Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан нээлтийн арга хэмжээнд оролцохоор ирсэн ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаа.

Уулзалтад 21-р зууны хөгжлийн төлөөх статистикийн түншлэл (ПАРИС21) байгууллагын Өгөгдөл ба хиймэл оюун ухаан хариуцсан бодлогын ахлах шинжээч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий статистикчийн ахлах зөвлөхФрансуа Фонтенью, Дэлхийн банкны Хөгжлийн өгөгдлийн хэлтсийн захирал Оливье Дуприз, Google компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Прем Рамасвами болон Үндэсний Статистикийн хорооны дарга Б.Батдаваа нар оролцлоо.

ҮСХ нь ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл компанитай хамтран Хиймэл оюун ухааныг албан ёсны статистикийн мэдээллийг боловсруулахад ашиглах “Монгол Улсын Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг 2025 оны 9-р сарын 16-ны 15:00 цагт нээж, төслийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, 2026 оныг дуустал хэрэгжинэ.
Монгол Улс хамтын ажиллагааны хүсэлтээ 2025 онд албан ёсоор ПАРИС21 байгууллагад илэрхийлсний үр дүнд нь төслийг хэрэгжүүлж, үр шимийг хүртэх 5 улсын 1-ээр сонгогдон оролцож байна.
Төслийн зорилго: Үндэсний статистикийн систем нь Хиймэл оюун ухаан (ХОУ)-ыг үйл ажиллагаандаа ашиглах бэлэн байдлыг өгөгдөл, платформ ба дэд бүтэц, хүний нөөц ба чадавх, засаглал гэсэн дөрвөн чиглэлээр сайжруулахад оршино.
Энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
- ХОУ-д бэлэн байдлын суурь үнэлгээ хийх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах (2025 он)
- Өгөгдлийн чанар ба хүртээмжийг сайжруулах, өгөгдөл тархаах автоматжуулалтын шийдлийг хөгжүүлэх (2026 он)
- Мета өгөгдлийг сайжруулах (2025 он)
- ҮСХ, системийн албан хаагчдад ХОУ-ны мэдлэг олгох, сургалт зохион байгуулах (2025 он)
- ХОУ-ны ил тод байдлыг хангах удирдамж боловсруулах (2026 он)
ПАРИС21, Дэлхийн банк, Гүүгл -ийн төлөөлөгчид нь “Үндэсний статистикийн системийн хиймэл оюуны бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагааны нээлтэд оролцохоос гадна Үндэсний статистикийн хороо, төрийн байгууллагын албан хаагчдад Дэлхийн банкны зүгээс хөгжүүлсэн мета өгөгдлийн арга хэрэгслийн танилцуулах сургалтыг зохион байгуулах зорилготой Монгол Улсад ирээд байгаа юм байна.
Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны яамны зүгээс “Их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги”-ийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгааг Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар тодотголоо .

Цахим хөгжил, Инновац, Харилцаа холбооны сайд Э.Батшугар төслийн үйл ажиллагаа, ялангуяа мета өгөгдлийн нэгдсэн сан байгуулах үйл ажиллагаа болон мета өгөгдлийн стандартыг боловсруулж, нэвтрүүлэхэд Үндэсний статистикийн хороог дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам