“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд нэмэгдсээр байна. Тодруулбал, холбоонд нэгдэж буй эхний гишүүд энэ сарын 11-ний өдөр үнэмлэхээ гардаж авсан бол өнөөдөр хөдөө орон нутгийн баялаг бүтээгчдийн төлөөлөл үнэмлэхээ гардан авч, албан ёсны гишүүд боллоо.
“Хутагтын говийн тэмээчин” хоршооны дарга Н.Эрдэнэбилэг
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны албан ёсны гишүүн боллоо. Холбооны үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?
-Аливаа нэгэн үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагууд өөрсдийгөө төлөөлүүлэх байгууллагатай байх шаардлагатай байдаг. Тиймээс Монголын баялаг бүтээгчид нэг дор нэгдэж, төр засагт дуу хоолойгоо хүргэх боломж бүрдэж байгаад их баяртай байна. Баялаг бүтээгч хүний хувьд холбооныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болно.
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсанаар ахиц дэвшил гарсан уу?
-Төсөлд хамрагдсаны дараа олон газраас холбоо барьсан. Дээрээс нь зах зээл өргөжиж, техник технологио сайжруулах шаардлага тулгарч байна. Бүтээгдэхүүнийг маань худалдаж авахыг хүссэн хүмүүс ихэсч байна. Монголчуудын хөгжих үндэс бол монголын баялаг байх учиртай. Тиймээс энэхүү сайхан төслийг санаачилсан Масс агентлагийн хамт олонд талархаж байна.
“Чамин угалз” ХХК-ийн менежер А.Цэнд
-“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлд хамрагдсанаар ямар үр дүн гарсан бэ?
-Үр дүн их гарсан. Бид өмнө нь тодорхой хүрээлэл дунд бүтээгдэхүүнээ борлуулдаг байсан бол төсөлд хамрагдсанаар бидэнтэй монголын өнцөг булан бүрээс холбогдож, бүтээгдэхүүн худалдаж авах хүсэлт ирж байгаа. Энэ бол “Масс агентлаг”-ийн хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн үр дүн гэж бодож байна.
-Олон баялаг бүтээгчидтэй нэг холбооны дор нэгдлээ. Мөн холбоогоор дамжуулж төр засагт дуу хоолойгоо хүргэх боломжтой боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Гайхалтай баялаг бүтээгчдийг нэг дор цуглуулж, үндэсний баялаг бүтээгчдийн холбоог байгуулсанд бид их баяртай байгаа. Холбооны үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцох болно.
"Эко бадрах агаар" ХХК-ийн захирал А.Батцэцэг
-"Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны үр дагаврыг хэрхэн тодорхойлох вэ?
-Цөөн тооны хүмүүс юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа учир хийж буй бүтээгдэхүүнүүд нь борлогдох эсвэл тулгамдаж буй хүндрэл бэрхшээлээ өөрсдийн хүчээр даван туулж чадахгүй байна. Тиймээс биднийг нэгтгэж өгөх холбоо байгуулагдсанаар эдгээр асуудлууд шийдэгдэх байх гэж бодож байна. "Олны хүч оломгүй далай" гэгчээр үйлдвэрлэл эрхлэгчид бүгд нийлээд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломж бүрэн бий. Тийм учир холбоогоороо дамжуулж асар их амжилтад хүрэх юм байна гэж бодлоо.