Барилгын салбарт их бүтээн байгуулалт хийж байгаа “Суруга монгол” компанийн бетон хийц, зуурмагийн үйлдвэр бүрэн угсармал барилгын бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Анх үйлдвэрлэлээ эхлүүлж байхдаа цогцолбор хорооллын замын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол өнөөдөр тэд 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн эдлэлийг үйлдвэрлэж байна. Тус үйлдвэрийн хувьд цагт 90 метр куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд дунджаар 10 мянган метр куб бетон зуурмагийг барилгын салбарт нийлүүлж байна.
Г.Энхзул “Бетон хийц, зуурмагийн үйлдвэр”-ийн чанар төлөвлөлтийн ахлах менежер
-Сайн байна уу, танай үйлдвэр хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-Манай компани 2002 онд байгуулагдаж барилгын чиглэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2006 онд бетон зуурмаг, бетон хийцийн үйлдвэрээ байгуулсан. Барилгын талбайд 200-300 ажилтан ажилладаг бол үйлдвэрт 75 гаруй хүн ажилладаг.
- Танай үйлдвэрийн онцлог нь Япон технологийг ашигладаг гэж байсан. Тэгвэл япон технологийн давуу тал нь юу вэ?
-Япон улсын хувьд бүрэн угсармал барилгын технологиороо дэлхийд тэргүүлэх эгнээнд бичигддэг. Тус улс нь 1950 оноос хойш бүрэн угсармал орон сууцыг барилгын салбартаа оруулж ирсэн. Харин манайд 1960-1970-аад оны үед угсармал барилгууд баригдаж эхэлсэн юм. Барилгажилт эрчимжиж байгаа энэ үед бүрэн угсармал орон сууц барих нь эдийн засгийн олон давуу талтай. Жишээ нь жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэл явуулах боломжтой, газар хөдлөлтөд тэсвэртэй, дулаан алдалт бага, дуу тусгаарлах чанар өндөр, цаг хугацаа бага зарцуулна, эдэлгээ удаан, байгаль орчинд ээлтэй гэх мэт.
-Тэгвэл түүхий эдээ хаанаас нийлүүлдэг вэ?
-Бүтээгдэхүүний арматурыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс бусад элс, хайрга, цементээ дотоодынхоо компаниудаас авдаг.
-Үйлдвэрийн цаашдын зорилго юу вэ?
-Энэхүү технологийг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудад таниулах зааж сургах, шинэ залуу инженерүүдээ сургаж, чадавхижуулах хэтийн зорилготой ажиллаж байна.
Өндөр чанартай барилгыг богино хугацаанд барьж худалдан авагчдад хүлээлгэн өгөхийн тулд “Суруга Монгол” ХХК нь Бетон зуурмагийн үйлдвэр, Хайрга бутлах үйлдвэр, Угсармал бетон хийцийн үйлдвэр гэсэн гурван үйлдвэрийг 2006 онд ашиглалтад оруулжээ. Анх өөрсдийн барилгын хэрэгцээг 100 хувь ханган ажиллаж байсан бол өнгөрсөн жилээс бусад барилгын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн байна.
Бусад барилгын компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн
Тус үйлдвэр нь бүтээгдэхүүн, тээвэрлэлт, хэв, арматур болон бетон зуурмагийн гэсэн таван хэлтсээс бүрдэнэ. Үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнээс дээж аван чанар, нягтаршил, гэнэтийн нөлөөлөл буюу газар хөдлөлт зэрэгт тэсвэрлэх чанарыг шалгадаг байна.
Чанар, нягтаршил, гэнэтийн нөлөөлөл буюу газар хөдлөлт зэрэгт тэсвэрлэх чанарыг шалгадаг