"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийн хамт олон Өвөрхангай аймгийн Хужирт сумын баялаг бүтээгчдийг алдаршуулж байна.
Л.Дуламсүрэн: Дулаан, чанартай гутал хийхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг
Монгол Улсын 21 аймгийн бүх сумдад гутлын цех ажиллаж, малчид, сум орон нутгийнхаа иргэдийг дулаан чанартай гутлаар ханган, өөрсдөө ч орлоготой, ажилтай байгаа хүмүүс олон байна. Баялаг бүтээгчдийг дэмжинэ төслийн баг Өвөрхангай аймгийн Хужирт сумын гуталчин Л.Дуламсүрэнтэй уулзаж ярилцлаа. Хужирт сум рашаан сувилал анагаах увидастай гэдгийг монголчууд андахгүй. Эмийн бус эмчилгээг эрхэмлэдэг болсон учир тус сумыг зорих хүмүүс баялаг бүтээгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, борлуулалт, захилага ч их байдаг гэнэ.
Гутлын цехийн ахлагч Л.Дуламсүрэн “Гэрээрээ гутал хийж байгаад 2012 онд сум маань Бизнес хөгжлийн төвтэй болсноор бүл болон ажиллаж ирлээ. Жилээс жилд ажиллах хүний тоо нэмэгдсээр одоо зургаан хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Бид буриад, эрэгтэй, эмэгтэй гоёлын болоод өдөр тутмын, хүүхдийн гутал хийж байна.
Аливаа зүйлийг хийхдээ зах зээлээ судалж, ямар зүйл сонирхож байгаагаа мэдэх хэрэгтэй. Чанартай, дулаан гутал хийхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Өвөрхангай аймгийн бүх сумын иргэдээс гадна Архангай, Булган аймгийн иргэд захиалга авдаг. Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Гутал хийх ажиллагаа бүхэнд үнэлгээ тогтоон хүмүүсээ цалинжуулдаг. Сэтгэл нийлсэн хүмүүстэй хамт ажиллах сайхан байдаг” гэв.
Гутлын нэр төрөл, загвар хийцийг сайжруулах зорилготой ажиллаж буй хамт олонд улам их амжилт хүсье.
Г.Хорлоо: Эсгийгээр хийж болохгүй зүйл гэж байхгүй
Хужирт сумын баялаг бүтээгч Г.Хорлоогийн хийсэн бүтээгдэхүүн хэн хүний анхаарлыг татаж, нүд хужирлах аж. Эсгийгээр олон бүтээгдэхүүн хийж, монголчууд ч хэрэглэж заншаад удаж байна.
Хэрэглээ байдаг болохоор эсгийгээр бүтээгдэхүүн хийдэг бүсгүйчүүд шинэ зүйл хийхийн төлөө ухаанаа уралдуулдаг болжээ. “Зөөлөн зулхай” бүлийнхэн эсгийгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг аж. Тавчик, бойтог тэдний хамгийн эхний бүтээгдэхүүн. Өлгий, монгол наадгай, хүүхдийн дулаан хантааз, зүүний хатгуур, утасны зүүлт, эсгийгээ ашиглан бүтээсэн уран зураг хүртэл тэд зурж туршжээ.
Нэхий, эсгий эдлэл хүнд бас хэт зузаан учир хэрэглэхэд хүндрэлтэй байдаг. Харин одоо сайн боловсруулж чаддаг болсон учир нимгэн, дулаанаас гадна хэрэглэхэд эвтэйхэн, хүний биед таатай байдаг болжээ. Нэг зүйл хийгээд түүнийгээ хэрхэн борлуулах талаар толгой өвдөн суухыг баялаг бүтээгчид маань таашаахгүй болж. Яавал хүний хэрэгцээг төгс хангах, хэрэглэхэд эвтэйхэн байж, дараагийн худалдан авагчаа татах арга ухааныг Г.Хорлоогийн хийсэн зүйлс илтгэж байсан юм.
Г.Хорлоо “ Манай суманд сургалт зохион байгуулсан юм. Тэр үеэс эсгийгээр юу хийж болдгийг сурсан. Ингээд 2013 оноос Бизнес хөгжлийн төвд ажлын байртай болоод бүтээгдэхүүнийхээ тоо ширхэгийг нэмж ажиллаж байна. Гар аргаар боловсруулсан эсгий дулаан хадгалах нь илүү байдаг болохоор үйлдвэрийн эсгийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг. Хүмүүс эсгий эдлэл сонирхон худалдан авдаг. Хүүхдийн тавчик, гутал, бойтог, даллагын болон шагайн уут хамгийн их зарагддаг. Сумын Засаг дарга манай бүлийг дэмжин, өөр газраас дадлага туршлага судалж ирээд бидэнд хэлж, санаа авах бүтээгдэхүүн авчирч өгдөг. Би дангаараа хийхээс гадна ажил амьдралын гараанд хөл тавьж байгаа охидуудыг сургадаг. Олон шавьтай болсон шүү. Цаашдаа бүтээгдэхүүнийхээ эсгий гутлынхаа чанарыг сайжруулж, уллагаа хамтарч хийе гэсэн хүн бий. Урам авч, түүнийг ажил болгох бодолтой байна” гэв.
Хүүхдийн эсгий өлгий хийхдээ өнгө үзэмжийг анхаарч, өнгө өнгөөр хийсэн нь нүдэнд тусав. Түүнчлэн эсгий үнэг хийж хамт өгч байгаа нь бас нэг давуу тал болжээ. Монголчууд эртнээс нялх хүүхдийн харааг тогтоох мөн саатуулах үүднээс тоглоом өлгөдөг. Импортоор ирж буй тэрхүү тоглоомыг орлох өнгө үзэмж сайтай эсгий тоглоом бидний анхаарлыг татаж, бас дэмжүүштэй санагдсан юм. Эсгийг хэлбэрт оруулж, өнгө өнгөөр будан, хонх зүүсэн тоглоом хүүхдийг саатуулах тоглоом мөнөөс мөн аж.
М.Жавхлантөгс: Үйл ажиллагаагаа өргөтгөн олон хүнд хүртээмжтэй үйлчилнэ
"Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийнхөн Өвөрхангай аймгийн Хужирт суманд ажиллахдаа нэгэн залуу гэр бүлийг төсөлдөө онцолж байна. Учир нь тэдний хийж буй зүйл сум орон нутагтаа цөөн бөгөөд хийж бүтээх чин хүсэлтэй бол юу ч хийж, амьдарч болдгийн жишээ болох юм. Тус сумын уугуул иргэн М.Жавхлантөгс гэргийн хамт гэрэл зургийн газар ажиллуулж, сум орон нутгийн иргэд, цаашлаад сувилуулахаар ирсэн өндөр настнуудад дурсаж явах гэрэл зэргийг нь авч өгөн үйлчилдэг юм байна.
Жуулчид ч тэдний үйлчлүүлэгчдийн нэгээхэн хэсгийг эзэлдэг. Монгол Улсынхаа байгалийн сайхныг жуулчдад мөнхлөн үлдээж өгдөгт нь үйлчлүүлэгчид ч баяртай байдаг аж. Жуулчид тэднээс хэд дахин хүчин чадалтай гэрэл зургийн аппараттай ч хоног хугацаа давчуу учир байгалийн сайхан газарт очиж амждаггүй гэнэ. Тиймээс тэдний авсан байгалийн сайхан зургийг илүүд сонирхдог аж.
“Бид 2013 оноос гэрэл зурагчны ажил хийж эхэлсэн. Гэрэл зургийн аппаратгүй хүн гэж бараг үгүй болсон ч мэргэжлийн хэмжээнд гэрэл зураг авч, албан ёсны бичиг баримтны зураг авахуулах гарцаагүй шаардлага хүмүүст байна. Бид сумынхаа ойн номны гэрэл зургийг авч, бүтээл болгон гаргасандаа баяртай байдаг. Манай гэрэл зургийн газраар үйлчлүүлэгч олон байдаг. Хужирт рашаан сувилалд өндөр настнууд олноороо ирдэг. Тэд амрах хугацаандаа найз нөхөд болоод зургаа авахуулах сонирхолтой байдаг.
Бид тэдний хүсэлтийн дагуу үйлчилдэг. Төгсөлтийн гэрэл зургийн цомог, байгууллага, аж ахуйн хамт олны зураг гээд бидэнд хийх ажил мундахгүй. Цаашдаа компьютероо сайжруулж, гэрэл зургийг аяган дээр хэвлэдэг үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Үүнийгээ ажил болгох болно. Иргэд маань биднээр зургаа авахуулах, хэвлэлийн эх бэлтгэл хийлгэх хүсэлтэй байдаг.
Бидний ажлыг сумын удирдлага дэмжин Сум хөгжүүлэх сангаас дөрвөн сая төгрөгийн зээл олгосон. Зээлээ энэ жилдээ багтаан төлж дуусна” гэв. Сум орон нутагт ямар зүйл хэрэгтэй байгааг дотор нь ажиллаж амьдарч байгаа иргэд л хамгийн сайн мэдэрнэ. Тиймээс М.Жавхлантөгс гэргийн хамт гэрэл зурагчин ажиллуулж бусдад болон өөртөө үр шимээ хүртэн амьдарч байна.
М.Отгонмаа: Ажлын байраа өргөтгөн салон байгуулах зорилготой ажилладаг
Хужирт сумын иргэдийн гоо сайхны төлөө ажилладаг үсчид олон. Бид энэ удаа “Сондор” үсчний газрыг онцолж, хийж буй ажлынх нь талаар үсчин М.Отгонмаатай ярилцсан.
-Та ажлын гараагаа эхлээд хэр удаж байна вэ?
-Үсчин болоод гурван жил болж байна. Салбар нээгээд нэг жил орчим болж байна.
-Дан ганц үс засахаас гадна өөр үйлчилгээг бүсгүйчүүддээ үзүүлдэг бололтой?
-Тийм ээ, зөвхөн үс засаад зогсохгүй маникюр, педикюр хийхээс гадна бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг.
-Сум хөгжүүлэх сангаас зээл авсан уу. Ажлаа хийгээд зээлээ төлөх боломж хэр байна вэ?
-Нэг жилийн өмнө нэг сая төгрөгийн зээл авсан. Манай ажил сумынхаа төв хэсэгт байдаг болохоор үйлчлүүлэгч олонтой. Ажлаа тасралтгүй, тууштай хийж байгаа хүн бага хүүтэй зээлээр ажлаа өргөжүүлж, зээлээ хийх боломжтой байдаг.
-Таны цаашдын зорилгыг сонирхож болох уу?
-Би салон нээх бодолтой байдаг. Зөвхөн үсчнээс гадна гоо сайхан ажиллуулж нутгийн бүсгүйчүүдээ сайхан байлгахын төлөө хичээх болно.
-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.
Уран Дагиймаагийн үр сад удмынхаа түүхийг баяжуулж явна
Хужирт сумын “Уран шаглаа” оёдлын цехийг бид зорилоо. Нутаг усныхан нь тэднийхнийг Уран Дагиймаагийн үр сад хэмээн хүндэтгэн, дээл хувцсаа оёулах дуртай байдаг аж.
Сумынхаа 90 жилийн ойгоор "Удам дамжсан урчууд" нэртэй үзэсгэлэн гаргаж, уран гэдгээ харуулж чадсан Дагиймаа гуайн үр садын ажил амьдрал нь өөдрөг сайхан явна. “Уран шаглаа” оёдлын цехийг ажиллуулдаг Д.Цэвэлмаа эхээсээ зургуулаа. Тэд бүгд гарын уртай бөгөөд дээл оёж, эрчүүд нь хөөрөг хийдэг юм билээ. Аавынх нь шавь гэх хүмүүс ч Хужиртад цөөнгүй байдаг аж.
2002 оноос эхлэн гэрээрээ дээл оёж эхэлсэн Д.Цэвэлмаа ажлын байртай болох зорилго тавин, 2012 оноос цехээ байгуулж одоо дөрвөн хүнийг ажлын байраар ханган нутгийнхаа хүмүүсийг гангарааг урладаг юм.
“Манай цех 2012 оноос ажлаа эхлүүлсэн. Би өөрөөсөө гадна дөрвөн хүнийг ажлын байраар хангадаг. Манай сум амралт сувилал болон аялал жуулчны бааз ихтэй болохоор үйлчлүүлэгч олонтой байдаг. Тиймээс ажлын байраа сайжруулж, олон хүнийг ажлын байраар хангах бодолтой байна. Би Хужирт сумын уугуул иргэн. Миний аав уран Дагиймаа гэдэг нэр алдартай хүн байлаа. Аавынхаа нэр хүндийг өндөрт өргөж яваадаа баяртай байдаг. Зөвхөн манай сумынх бус амралт сувилалд ирсэн хотын хүмүүс захиалаад дараа жил нь дахиад хийлгэе гээд ирдэг. Энэ бүгдээс харахаар манай оёдолчдын хийсэн дээл хувцас хүний хэрэгцээг бүрэн хангаж байгаад баярлан урам авдаг. Нутгийн иргэдээсээ баярлалаа гэдэг үгийг олон сонссон. Улам их хичээх болно” гэв.
Одоогоор үндэсний хувцсаар дагнан үйл урлаж буй Д.Цэвэлмаа цаашдаа ажлын байраа өргөтгөн ажлын хувцас, форм хийх зорилготой байдгаа дуулгасан.