Орон нутгийн үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор олон аймаг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлаад байгаа. Тэгвэл наран мандах зүгийн нутаг Сүхбаатар аймаг энэ оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлалаа. Энэ жилийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллах гэрээг байгуулав. Хамтран ажиллах ажлын хүрээнд энэ сарын 12-ны өдөр Баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр тэргүүтэй удирдлагууд, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалт зохицуулалтын газрын дарга Д.Батзогсох, Хөдөлмөрийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтсийн удирдлагууд болон баялаг бүтээгчид оролцлоо.
Зөвлөгөөний үеэр Монгол улсын Сум хөгжүүлэх сангийн зээлийн ажлын хэсэг, хяналтын зөвлөлд баялаг бүтээгчдийн төлөөллийг оруулах тухай Засгийн газрын 494-р тогтоолыг Холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр салбарын тэргүүлэгчдэд гардуулан өглөө.
Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь баялаг бүтээгчдийн өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид орон нутагт хөгжих үйлдвэрийн чиглэлийн талаархи товч илтгэлийг тавьсан юм. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр 2015 онд холбооны хэрэгжүүлсэн ажил, мөн ирэх онуудад хэрэгжүүлэх ажлын талаархи илтгэлийг баялаг бүтээгчдэд танилцуулав.
"Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласны хүрээнд ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөөт ажлын зохион байгуулах болсон. Энэхүү төлөвлөгөөнд зөвлөгөөнд оролцсон баялаг бүтээгчдийн саналыг авч тусгахаар болсон юм. Баялаг бүтээгчдээс орон нутагт хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах, хилийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, уян хатан нөхцөлтэй зээл олгох зэрэг саналууд гарлаа.
Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энхцэцэг
Баялаг бүтээгчдийг дэмжих олон хууль, тогтоол, шийдвэр гарлаа. Баялаг бүтээгчдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтын ажлыг түлхүү зохион байгуулж ажиллана. Тулгамдаж байгаа гол асуудлын нэг болох борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон томоохон худалдааны төвүүдтэй хамтрах шаардлагатай. Шинэ зах зээлийг бий болгох үүднээс шинэ үйлдвэрлэл, санааг түлхүү дэмжиж ажиллах нь аж үйлдвэр хөгжих шинэ боломж юм.
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбарын тэргүүлэгч А.Чулуунбаатар
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөл орон нутгийн удирдлагуудтай хамтран тохиролцсоны үр дүнд 2016 "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласан. Үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх тал дээр гол зорилгоо болгож ажиллана. Энэ ажилд төрийн болон төрийн бус байгууллага, баялаг бүтээгчид, хэрэглэгчид гээд олон төлөөлөл хамтран ажиллавал илүү үр дүнд хүрнэ.
Өрхийн үйлдвэрлэгч О.Батжаргал
Сүхбаатар аймгийн Халзан сумаас оролцож байна. Аймаг, орон нутгийн удирдлагууд 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарласанд талархаж байна. Орон нутгийн удирдлагууд болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо бүтэн жилийн турш биднийг бодлогоор дэмжиж ажиллахаар боллоо. Одоо бүх зүйл баялаг бүтээгч биднээс шалтгаална. Бид өөрсдөө идэвхи санаачлагатай, судалгаатай олон ажлын хамтарч зохион байгуулах үлдлээ.