“Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форумын талаар Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч. Даваабаяртай ярилцлаа.
“Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018” –ыг Бaялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулж байна. Энэ форумыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ?
Дөнгөж саяхан Монголын эдийн засгийн 8 дахь удаагийн чуулган болж өндөрлөлөө. Энд талууд нэгдэж суугаад эдийн засгийн чиг хандлагаа ярьж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энд ихэвчлэн томоохон үйлдвэрлэгчид, том тоглогчдыг тойрсон сэдвүүд үргэлжилсээр зөвлөмж гараад л өндөрлөлөө. Эдийн засгийн чуулган 8 жил ийм л болж ирсэн. Энэ жил ч ялгаа байсангүй. Монголын хөдөлмөрийн зах зээлд 1 сая 200 мянга орчим ажиллах хүч байна. Үүний 200 мянга нь төрийн албанд 200 мянга нь томоохон үйлдвэр компаниудад харин үлдсэн 800 мянга нь жижиг дунд үйлдвэрт ажиллаж байна. Гэтэл ийм том масс, хөдөлгөгч хүчний хөгжлийн асуудалд анхаарлаа хандуулж яриагүй нь харамсалтай байлаа. Тиймээс Бaялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ дээр хэлэлцэж байгаа энэ үед жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ санаа бодлыг сонсож, төрд хүргэхийн тулд “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-ыг зохион байгуулж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр Бaялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг хүргэхээр сүүлийн үед нэлээн идэвхитэй ажиллаж байна. Ер нь энэ хуулийн төсөл жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн эрэлтэд хэр нийцсэн төсөл болсон байна вэ?
Жижиг дунд үйлдвэр,үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар болон ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Салбарын хувьд эрх зүйн орчин бий болсон 2007 он буюу 1-р үе, эрх зүйн орчин боловсронгуй болсон 2-р үе буюу 2012 оноос өнөөдрийг хүртэл гэж судлаачийн хувьд үзэж байна. Харин одоо бид үсрэнгүй хөгжилрүүгээ орох цаг нь иржээ. Тиймээс өнгөрсөн хугацааны алдаа оноон дээр суурилсан, дараагийн үсрэнгүй хөгжлийн үед бодлого болж явах эрх зүйн баримт бичгээ одоо хэлэлцэж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэдэг зүгээр нэг талд зээл өгч, нөгөө талд үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж хэлээд болох асуудал биш. Бүх бодлого, бүх дэмжлэг нэг цогц болж явах ёстой гэдэг нь харагдаж байна. Тиймээс бид одоо л үгээ хүчтэй хэлэх хэрэгтэй.
Та бүхэнд ямар тодорхой саналууд байна вэ?
Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг авч үзье. Энэ сан 2009 оноос хойш олон жил тогтвортой ажиллаж байгаа, бас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хамгийн өндөр эрэлттэй сан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ сангаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бага хүүтэй хөнгөлөлттэй зээл болгон олгодог. Байгуулагдсанаасаа хойш нийтдээ дээрх сан 830 тэрум төгрөгийн санхүүжилтийг жижиг дундад олгосон байна. Энэ бол их мөнгө. Одоо энэ сангаар далан тэрбум төгрөг яг одоо олгогдож байна. Гэвч зээл эрэлтийг 100 хувь хангаж чадахгүй байна. Энэ жил ЖДҮХС-нд 1031 төсөл ирсэн. Гэтэл үүнээс 498 төсөл нь шаардлага хангасан ч дөнгөж 134 нь буюу 12 хон хувь нь зээлэнд хамрагдсан. Цаана нь яамны төсөлд тавигдах 38 шаардлагыг давж гарсан 364 төсөл санхүүжилт авч чадсангүй. Энэ бол улс ЖДҮ-ийнхээ боломжийг бүрэн дайчилж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс зөвхөн ЖДҮХ сангийн зээлээр хамруулаад орхих биш сайн төслүүдийг төр өөрөө бодлогоор дэмжиж Төрийн болон Хөгжлийн банкаар санхүүжүүлэх ажлыг давхар хийгээд явдаг байх хэрэгтэй. Энэ нь зээлийн зөрүүг буцаан олгох хэлбэрээр байж болно. Төрийн өөр зээлийн эх үүсвэрүүд байдаг ч энэ нь хэтэрхий тархай бутархай салангид явж байгаа учир ЖДҮ-ийг үсрэнгүй хөгжилд хөтөлж чадахгүй байна. Атарын 3-р аян гэдэг шиг массыг хамарсан цогц бодлого хэрэгтэй байна. Эс тэгвээс Монголын ЖДҮ байгаа ч юм шиг үгүй ч юм шиг дэндүү удаан урагшилж байна. Хятад улс саяхан сард 1 сая иргэнээ чинээлэг дундаж давхаргад оруулсан тухай зарлаж байна. Бид яагаад ингэж болохгүй гэж.
Төрийн аливаа зээл тусламж эзэндээ очихгүй байна гэдэг шүүмжлэл сүүлийн жилүүдэд газар авсан. Танай холбооны гишүүд зээл олголт дээр хэр ам сайтай байдаг вэ?
Уг нь манайд улсад 20 гаруй тусгай сан ажиллаж байна. Төслийг хэрхэн шалгаруулж олгох ерөнхий журам нь байгаач төгс биш. Төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдыг дутуу хамруулж байна. Лоозон, тунхаглал төдий. Бас олгож байгаа процесс нь ил тод нээлттэй биш. Эргээд хяналт нь сул, мөн л ил тод биш. Жишээ нь ЖДҮХС -ийн зээлийг 5, 7 хүний бүрлэдхүүнтэй хороо шалгаруулдаг. Журмаараа тус бүр нэг, нэг ТББ орж шийдвэр гаргахад оролцох ёстой байдаг. Гэтэл яг ямар нэртэй ТББ биднийг төлөөлж байгаа мөн яаж түүнийг сонгосон нь тодорхойгүй. Энэ мэдээлэл мөн л хаалттай. Тэгэхээр шийдвэр гаргахад зовлон жаргалаа мэддэг ЖДҮ –ийн төлөөлөл байна гэж үзэх үү, үгүй гэж үзэх үү? За ингээд зээл олголоо. Эргээд тэр зээл хэрхэн хэрэгжиж байгаа, зориулалтын дагуу ашиглаж байна уу, үр дүн гарч байна уу? гэдэг нь бас л бүрхэг. Зээлд хамрагдсан төслүүд 3 сар тутам тайлан ирүүлдэг журамтай. Гэхдээ энэ бол цааснаас хэтрэхгүй байхыг мөн л үгүйсгэхгүй. Дээр нь ЖДҮХ сангийн зээл авахад 10 хувийг нь өгдөг тухай хүмүүс ам дамжин ярьж байна. Хэрвээ энэ үнэн бол хяналтыг яаж хийх нь мөн л тодорхой бус. Магадгүй ЖДҮХС-ийн зээл нэг хэсэг үйлдвэрлэгчдэд боломж олгож бойжуулж, хөгжүүлж байгаа ч нөгөө хэсгийнх нь боломжийг энэ мэт байдлаар хааж байгааг үгүйсгэхгүй. Мөн зээл олгох болон хяналтын бүх л процессыг шилэн болгох хэрэгтэй. Одоо цахим ертөнц хөгжсөн. Иргэд алс хязгаар баруун аймгаас ч, хаа холын зүү аймгаас ч өөрсдөө хяналтаа тавих мэдээлэл авах боломжийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнийг манай холбоо бүх талаар шаардаж ажиллана. Гишүүд ч холбооноос үүнийг хүсэж байна.
Харъяаллын тухай ЖДҮХС ерөнхий сайдын дэргэд байлгах нь зүйтэй гэдэг саналыг танай холбоо гаргаж байгаа юм байна. Харин энэ хуулийн төсөлд салбарын сайдын харъяанд байхаар орсон шиг байсан. Салбарын сайдыг Ерөнхий сайд хянаж ажилладаг шүү дээ. Энд чанарын ялгаа байна уу?
Хяналтын систем сайн биш бол Монголд аливаа зүйл жижгэрэх тусмаа л ашиг сонирхлын зөрчил, ашиг хонжоо хайх үйлдэл нь элбэгшдэг. Сангийн эрх мэдэлийг Аймаг, Дүүргийн Засаг дарга нарт өгөхгүй гэдэгт итгэж байна. Энэ сан байгуулагдсанаасаа хойш хэдэн яамны нүүр үзсэн. Үйлдвэр худалдааны яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам гэх мэтээр. Эдгээр нь ЗГ-ын харъяа байгууллагууд ч гэлээ үүнийг ерөнхий сайд гардаж гүйцэтгэдэггүй. Бодлого нь байвч хэрэгжүүлэх шатанд ийм тогтворгүй байдал цалгардал авч ирдэг. Үр дүн муутай. Тийм учраас 800 мянган ажлын байрыг хадгалж байгаа энэ том салбарын бодлогыг Ерөнхий сайд харъяандаа авч нэгдсэн үйл ажиллагаа, цогц бодлого, үр дүнтэй байлгахыг хүсч байна. Гадны улс орнуудын ЖДҮ-ээ хөгжүүлсэн туршлагыг харахад ийм байна. Монгол улсын Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжинө гэж заасан.
Зээлийн бодлогоос гадна бусад бодлого дэмжлэг цогцоороо явах хэрэгтэй байна гэж та дээр хэллээ. Энд яг ямар ямар бодлого дэмжлэгийг хамруулж байна?
ЖДҮ-г олон улсад санхүүгийн болон санхүүгийн бус хоёр хэлбэрээр дэмждэг. Манай улсад зээл өгөөд орхих биш араас нь үргэлжлүүлээд дэмжих хэрэгтэй. Ингэж байж үр дүн 100 хувь гарна. Төр үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг зүгээр л худалдаж авахыг уриалаахаас гадна тодорхой хувь хэмжээг төр өөрөө худалдаж авах тухай хуульчилж өгөх хэрэгтэй. Одоо төр нийт худалдан авалтын 10 хувийг ЖДҮ-ийн салбараас авна, авахгүй гэж мэтгэлцсээр байна. Үнэндээ төр хамгийн том худалдан авагч, өөрөө түрүүлж худалдан авч бодитоор дэмжиж эхлэх ёстой шүү дээ. АНУ-д нийт худалдан авалтын 23 хувийг ЖДҮ-ээс авна гэж хуульчилж өгсөн байдаг. Энэ бол бодит дэмжлэг. Монгол бараа бүтээгдэхүүн шаардлага хангадаггүй, үнэтэй л гэдэг гэтэл Монголын олон зуун үйлдвэрлэгчид импортыг орлох бүтээгдэхүүн хийсээр л байна шүү дээ. Импортын татвар 5 хувийг өсгөмөөр байна. Тэгж байж үнэ буурч массын үйлдвэрлэл кластераар хөгжинө. Мөн үндэсний үйлдвэрлэгчид экспортонд ч бүтээгдэхүүнээ гаргасаар байна. Монгол залуус IT, технологиор дэлхийд өндөр үнэлэгдэж гаднаас хөрөнгө оруулалт татаж байна. Монголчуудын IQ, потенциал дэлхийд үнэлэгдэж эхэлчихлээ шүү дээ. Төр одоо ЖДҮ болон гарааны бизнес старт апп-уудаа дэмжээд явах алтан боломж. Энд ажлын байр шинээр бий болж ЖДҮ-н салбараас үндэстэн дамнасан том корпораци үүсэн бий болохыг үгүйсгэхгүй ээ. Яагаад гэвэл Apple, Google, Facebook, Amazon, Uber, Airbn, Alibaba гэх мэт дэлхийн том брэндүүд бүгд л ЖДҮ-н салбараас хөгжиж гарсан түүхтэйг бид мэднэ. Манай улсын эдийн засагт уул уурхай салбар чухал үүрэгтэйч бид уул уурхайн бус салбар зөөлөн дэд бүтэцээ зэрэг хөгжүүлж байж амжилтанд хүрнэ. Өнөөдөр бид жижиг дунд үйлдвэрүүдээ татаад босгочихвол маргааш тэд улс орноо аваад явчихна. Ийм зүйлийг бид хүсээд байна.
Тэгвэл энд танай холбоо шиг ийм холбоодын үүрэг оролцоо юу байх вэ? Монголд маш олон холбоод ТББ байдаг. Гэхдээ тэдний цөөнгүй нь нэрнээс цаашгүй байдаг?
ББДХ харьцангуй залуу холбоо ч гэлээ үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг холбоо гэж ам бардаж хэлж чадна. Бид Монголын олон мянган баялаг бүтээгчийг эгнээндээ нэгтгэж тэдний эрх ашгийг хамгаалах замаар ЖДҮ-ийг хөгжүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах том зорилготой. Үүнийхээ төлөө ч өөрсдийн цар хүрээний хэмжээнд идэвхитэй ажиллаж байна. Ганцхан жишээ дурьдахад ББДХ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сүүлийн 4 жил Монгол орны өнцөг булан бүрт хүмүүс юу хийж үйлдвэрэж чадаж байгааг, юу дутагдалтай байгааг харуулж тэдний дуу хоолойг хүргэлээ. Бодит байдлыг харуулна гэдэг өөрөө нүдээ олсон бодлого гарах маш чухал хүчин зүйл юм. Дээрээс нь бид нийгэмд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг тасралтгүй уриалж байна. Хийе, бүтээе гэсэн хүмүүст дэм, урам зориг өгч улс орон даяар сурталчилж байна. Хамгийн гол нь энд бодлогын судалгааны маш том бааз суурь бий болж байна. Одоо бид энэ үйл ажиллагаагаа цэвэр ЖДҮХ сангийн зээлийн үр дүнд төвлөрүүлэхээр зорьж байна. Зээл эзэндээ хүрч, сайн хэрэгжиж байж үр дүн гарна. Үүнийг бид олон нийтэд сурталчилах болно. Энэ сангаас хэн гэдэг үйлдвэрлэгч хэдэн төгрөгний зээл аваад юу бүтээж чадсаныг харуулах болно. Энэ бол нэг талаар олон нийтийн хяналт юм. Бид жил бүр дээрх зээлэнд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг танилцуулах үзэсгэлэн яармаг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ бол зээлийг яаж үр дүнтэй болгож байгааг харах сайхан боломж. Харуулах зүйл байхгүй бол үр дүн тэнд алга гэсэн үг. Улмаар дээрх мэдээлэл дээр суурилагдсан үйл ажиллагааны бодлогын гажуудал эндээс эхлэн арилах ёстой.
Үсрэнгүй хөгжлийн тухай ярилаа. Монголын ЖДҮ-ийн салбарт одоогоор арай л эрт сонсогдож байх шиг?
Дэлхий дахин Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тухай ярьж байна. Бас үүнд бэлдэж байна. Монголчууд яагаад хоцрох ёстой гэж. Бид үйлдвэрлэлийн хөгжлийн дараагийн үерүү яагаад дэлхий ертөнцтэй хамт алхаж чадахгүй гэж. Тус хувьсгал нь нарийн мэргэжлийн инженерүүд дээр суурилна гэж тодорхойлж байна. Тэгвэл Монгол хүүхдүүд өнөөдөр оюун ухааны чадвараараа дэлхийд үнэлэгдэж байна, Монгол залуус IT, технологийн амжилтаараа мөн л дэлхийгээс хоцроогүй явж байна. Энэ бол бидэнд суурь, нөөц, боломж байгаагийн нотолгоо. Одоо харин бид том зорилго тавьж түүндээ тууштай, зоригтой зүтгэх шаардлага байна. Хэрвээ бид Аж үйлдвэрийн 4-р хувьсгалаас хоцорвол бид дэлхийгээс дахиад л холдоно. Бидний буурай хөгжилтэй орон гэдэг тодотгол дагасаар байх болно. Манайхтай ижил Казакстан улс хүртэл үүнд бэлдэж эхэлсэн. Гэтэл бид яагаад эндээ л эргэлдсээр байх ёстой гэж?
Цаг гаргаж ярилцсан таньд баярлалаа.
Баярлалаа.
Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая...
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН ФОРУМ-2018 ФОТО СУРВАЛЖЛАГА БОЛОН ФОРУМД ОРОЛЦОГЧДООС ИРСЭН САНАЛ, ХҮСЭЛТИЙГ УНШИГЧИДДАА ХҮРГЭЕ
УИХ-ЫН ГИШҮҮН
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХӨГЖЛИЙН ДЭД ХОРООН ДАРГА Ж.ГАНБААТАР
Хуулийн хэлэлцэх хэсэг их хурал дээр шийдвэрлэгдээд Я.Содбаатар гишүүнээр ахлуулсан их хурлын долоон гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэгдэн батлагдаасай гэж хүсч байна. Учир нь хуулийн төсөлд төсөв мөнгө, татвартай холбоотой заалтууд байгаа учраас 2019 оны 1 сарын 1-ээс хууль хэрэгжээд эхлэх ёстой.
Тиймээс хуулийн төсөлтэй холбоотой та бүхний асуултад ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Я.Содбаатар хариулт өгөх нь зүйтэй болов уу.
Хуулийн төслийг санаачилж, дэд хороон даргаар ажилласны хувьд хуулиа товчхон тайлбарлая. Хууль хэлэлцэгдээд жил гарны хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хуулийн төслийг санаачлан, хамтран ажилласан нэр бүхий гишүүд нэлээн идэвхтэй ажиллаж байж хуулийн төсөл хэлэлцэх эсэх нь шийдвэрлэгдсэнийг та бүхэнд хэлье
Их хурлын тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс жилийн өмнө буюу 2017онд судалгаа гаргуулж авсан. Вьетнам, Польш, Чех, Солонгос, Канад гэсэн 5 элчин сайдын яамтай уулзалт зохион байгуулж, элчин сайдуудтай биечлэн уулзаж тухайн улсын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмждэг, хэрхэн, яаж ажилладаг гээд олон талд мэдээллүүдийг солилцож, шаардлагатай чухал саналуудыг хуулийн төсөлдөө тусгаж өгсөн.
Засгийн газар дээр зарим хуулиуд унадаг ч гэсэн их хурал дээр гараад батлагддаг. Гэхдээ бид засгийн газрын саналыг хуулиндаа түлхүү тусгахыг хичээсэн. Яагаад гэхээр төсөв, санхүү, татвартай холбоотой олон зүйлүүд хуулинд байгаа учраас засгийн газрын саналыг нэлээд харж, сонссон. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн нэрэн дэх “Үйлчилгээ” гэдгийг засгийн газраас ирүүлсэн саналын дагуу нэмсэн. Мөн төрийн ордонд сууж байгаа зарим жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцсон байх гэж найдаж байна. Төрийн ордонд болсон хэлэлцүүлэг дээр “үйлчилгээ” гэдэг үг дээр санал хурааж нэмсэн. Хуулийн төслийн нэрний хувьд ийм байна.
Хуулийн хамгийн эхний зорилт бол ажлын байрыг нэмэгдүүлэх. Малчид хэрхэн хамрагдах вэ? гэсэн асуудал гардаг. Хоршоо хэлбэрээр хуульд хамрагдах боломжтой. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг томъёолоод хоёр үгээр хэлье. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч гэдэг нь өнөөдрийн хуулинд байгаагаар 2.5 тэрбум төгрөгийн орлоготой 200 хүртэлх ажилчинтай жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хэлж байгаа.
Сүүлийн үед “дунд аж ахуй нэгжүүд орхигдсон байна, бичил болоод жижиг үйлдвэрүүд рүү чиглэсэн заалтууд хууль руу нэлээд орсон байна” гэсэн санал ихээр ирж байна. Миний хувьд жижиг, дунд, бичил старт-ап гэж ялгаад баймааргүй байна. Жижиг үйлдвэр эрхлэгч гэдэг борлуулалтын 500 сая төгрөгийн орлоготой 50 хүртэлх ажилчинтай. Дунд үйлдвэрлэгч нь 200 ажилчинтай 2.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой.
800,000 гаруй хүн ажиллаж байгаа жижиг дундын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг бүрдүүлж байгаа гэж надад статистикийн газраас тоо баримт гаргаж өгсөн.
Хуулинд ямар нэгэн ялгаварлалгүйгээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар бүгд улсад 1 хувийн татвар төлнө гэж оруулсан байгаа. Өнөөдөр мал аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэхмэл, барилгын материалын үйлдвэрлэл гэсэн 4 салбар1 хувийн татвартай байна. Нэг хувийн татвар гэдэг төртэйгөө ойрхон байгаач ээ гэсэн санаа. Огт татваргүй болгож болохгүй.
Жижиг дундын сан хаанаас гарах вэ? Нэгдүгээрт эргэн төлөлтөөс олгогдоно. Хоёрдугаарт төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардлын 10 хувиас доошгүйг жижиг дундын санд төвлөрүүлдэг байх. Жил болгон өгөөд байхад үр дүн нь хаана байгаа юм бэ? гэж шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүд бий. Түрүүн хэлсэнчлэн энэ мөнгийг жил болгон гэж байгаа ч тодорхой хэмнэлийн дараа өөрөө өөрийгөө аваад явах хэмжээнд хүрэх юм бол тухайн үед өөрчилж болно. Хязгааргүй дандаа авна гэсэн үг биш ээ. Тодорхой хэмжээнд энэ дэмжлэгийг зогсооно. Гэхдээ эргэн төлөлт сайн байгаа хамгийн сайн сан гэж үзэж байгаагаа хэлье.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Маш чухал салбарт ажиллаж байгаа энэ салбарын төлөөлөл болсон хүмүүс энэ танхимд цугларсан гэж ойлгож байна. Ж.Ганбаатар гишүүн бид нар энэ хуулийг санаачлахдаа өмнөө нэг зорилго тавьсан. Юу вэ? гэхлээр ажлын байрыг өнөөдөр хэн бий болгодог вэ? гэж бид судалж үзсэн. Би өөрөө ч эдийн засгийн тоймч байхдаа яг та бүхний дунд ярьж, зовлон жаргалыг хуваалцаж явсан хүний хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр хөдөлмөр эрхлэлтийн 60-аад хувийг бүрдүүлж байна гэдэг багадсан ч тоо байж магадгүй. Бараг 70-аад хувийг энэ хүмүүс бүрдүүлж байна. Тийм учраас өнөөдөр энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийн хамгийн гол зорилго ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийг орлоготой болгох. Хууль шинэчлэн, найруулан боловсруулж өргөн бариад өнөөдөр ингээд хэлэлцүүлгийн төвшинд явуулж байна.
Миний өмнө гишүүд ч ярьсан, хариуцсан хүмүүс ч ярьсан тодорхой мэдээлэл хангалттай авлаа. “Ямар өөрчлөлтүүд гарсан, юу хийх гэж байна” гээд МҮОНТ-д Эдийн засгийн тоймчоор ажиллаж байхдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санг агентлаг байх үеэс нь эхлээд нэлээд их тэмцсэн дээ. Яагаад гэвэл энэ сангийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой очдог мөнгө эздээ олж бараг очдоггүй. Тэр битгий хэл томоохон бизнесменүүдэд тэрбум, тэрбумаараа очдог байсныг илрүүлж байсан даа. Энэ бүхний төлөө их тэмцэж байгаа. Танил талаараа, тодорхой бүлэглэлээрээ эсвэл “мөнгөө буцааж төлөх нь амархан юм чинь” гээд тэр том компаниудад, жишээ хэлэхэд алт олборлодог компанийн данс руу орсон байсныг илрүүлж, манай хэвлэлийнхэн асуудлыг зэрэг хөндөж байж шалгалт оруулж байсан түүх бий.
Тэгсэн хэдий ч одоог болтол дорвитой өөрчлөлт гараагүй байна. Одоогийн байдлаар нэлээн хэдэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 70 тэрбум төгрөг олгосон. Өнөөдөр 2018 оны 6 сар гарч байна энэ мөнгө хэнд очиж байна, эзэндээ очиж байна уу, шалгаруулалт шударга явагдаж байна уу, үгүй юу? гэдгийг бүлгийн хурал дээр асуудал болгон гаргаж тавьсан. Өмнөх алдаануудыг бид давтахыг хүсэхгүй байна. Есөн зуун тэрбум төгрөгийг бичил, жижиг үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар авсан гэж байгаа.
Өнөөдөр тэр 900 тэрбум эзэндээ очсон бол жижиг дунд үйлдвэрүүд том руу очих хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байх ёстой. Ажлын байр ч нэмэгдсэн байх ёстой. Гэтэл эсрэгээрээ 7,9 хувьтай байсан ажилгүйдэл 9 хувь болж өссөн байна. Тийм дээ ч засгийн газарт хариуцлагын системийг бий болгоё гэсэн шаардлагыг тавьсан юм. Ерөнхий сайдад ч энэ саналаа хэлсэн.
Хариуцлагын систем ажиллахгүй учраас тэр мөнгийг хэсэг бүлэг нь дамжуулаад аваад явчхаж байгаа юм.
УИХ-н гишүүний хувьд аливааг хянаж, шалгах үүрэгтэй. Ийм эрхтэй учраас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн мөнгө яг эзэндээ очих уу? үгүй юу гэдэгт бид хяналт тавьж ажиллана.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумыг зохион байгуулж буй Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд талархаж байна. Энэ салбарт ажиллаж, шударгаар хөдөлмөрлөж, ажлын байрыг бий болгож, өрхийн орлогод нөлөө үзүүлж буй баялаг бүтээгчид энд сууж байна. Аливаа юманд багаараа дуу хоолойгоо нэгтгэж, хамтдаа урагшаа зүтгэж, үнэний төлөө тэмцэж байж үр дүнд хүрнэ. Бид нар 2, 3-уулаа хүч нэмэн дуугараад ч хүч дутаад байна. Та бүхнийг зүгээр нэг популизм хийх биш хөнгөлөлттэй зээл, тусламжууд эздээ олж очих ёстой гэсэн үүднээс зөв тэмцэл, зөв уриалгад хамтдаа нэгдээд явбал энэ бүхэн эздээ олж очно.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгө үйлдвэрлэгчдэд очиж байна уу, үгүй юу? гэдэгт бид хяналт тавиад явна. Энэ асуудал дээр та бүхэнтэй хамтарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна. Баярлалаа.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДЭД ДАРГА Б.БАТ-ЭРДЭНЭ
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форумд оролцож байгаадаа баяртай байна. Тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд МУ-н Эдийн Засгийн
Чуулган амжилттай болж өндөрлөсөн. Энэхүү чуулганы үр дүнд бид 2019 оны 5 сар хүртэл буюу бүтэн жилийн хугацаанд төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хувийн бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах чиглэлээр томоохон төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, МХАҮТ, Үндэсний хөгжлийн газар, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бусад холбоодууд хамтарч ажиллана гэж ойлгож байна. Бид хамгийн гол нь үр дүн гаргаж ажиллах ёстой. МУ-н Эдийн Засаг 6.1 хувийн өсөлттэй байгаа та бүхэн мэдэж байгаа байх энэхүү өсөлтийг бодитоор иргэдэд хүргэх, цаашлаад Статистикийн Ерөнхий газраас гаргасан амжиргааны төвшин доогуур 226 мянган өрхөд Эдийн засгийн өсөлтийг бодитоор хүргэхийн тулд жижиг,