Хүн бол энэ нийгмийн хамгийн үнэт зүйл. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам байгуулагдсанаар хүнээ зөвхөн халамжийн бодлогоор дэмжих биш хөгжих боломжийг олгож, нийгмийн хамгааллын олон талын үйлчилгээг явуулах боломжтой болсон. Монгол Улсын Засгийн газар, эмэгтэйчүүд, залуучуудад чиглэсэн үндэсний хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Дархан-Уул аймагт л гэхэд ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлого үндэсний чуулга болж байсан. Тус аймгийн НХҮХ /Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/нь хууль тогтоомжид заасан төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна нийгмийн ажилтнууд нь жинхэнэ утгаараа тусламж хэрэгтэй хүндээ хүрч ажиллаж, хүнээ хөгжүүлэх олон талын ажил үйлчилгээг явуулж иржээ. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл тус хамт олныг онцлон ярилцлаа.
Дархан-Уул аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Ганболд "Дархан-Уул аймгийн НХҮХ нийт 42 ажилтан албан хаагчтай. Тэдний 17 нь бүхий л насны бүхий л давхаргын хүмүүст нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлж байна. Олон нийтийн дийлэнх нь нийгмийн ажилтны ажлыг тэр бүр ойлгоод байдаггүй. Нийгмийн ажилтнууд халамж шаардлагатай олон иргэд хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлдэг ч гэсэн нийгмийн ажлыг өндөр хөгжилтэй олон оронд хэрхэн явуулдаг арга туршлагаар олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагаа явуулж төрийн болон төрийн бус байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр хүнээ хөгжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж ирсэн нь бусад аймаг дүүргээс ялгагдах гол онцлог давуу тал" гэв.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус хэлтсээс олон ажил зохион байгуулжээ. Иргэдэд үйлчлэх шинэ төвийг ашиглалтанд оруулж иргэдэд халамжийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэж эхэлсэн байна. Мөн нийгмийн ажилтнуудаа удаа дараагийн сургалтанд хамруулж, туршлага мэдлэг чадварыг нь нэмэгдүүлэхээс нь программ хангамж, техник хэрэгслээ сайжруулсан байна. Дэргэдээ гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг ч байгуулжээ. Ингэснээр зөвлөгөө мэдээлэл шаардлагатай олон хүнд хүрэх боломж нээгдсэн байна.
Хөгжлийн төвийнхний хийсэн нэг томоохон ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан явдал байлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна. Энэ нь аймгийн нийт хүн амын 4,3 хувийг эзэлдэг. Энэ төвийг байгуулахын тулд хоёр жил бэлтгэл ажлыг хийж, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж, олон улсын байгууллагаас санхүүжилт авсаны хүчээр 2015 онд Хөгжлийн төвөө нээсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн очдог нэг газар нь халамжийн газар байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын уялдаа холбоог сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, өөрсдийн чадах зүйлээр баялаг бүтээж, хөдөлмөрийнхөө үр шимээр бусадтай л адил амьдрах боломжийг олгох үүднээс энэхүү хөгжлийн төвийг байгуулсан байна.
Хөгжлийн төвдөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан өдөр өнжүүлэх төвийг байгуулсан байна. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүд хүүхдээ өдөр өнжүүлэх төвдөө өгч ажиллаж хөдөлмөрлөх боломж бүрдэж байгаа юм. Гэхдээ дийлэнхдээ гэртээ үр хүүхдээ харж байсан эцэг эхчүүдэд ажлын байр тэр бүр олддоггүй. Тэгвэл тус аймгийн НХҮХ-ээс Цэцэг төслийг хэрэгжүүлсэн байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнээс санхүүжүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд цэцэг тарьж ургуулан аймгийнхаа дунд сургуулиудад борлуулж улмаар ажилтай орлоготой болсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрх олон зүйл дээр зөрчигдөж байдаг. Хамгийн гол нь хөдөлмөрлөх, баялаг бүтээх тэр л эрхээ эдэлж чадахгүй байгаа нь тэднийг нийгмээс бүр ч холдуулахад хүргэдэг. Тиймээс хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангах үүднээс ажлын байрыг ч бий болгосон байна. Тэргэнцэртэй иргэдээс бүрдсэн “Сэтгэл шингэсэн үйл” нөхөрлөл хөгжлийн төвдөө байрлан үйл ажиллагаа явуулж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өөрсдийн хийж чадах зүйлээрээ нийгэмдээ оролцоотой байж, баялаг бүтээж байгаадаа энэ хамт олон баяртай байдаг юм.
Хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэд хууль эрх зүйн мэдээлэл авахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Учир нь дохионы хэлний мэргэжилтэн төрийн албанд дутагдаж байдаг. Тиймээс сонсголын бэрхшээлтэй Н. Баярцэцэг хэмээх энэ бүсгүй дохионы хэлний сургагч багш нарыг бэлтгэж байна. Яг энэ бүсгүй шиг хэл яриа сонсголын бэрхшээлтэй 164 хүн аймгийн хэмжээнд бүртгэлтэй байна. Эдгээр хүмүүст төрийн үйлчилгээг хүргэх үүднээс төрийн албаныхан ч дохионы хэл сурч байна.
Цаашид Олон улсын байгууллагатай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалт, нөхөн сэргээх кабинетуудыг бий болгохоор зорьж байна.
ГОТИ төсөл /гэр оронгүй тэнэмэл иргэн/
Нийгмийн халамж ямар иргэнд шаардлагатай байдаг вэ. Архинаас хамааралтай иргэнийг архинаас гаргах, орон гэргүй иргэнийг орон байраар хангах, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа иргэнийг баялаг бүтээх тэр л боломж нөхцөлөөр хангах гээд НХҮХ-ийн нийгмийн ажилтнуудын хийх ажил их. Өөрийн гэсэн гэр оронгүй тэнэмэл гэх тодотголтой иргэдийг нийгэмшүүлэхийн тулд ГОТИ төслийг хэрэгжүүлж эхэлсэн үр дүнтэй ажил болсон байна.
Гурав дах жилдээ хэрэгжиж байгаа энэ төсөл олон хүнийг орох оронтой болгосноос гадна амьдрах итгэлтэй болгож, олон нийтийн дунд нүд үзүүрлэгдэхүй амьдрах боломжийг бүрдүүлж өгсөн байна.
Дархан-уул аймгийн НХҮХ Засгийн газрын тогтоолоор 2013 онд Дархан-Уул аймагт өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгааг амжилттай хйисэн байна. Аймгийн дөрвөн сумын 26 багийн 25288 өрхөөс мэдээлэл цуглуулжээ. Ингэснээр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээллийн сан бүрдүүлж, энэхүү санг цаашид төрийн болон төрийн бус олон байгууллага ашиглах боломжтой юм. Учир нь халамжийн үйлчилгээ, тусламжийг жинхэнэ эзэдэд нв хүргэхэд энэхүү судалгааны гол ач холбогдол оршиж байгаа юм.
Гэхдээ энэ бүх ажлыг НХҮХ-ийн хамт олон нийгмийн ажилчид дангаараа хийгээгүй. Сайхан сэтгэлтэй төрийн болон төрийн бус байгууллагууд хувийн хэвшлийнхэн сайн дурын ажилчид гээд алдаж бүдэрсэн нэгнээ зөв замд хөтлөх хүн хэмээх үнэт баялгаа хүн шиг хөгжих тэр л боломжоор хангахын тулд гар сэтгэл нийлэн ажилладаг юм. Тиймээс ч олон нийтэд “Харцнаасаа хандлагаа өөрчилж, Халамжаа хамтдаа харамгүй түгээцгээе гэсэн уриалгыг гаргаад байгаа юм.
Тэргэнцэртэй иргэдээс бүрдсэн “Сэтгэл шингэсэн үйл” нөхөрлөл хөгжлийн төвдөө байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өөрсдийн хийж чадах зүйлээрээ нийгэмдээ оролцоотой байж, баялаг бүтээж байгаадаа энэ хамт олон баяртай байдаг юм.
Олон нийтийн оролцоонд тулгуурласан халамжийн үйлчилгээнд төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцож байна. Тухайлбал: “Нэг дэвтэр нэг үзэг” сайн үйлсийн аяныг явуулж зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг нь гаруулан өгсөн байна.
Мөн НХҮХ-ээс “Түмний төлөө түмэн” аяныг өрнүүлж орон гэргүй, орц хонгилоор амьдардаг иргэддээ хувцас хэрэгцээт зүйлээр хангах аянд аймгийн төрийн байгууллага хувийн хэвшлүүд олон нийт идэвхтэй оролцсон байна. Үүний хүчинд халамж шаардлагатай иргэд дөрвөн ээлжийн хувцас хэрэглэлтэй болсон байна.
ГОТИ буюу гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх төсөл 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Үр дүнд нь 150 гаруй иргэн орон гэртэй, ажиль амьдралтай болж нийгэмшиж чаджээ.
Дархан-Уул аймгийн хэмжээнд хэл яриа сонсголын бэрхшээлтэй 160 гаруй иргэн бүртгэлтэй байдаг. Сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг авах боломжоор хязгаарлагддаг. Тиймээс нийгмийн ажилтнууд дохионы хэл сурч байна.
Дархан-Уул аймгийн НХҮХ хүн хэмээх баялгаа хөгжүүлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангах олон талт үйл ажиллагаа явуулж байдаг нийгмийн баялаг бүтээгчид юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоонд төрийн байгууллагаа түүчээлэн гишүүнээр элсэн үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Ю.Ариунза