Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ХХАА, хөнгөн үйлдвэрийн салбарын Баялаг бүтээгчдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Ховд эко цемент” үйлдвэрийн төслийн захирал Сандагийн Балжинням,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- "Монпеллетс" ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Баянжавын Цогбадрах,
"АЛТАНГАДАС" ОДОНГООР:
- "Очир Дагинас" компанийн Ерөнхий менежер Жамбалдоржийн Доржханд нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд болон тэдний гэр бүл, үр хүүхдүүд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Ховд эко цемент"-ийн үйлдвэр нь хуурай аргын үйлдвэр бөгөөд түүхий эдээ олборлох, бутлах, нунтаглах, хоорондын найрлагыг нь жигд болгоход ус хэрэглэхгүй, хамгийн сүүлийн үеийн, хамгийн шилдэг технологи бүхий байгаль экологид ээлтэй, Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш ашиглалтад орсон хамгийн том үйлдвэр, хамгийн том бүтээн байгуулалт юм. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 мянган тонн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангана. Мөн 350 шинэ ажлын байр бий болж, шууд болон шууд бусаар орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжин, 3,000 орчим иргэний орлого нэмэгдэх боломж бүрдэж байна.
Баялаг бүтээгч Б.Цогбадрах нь эх орондоо инновацын технологи бүхий дэлхийд анхны "Хонины ноосон органик бордооны үйлдвэр" барьж байгуулан 2018 оны 9 сард бүрэн ашиглалтанд оруулсан. Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийн зах зээл дээр анх удаагаа "хонины ноосон органик бордоо"-г анх ХБНГУ-д 2019 онд экспортолж эхэлсэн ба 2020 онд 40 тн, 2021 онд 100 тн, 2022 онд 160 тн, мөн 2020 онд АНУ руу хамгийн анхны 12тн бордоог үндэсний үйлдвэрлэгч "Монпеллетс" компани экспортолсон юм.
"Монгол мах, махан бүтээгдэхүүнийг Дэлхийн Брэнд болгоно" гэсэн Алсын хараа, эрхэм зорилгын хүрээнд 2017 онд олон улсын жишигт нийцсэн "Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр" байгуулахаар 3 үе шаттай төслийг хэрэгжүүлж байсан "Очирдагинас" ХХК, "Экспортын үйлдвэр"-ийнхээ төслийн 2 дахь шат болох "Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэр"-ийнхээ нээлтийг хийгээд байна. Уг үйлдвэрийн онцлог нь Монгол улсдаа анх удаа "Нөөшилсөн буюу консервлосон махан бүтээгдэхүүнийг" экспортод гаргах үйлдвэр барьсан явдал юм. Тус үйлдвэрт нийт 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкны зээл болон өөрийн санхүүжилтээр хийсэн байна. Шинэ үйлдвэр нь ашиглалтад орсноор 50 гаруй ажлын байр шинээр бий болж байна.
Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртсэн баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдийнхээ төлөөллүүдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье.