Их хотын маань төв талбайг эсгий ширмэл түүхэн бүтээл чимжээ. Монголын нууц товчооноос сэдэвлэн Чингис хааны амьдралын гол үйл явдлуудыг энэхүү 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан байна. 2015 онд Хэнтий аймгийн баялаг бүтээгчид болох Д.Нэргүй гэргий Ж.Нарантуяагийн хамт уг ажлыг санаачлан эхлүүлсэн байдаг. Тэгвэл цаасан дээр байсан энэ ажил “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны дэмжлэгтэйгээр ийнхүү Геннисийн номонд бүртгүүлэхэд бэлэн болжээ.
Д.НЭРГҮЙ ББДХ-НЫ ХЭНТИЙ АЙМГИЙН САЛБАР ХОРООН ТЭРГҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧ:
2015 онд би гэр бүлийнхээ хүний хамтаар эсгий дээр “Монголын нууц товчоо”-г дүрсэлсэн түүхэн бүтээл урлах санаачлагыг гаргаж “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд хандаж байлаа.
Бидний санаачлагыг ч ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяр маш таатайгаар хүлээн авсан.
Анх бид аймгийнхаа хэмжээний түүхэн бүтээлийг урлахаар төлөвлөж байсан бол холбооныхоо дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд цаашлаад дэлхийд данслах томоохон ажлыг эхлүүлж чадсан юм. Мэдээж хөрөнгө санхүү, ажиллах хүн хүч хангалтгүй гээд олон асуудал тулгарч байсан. Тэгвэл энэ бүгдэд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” болон гишүүд дэмжигчдийн маань дэмжлэг маш их байлаа гэдгийг хэлэх хэрэгтэй биз ээ. Манай ББДХ маань 21 аймаг, 330 суманд салбар хороогоо ажиллуулдаг. Энэ бол бидний ажилд маш их давуу тал болж байсан юм. Хоёр жилийн хугацаанд Монголын маань баялаг бүтээгчдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр бүтсэн энэхүү түүхэн бүтээлээ өнөөдөр олон нийтэд танилцуулж байгаадаа маш их баяртай байна.
Ж.НАРАНТУЯА: ББДХ-НЫ ХЭНТИЙ АЙМГИЙН САЛБАР ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧ, САНААЧЛАГЧ
Анх бид энэхүү түүхэн бүтээлээ 100 метр эсгий дээр багтаана гэж төлөвлөсөн байсан. Яг 100 метрээ дуусгаад Өвөрхангай аймагт сүүлийн учигаа шингээж байхдаа ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаяртай уулзсан юм. Ингээд бид хоёр Ч.Даваабаяр ерөнхийлөгчтэй ярьж байгаад 100 биш 108 болгоё гэдэг шийдэлд хүрсэн. Ер нь ч манай монголчуудын билэгдлийн тоо 108 гэдэг утгаараа ч бидний санал нэгдсэн юм. Өнөөдөр бид 100 биш 108 метр эсгий дээр Монголын нууц товчоог зээг ширмэлээр урлаж дууслаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ үйл хэрэг монголын маань баялаг бүтээгчдийн сэтгэл зүрх, эд материалын дэмжлэгтэйгээр бүтсэн юм шүү гэдгийг энэ дашрамд хэлэхэд таатай байна.
Н.ГАНБОЛД ББДХ-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН:
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хамт олон 21 аймгийн салбар хороодтойгоо хамтран орон нутагт баялаг бүтээгчдийн уулзалт зөвлөгөөнийг бүх аймагт зохион байгуулсан. 2015 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн уулзалт зөвлөгөөний үеэр уг бүтээлийг санаачлагчид холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаярт хандаж бүтээлээ танилцуулж дэмжлэг хүссэн юм. Тухайн үед энэ ажлын цар хүрээ нь өргөн, хүний хөдөлмөр, цаг хугацаа төсөв хөрөнгө маш их шаардлагатай нь харагдаж байсан. Тиймээс төслийг ажил хэрэг болгож нийтэд сурталчлан таниулах, бүтээлийг амжилттай дуусгахад нийт баялаг бүтээгчдийг татах оролцуулах ажлыг ББДХ санаачлан бүтээлд олны хүчийг дайчлах ажлыг эхлүүлсэн. Учир нь энэ бүтээл бол Монголын түүх уламжлал, ёс заншлыг харуулах, хойч үед өвлүүлэн үлдээх цаашлаад дэлхий нийтэд сурталчилахад ихээхэн хувь нэмэр болох бүтээл гэж бид үзсэн юм. Тэгвэл өнөөдөр баялаг бүтээгчид маань нэгдэн дэлхийн хэмжээний түүхэн бүтээлийг олон нийтэд танилцуулж байна.
Өнөөдрийн байдлаар энэ ажилд 21 аймгийн 100,000 гаруй баялаг бүтээгчид өөрсдийн гараар учиг шингээн гар бие оролцоод зогсохгүй төсөлд шаардлагатай цагаан эсгий, тэмээний ноосон утас, мөнгөн болоод материаллаг хандив өргөж байсан юм. Энэ дашрамд монголынхоо нийт баялаг бүтээгчиддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Баялаг бүтээгчид бид нэгдэн дэлхийд данслагдах түүхэн бүтээлийг урлаж чадлаа гэдгийг хэлэхэд таатай байна.
Н.Ганболд: Эсгий дээр ширсэн “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г дэлхийд дансална. http://mass.mn/n/51852
Г.ЭРИЙНТОВЧ ББДХ-НЫ ХЭНТИЙ АЙМГИЙН САЛБАР ХОРООН ТЭРГҮҮЛЭГЧ:
2015 оныг Хэнтий аймаг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан байсан. Тэр чуулганы үеэр манай аймгийн баялаг бүтээгч гэр бүлийн хоёр болох Д.Нэргүй, Ж.Нарантуяа нар уг бүтээлийг санаачилж ББДХ-ны ерөнхийлөгч Ч.Даваабаярт хандаж байлаа. Анх Хэнтий аймгийн хэмжээний бахархалыг бүтээе гэж бодон эхлүүлж байсан ажил өнөөдөр ББДХ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээний бахархал болсон бүтээлийг бүтээчихээд зогсож байгаадаа туйлын бахархалтай байна.
ББДХ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээний бахархал болсон бүтээлийг бүтээчихээд зогсож байгаадаа туйлын бахархалтай байна.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: УИХ-ЫН ГИШҮҮН, ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН
Ер нь дэлхий дээр аливаа үндэстэн ялгарч байж оршин тогтнодог. Монголчууд бидний хувьд ялгарал гэдэг бол түүх, бас нүүдлийн соёл иргэншил юм. Өнөөдрийн энд олон нийтэд танилцуулж байгаа энэ түүхэн бүтээл бол зөвхөн нэг аймгийн хэмжээний асуудал биш, тэрбүү хэл Монгол Улсын ч асуудал биш. Энэ бол нийт 13-р зууны үед нэгдэж байсан Монгол туургатны хэмжээний томоохон бахархалын асуудал юм. Өнөөдөр үүнийг урчууд, үйлчид, баялаг бүтээгчид маань нэгдэж Монгол туургатны хэмжээний бахархалыг бүтээлээ. Би хувьдаа туйлын их бахархаж байна.
А.БАТХУЯГ УВС АЙМГИЙН ББДХ-НЫ ГИШҮҮН:
Манай аймагт энэхүү түүхэн бүтээлд учиг шингээх арга хэмжээг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Увс аймаг дахь салбар хорооноос зохион байгуулсан байдаг. Манай аймгийн гишүүд дэмжигчид ч үүнд маш өргөн дэлгэр оролцсон. Бид 15 метр эсгийг ширж, мөн хэмжээний талбайг зээглэж оёсон. Бидний хувьд энэ ажилд үргэлж гар бие оролцож ирсэн гэж хэлж болно. Хамгийн сүүлд л гэхэд 7 хоногийн өмнө арлагааны ажлыг дуусгаад өчигдөр шөнө нээлтийн ажилдаа оролцохоор санаачлагчидтай хамт ирлээ. Өнөөдөр бид өөрсдийн гар бие оролцсон бүтээлээ олон нийтэд танилцуулж байна. Энэ бол Монголын нийт баялаг бүтээгчдийн маань нөр их хөдөлмөрийн үр шим гэдгийг хэлмээр байна.
Дэлхийд данслагдах түүхэн бүтээлийг “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” олон нийтэд амжилттай таниулсаны үндсэн дээр Монгол орны өнцөг булан бүрээс урчууд, үйлчид учиг нийлүүлээд зогсохгүй Өвөрмонгол, Тува, Буриад, Халимаг, Киргыз тэргүүтэй 28 үндэстэн ястан, монгол туургатнууд нэгджээ. Тэдний төлөөлөл бол ӨМӨЗО-оос ирсэн Ч.Бадмаа юм.
Ч.БАДМАА ӨМӨЗО-НЫ ИРГЭН:
Миний хувьд ӨМӨЗО-оос ирж өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. ӨМӨЗО-оос 400 гаруй төлөөлөл ирсэн. Бидний хувьд монгол туургатны омогшил болсон энэхүү түүхэн бүтээлд гар бие оролцсондоо маш их баяртай байгаа. Дэлхийд данслагдах түүхэн бүтээлийг урласан Монголынхоо баялаг бүтээгчиддээ цаашдын ажилд нь амжилт хүсье.