Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд /2023.06.19/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, Суралцагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Дуламханд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгасан Боловсролын сургалтын байгууллагын хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх боломж, шийдлийн талаар БШУЯ-наас мэдээлэл хийж, санал солилцлоо.
2022-2023 оны хичээлийн жилд "Үдийн хоол" хөтөлбөр болон цэцэрлэг, дотуур байрны хүүхдүүдийн хоолонд улсын төсвөөс нийт 176.5 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулсан. Үүнээс ЕБС-ийн сурагчдын "Үдийн хоол" хөтөлбөрт жилд 1 тэрбум төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт хийгдэж байна. Төр өөрөө дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого баримталж байгаа энэ цаг үед үндэсний үйлдвэрлэгчид экспортод гарах гэхээс илүү хүн амын гуравны нэгийг эзэлж буй ирээдүйн үр хүүхдийнхээ хоол, хүнсний асуудалд анхаарлаа хандуулж, хүүхдэд зориулсан шим тэжээлтэй, эрүүл аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн нь эрүүл чийрэг, оюуны чадамжтай ирээдүй хойч үе бий болгох том зорилготой гэдгийг ойлгож, энэ тал дээр соён гэгээрүүлэх ажил явагдах шаардлагатай гэв.
Хоёрдугаарт, "Үдийн хоол" хөтөлбөрт нэг хүүхдэд оногдох зардал 1,500 төгрөг байгаа нь инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед хангалтгүй дүн болоод байгаа юм.
Хүүхдийн хоногт авах илчлэгийг хувиар тооцвол:
- Өдрийн цэцэрлэгийн хүүхдүүд хоногт авах илчлэгийнхээ 80-100 хувийг,
- 24 цагийн цэцэрлэг болон дотуур байранд амьдардаг хүүхэд 100 хувийг,
- ЕБС-ийн сурагчид 35 хувийг авахаар заасан байдаг.
Гэвч эдийн засгийн байдал, цар тахлын нөлөөний улмаас хүнсний бараа үйлчилгээний үнийн өсөлтөөс шалтгаалж хүүхдүүд дээрх хэмжээний дөнгөж 50 хувийг л авч байна. Иймд уг асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, стандартын шаардлага хангасан сургууль, цэцэрлэгийн гал тогооны орчныг бүрдүүлэх, инфляцийн түвшинтэй уялдуулж, хоолны зардлыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хоолны чанар хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.