Масс агентлагийн хэрэгжүүлж буй Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олон Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллаж баялаг бүтээгч иргэдтэй уулзлаа.
Р.Түмэндэмбэрэл: Шахмал түлшний хэрэгцээ орон нутагт их байна
Хөдөө орон нутгийн иргэд, малчид маань ихэвчлэн аргал, хомоолоор түлш хийн өвлийг давдаг. Өнө эртнээс хэрэглэж ирсэн түлш малчдыг гал алдуулдаггүй ч шаталт сайтай, дулаанаа удаан барьдаг түлш хэрэгтэй байгааг Хархорин сумын Шанх багийн иргэн Р. Түмэндэмбэрэл мэдэрч, шахмал түлш хийж эхэлжээ. Ажилч хичээнгүй залуу өөрт байгаа төмөр, төмөр эдлэлийн хаягдлыг ашиглан шахмал түлшний зуурмагийн болон хэвний машинаа хийжээ.
-Таны хийсэн түлш хөдөө орон нутгийн хэрэгцээт бүтээгдэхүүн болж чаджээ?
-Нутгийн иргэд маань хэрэгцээтэй зүйл хийлээ гэж хэлдэг юм. Хүний хэрэгцээг хангаж байгаа бол бидний амжилт тэр шүү дээ.
-Та хэзээнээс хийж эхэлсэн бэ. Борлуулалт сайтай байдаг уу?
-Энэ түлшээ хийгээд дөрвөн жил гаруй болж байна. Хөдөө амьдардаг байхдаа нэг ширхэг гаргадаг машин хийж туршиж үзсэн. Харин одоо олноор нь үйлдвэрлэх боломжтой машин өөрөө хийгээд ажиллуулж байна. Зуурамг болон хэвний машинаа өөрт байгаа төмрийн хог хаягдлаа ашиглан хийсэн.
-Энэ түлшийг хийхэд юу хольдог юм бэ?
-Би мужаан хийдэг. Модноос гарсан үртсээ, нүүрсний хог, аргалтай холиод зуурмагаа бэлтгэнэ. Тэгээд түлшээ хийдэг. Шаталт сайтай, дулаанаа удаан барихаас гадна байгальд ээлтэй гэдгийг сум, орон нутгийн удирдлага онцолж, урам өгдөг. Цагт 1200 ширхэг түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.
-Та энэ жил хэдийг хийсэн бэ?
-Энэ жил 700 шуудай түлш хийлээ. Нэг шуудайндаа 50 ширхэг ордог. Түүнийгээ 3500 төгрөгөөр сумынхаа төв рүү оруулаад дэлгүүрээр борлуулдаг. Энэ жилийнх бараг зарагдаад дуусч байна.
-Цаашдаа та энэ ажлаа хэрхэн өргөжүүлэх бодолтой байна вэ?
-Сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авсан. Тэр мөнгөөрөө ажлын байраа сайжруулж, моторын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Тоног төхөөрөмжөө сайжруулж, түлшээ олноор нь хийх зорилготой ажиллаж байна.
-Таны ажилд улам их амжилт хүсье.
Утас: 88664968
Ц.Цэцэгмаа: Нутгийн охид миний хийсэн гутлаар гоёж хадамд гардаг
Ахуйн үйлчилгээний салбар Монголд эрчимтэй хөгжиж, иргэн бүрт хүрч үйлчилдэг байсан тэр цагт сургуулийг нь төгсөн, ажлын гараагаа эхэлж байсан Ц.Цэцэгмаа сурсан мэдсэнээ охидуудадаа өвлүүлж, хамтдаа гутлын цех байгуулан ажиллаж байна. Иргэдийн санал бодол, хүсэл сонирхолд тааруулан хийдэг тэдний гутал сум орон нутагтаа төдийгүй өөр аймаг, сумдад ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг аж.
“Ахуйн үйлчилгээний сургуулийг гуталчны мэргэжлээр төгсөөд Хархориныхоо салбараас ажлын гараагаа эхэлсэн. Зах зээлийн системд шилжсэнээс хойш ахуйн үйлчилгээ тарж, хүн бүр өөр өөр салбар луу явсан. Гэсэн ч би хийж сурсан зүйлээ орхилгүй хүүхдүүдэдээ зааж сурган ажиллаж байгаа. Цагаан улт гутал эхэндээ хийдэг байсан бол хэрэглэгчид маань загварын гутлыг илүү сонирхох болсон. Манай нутгийн охид бэр болон очихдоо надаар гутал хийлгээд явдаг. Чанартай, дулаан байдаг болохоор тэр нутгаас нь захиалга ирэх нь бий. Өмнөговь, Хэнтий, Төв, Дархан-Уул аймаг, Архангайн Хотонт, Хашаат сум гээд олон газраасс захиалга ирдэг. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Зээл өгч буй нь сайн ч бас анхаарах зүйл байна. Зээлээ аваад тоног төхөөрөмж авчихаар үйлдвэрлэл явуулах хөрөнгө мөнгө дутмаг болчихдог. Бас зээлийн хугацаа урт байвал яг юм хийж байгаа хүнд хэрэгтэй байна ” гэв.
Нийслэл төдийгүй орон нутгийн иргэдийг дулаан гутлаар ханган, чанарыг эрхэмлэн ажиллаж буй хамт олонд улам их амжилт хүсье.
Утас:99850197
Н.Ундраа: Гоо сайхны үйлчилгээгээ өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байна
Суманд үсчин цөөнгүй ч гоо сайхан ажиллуулж, сум орон нутгийн бүсгүйчүүдэд үйлчилж байгаа нь ховор. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийнхөн Хархорин сумын "Хээнцэр"бүлийн үсчин Н.Ундрааг онцолж байна. Тэрбээр 2006 оноос үсчнээрр ажиллаж эхлээд одоо 10 орчим жил болжээ.
“Анх хүний үс засна гэдэг амаргүй ажил мэт санагддаг байсан, Харин ажлаа сэтгэлээсээ хийгээд, тухайн хүний нүүр, царайны онцлогийг хараад засахаар хүндээ болоод өөрт сайхан мэдрэмж төрдөг. 2015 оны гуравдугаар сараас төсөлд хамрагдан үсчиний тоног төхөөрөмжөө авсан. Мөн аймгаас зээл авч ажлаа өргөжүүлж байна. Зөвхөн үсчин хийхээс гадна сонирхлоороо гоо сайхны дамжаанд сурч төгссөн. Гоо сайхан ажиллуулна гэхэд “Суманд хэрэгггүй, хэн ч үйлчлүүлэхгүй” гэж хэлэх хүн байсан.
Харин ажлаа эхлээд үнэхээр хэрэгтэй, хэрэгцээтэй байсныг мэдэрсэн. Манай сумын бүсгүйчүүд гоо сайханд орж, үйлчлүүлэх дуртай. Би арьсных нь онцлог, одоо ямар эмчилгээ хийх хэрэгтэйг нь хэлээд багц үйлчилгээ үзүүлдэг. Үсчин гоо сайхнаар үйлчлүүлэх иргэдийн тоо зун намар илүү байдаг. Шинэ жил, наадам, цагаан сараар ачаалал их нэмэгддэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, гоо сайхнаараа дагнан, салонтой болох зорилготой” гэв. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн хамт олонд үсчид талархал илэрхийлэн, дэмжиж буйгаа хэлсэн юм.
Утас:96059428
Н.Энхбаатар: Гэрийн тавилга хийхдээ судалгаа давхар хийдэг
Модыг эд болгон, хүний хэрэгцээг хангадаг Хархорин сумын баялаг бүтээгч Н.Энхбаатартай уулзаж ярилцлаа. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн модон эдлэл хийдэг түүний тавилга хэн хүний шаардлага хэрэгцээг хангасан учир захиалга ихтэй байдаг аж.
“Мод аваад эд зүйл хийхийг хэн нэгнээр заалгаж сураагүй. Зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор хийж сурсан гэхэд болно. Модон эдлэлийн цехээ нээгээд овоо хэдэн жил болсон учир манай сумынхан төдийгүй ойролцоох аймаг, сумдын иргэд мэддэг болжээ. Гэрийн тавилга хийхдээ судалж, хэдэн ханатай гэрт тавих, ямар насны хүмүүс эдлэх талаар бодож байж хийдэг.
Шинэ загварын сэтгүүлийг үзэж судлаад манай Монголд ямар нь тохиромжтой, тэр дундаа монгол гэрт аль нь зохимжтой болохыг харьцуулдаг. Хуулгаар хийх боломж бий ч модон эдлэл илүү чанартай, бөх бат байдаг болохоор хийхэд ч урамтай байдаг. Нүүдэл суудал хийдэг хүмүүс модон эдлэл нь дээр гэж орон нутгийн иргэд ярьдаг болохоор модон эдлэлээ дагнаа цаашдаа хийх болно” гэв.
Түүний хийсэн ширээ сандал өнгө үзэмж, загвар, хийц сайтайн дээр чанартай. Хэний ч нүдийг хужирлах түүний хийсэн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа нутгийн олон ч дуртай байдаг юм билээ.
Утас:95266343
Р.Өнөржаргал: Гахайн махаа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллана
Өвөрхангай аймаг, Хархорин сум төдийгүй нийслэлийнхний гахайн махны хэрэгцээний тодорхой хэсгийг хангадаг “Тэмка со” ХХК –ийн хамт олныг Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөлдөө онцолж байна. Фермийнхээ ихэнх гахайг нядалгаанд явуулсан гэх ч олон зуун гахай биднийг угтсан.
Хоолны цаг болсныг дэндүү сайн мэдэх гахай, торойнууд эзнээ хараад орилолдон идшээ нэхсээр бөөн дуу шуу болцгоов. Зуун тоорой нэг дор байхыг харах сонин байлаа. Аливаа амьтны зулзага хөөрхөн гэдэг үнэн аж. Эхээ хайн гүйлдэх торойнууд гахайн фермийн үнэрийг бага ч атугай мэдрэхгүй байхад нөлөөлж байв. Гахайн ферм эрхлэгч Р.Өнөржаргалтай уулзлаа.
“Бид 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Анх 10 мэгж авч үржүүлээд 150 торойтой болсон. Мэгжийн тоо одоо 20 болсон. Мэгж эхний жилдээ 6-8 , хоёр гурав дахь жилдээ 12 түүнээс олон торой гаргадаг. Манай компани фермдээ хоёр гахайчинтай. Борлуулалтаа хариуцсан ажилтнууд бий. Бид зөвхөн гахай тэжээгээд зогсохгүй махаар нь бүтээгдэхүүн хийдэг болсон.
Утсан гахайн махаа хэмжээнээс нь шалтгаалж 2-3 төрлөөр савлан гаргаж байгаа. Манай компанийн үйл ажиллагааг сумын удирдлага дэмжин зээл олгосон. Бид нийслэлийн гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад махаа нийлүүлдэг. Цаашдаа бизнесээ өргөтгөн, махны чиглэлээр гахайн махаа худалдахаас гадна өөр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох төлөвлөгөөтэй” гэв.
Тариаланчдаас хаягдал будааг худалдан авч гахайгаа тэжээн, сум орон нутагтаа гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж буй хамт олны ажил үйлс өөдрөг байгааг онцлоод амжилт хүсье.
Утас:9924475
Б.Баясгалан: Бүргэд хаалгыг орлох чанартай бүтээгдэхүүн хийдэг болсон
Хархорин сумын аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг загвар хийц сайтай хашаа, цонхны хаалттай байхыг манай төслийнхөн анзаарч харсан юм. Тэдгээр төмөр хийцийг хаанаас авдаг болохыг тодруулахад сумандаа үйлдвэрлэж байгааг дуулгав. “Хархорин их булаг” ХХК-ийнхан төмрөөр төрөл бүрийн хашаа, цонхны хаалт , хаалга хийж нутгийнхаа төдийгүй ойролцоох сумдын хэрэгцээг хангаж байна. Нар хэвийж, ажил тарах дөхсөн ч төмрөөр хийц сайтай хашаа, хаалга хийдэг залуус захиалгаа дуусгах ёстой хэмээн хичээн ажиллаж байв.
“Хархорин их булаг” ХХК-ийн гагнуурчин Б.Баясгалан хийж буй ажлаа танилцуулж, бидэнтэй ярилцлаа.
“Манай компани төмрөөр хашаа, гүйдэг хаалга, бүргэд хаалга, төмөр эдлэл хийдэг. Хархорин сумын иргэд маань манай хаалгыг хэрэглээд чанарыг нь мэдэрсэн. Зөвхөн Хархориных бус өөр аймаг сумдаас ч захиалга ирж байна. Бидэнд бахархах зүйл их бий. Орон сууцны хаалгыг бүргэд хаалгаар хийдэг.
Харин манай сумынхан орон сууцандаа манай хийсэн хаалгыг ашигладаг болоод удаж байна. Учир нь бүргэд хаалганы төмрийн зузаан 0.1-0.8 мм байдаг бол манай төмөр 1.5-2 мм зузаан байдаг болохоор эдэлгээ удаан байдаг. Хашаа, хаалга гэдэг ямар ч загваргүй дөрвөлжин төмөр байдаг цаг улирч иргэд маань олон төрлийн, загвартай хаалга хийлгэх хүсэлтэй болсон. Тэр шаардлагад нийцүүлэн хийж байгаадаа бид баяртай байдаг” гэв.
Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Сумынхаа ихэнх айлын хаалгыг шинэчилж, хүссэн загвараар хийж өгдөгтөө “Хархорин их булаг” ХХК-ийнхан баяртай байдгаа хэллээ.
Утас-95143553