Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан 11 дэх аймаг боллоо. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг дэмжиж энэхүү уриалгад нэгдээд байна. "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласны хүрээнд тус аймагт холбооны удирдлагууд ажиллаж, уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав.
Хэнтий аймгийн ЗДТГ, ИТХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо болон баялаг бүтээгчдийн хамтарсан уулзалт, зөвлөгөөн энэ сарын 13-ны өдөр боллоо. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлийн гурван сангаас зургаан тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжсэн бол 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн 10 тэрбум төгрөгийн хөрөнгөөр иргэдийнхээ санаачилсан төслүүдийг дэмжиж ажилласан байна. Зөвлөгөөний эхэнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Хэнтий аймгийн ЗДТГ хамтарсан ажлын гэрээнд гарын үсэг зурлаа.
Аймаг орон нутгийн зүгээс түүхий эдэд түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж аймгийнхаа эдийн засгийн бүтцийг сайжруулахаар "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлажээ.
Уулзалт зөвлөгөөний үеэр Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч гишүүдийг сонголоо. Хэнтий аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр Эрээнтовчыг зөвлөгөөнд оролцогчдын 90 хувийн саналаар дэмжиж сонгов. Мөн салбар бүрийн төлөөлөл багтсан 11 тэргүүлэгчийг томилж цаашдынх ажилд амжилт хүслээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг Засгийн газар, УИХ дэмжиж хэд хэдэн хууль, тогтоол, шийдвэрийг гаргасан. Үүний нэг нь Монгол улсын Сум хөгжүүлэх сангийн зээлийн ажлын хэсэг, хяналтын зөвлөлд баялаг бүтээгчдийн төлөөллийг оруулах тухай Засгийн газрын 494-р тогтоолыг Холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр салбарын тэргүүлэгчдэд гардуулан өглөө.
Уулзалт зөвлөгөөний үеэр "Баялаг бүтээгчдийг дэмжих жил"-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд үйлдвэрлэгчдийн саналыг авч тусгахаар болов. Хэнтий аймгийн баялаг бүтээгчдээс олон ажил хэрэгч санал гарсан нь хамтын ажиллагаа буюу каластрын системийг орон нутагт нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг саналууд гарсан юм. Хэнтий аймагт үйлдвэрлэл хөгжих боломжууд олноор гарч ирж байна. Үүний нэг нь Бор-Өндөр суманд нефтийн үйлдвэр байгуулахаар болсон. Мөн зэсийн баяжмалын үйлдвэрийг энэхүү аймагт байгуулах шийдвэр гараад байгаа. Том үйлдвэр байгуулагдсанаар үүнийг дагасан жижиг, дунд үйлдвэр хөгжих боломжтойг орон нутгийн удирдлагууд танилцуулсан юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Г. Эрээнтовч
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн болсондоо баяртай байна. Орон нутгийн удирдлагын зүгээс эдийн засгийн чухал салбар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор энэ жилийг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа. Баялаг бүтээгчдэд тулгардаг ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжилтэй ажилтан, урт хугацаатай зээл гээд олон асуудал тулгардаг. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө манай
салбар хороо баялаг бүтээгчдийнхээ дуу хоолой болж ажиллана.
"Марал-Од" зайрмагны цехийн дарга Э.Уянга
Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнд Дадал сумаас оролцож байна. Орон нутгийн удирдлагууд 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан учраас үйлдвэрлэл эрхлэгч бидэнд тулгардаг асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэнэ гэдэг итгэлтэй байна. Сум бүрийн онцлогт тохирсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь зөв болов уу. Манай суманд гэхэд д 2-3 зайрмагны цех ажиллаж байна. Жижиг зах зээлтэй газар олон байгууллага өрсөлдвөл бүгд дампуурах талтай. Тийм учраас үйлдвэрлэл эрхлэгчид хэн нэгнийхээ санааг хулгайлахгүйгээр шинэ зүйлийг санаачлах хэрэгтэй.