч байна, юу хүсч байна. Төрийн гаргасан бодлого, шийдвэр бодит амьдралд яаж тусгалаа олсон байна гэдгийг баялаг бүтээгчдийг дэмжих энэ аянаас харж болно. Эргээд энэ бодит тусгалаа хараад төр алдаа оноогоо дүгнэх ч боломж олдоно. Ийм эргэх холбоо үүсгэх нь бидний ажлын бас нэг зорилго.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр орон даяар хэрэгжих юм байна. Монгол орон өргөн уудам, энэ бүгдэд яаж хүрч ажиллах вэ.
-Мэдээж энэ маш том ажил. Гэхдээ бид Улаанбаатар хот, 21 аймагт хүрч ажиллана. Үнэхээр дэмжлэг хэрэгтэй ирээдүйтэй үйлдвэрлэл байвал сум багт ч хүрч очно.
-Монголын баялаг бүтээгчдийг дэмжих та бүхний ажилд амжилт хүсье.
О.Баярмаа