Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг ногооруулах боломжийн талаар хэлэлцлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр дахь удаагаа зохион байгуулж буй "Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган" Шангри-Ла зочид буудалд 6 сарын 13-16-нд зохион байгуулагдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанууд нь ногоон хөгжлийг дэмжихэд чиглэгдэх болно" гэдгийн онцолсон.
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Тогтвортой Санхүүжилтийн долоо хоног - 2023", Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр "Тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх нь" салбар хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо) болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэ Нэйче Консерванси, Европын холбооны санхүүжилттэй "Эдийн засгийн ногоон шилжилт" төсөл олон улсын байгууллагууд, ХасБанк, Төрийн банк, Хаан банк болон бусад түнш байгууллагууд оролцож байна.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэллээ. Мөн
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын Зөвлөх Ч.Даваабаяр,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг,
- ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун,
- Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр,
- НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн М.Конкиевич,
- ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төвийн захирал, Академич А.Бакей,
- Төрийн банкны Тэргүүн дэд захирал Д.Сугар,
- Европын худалдааны тэнхимийн захирал Б.Зандан болон бусад албаны хүмүүс, үндэсний үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгчдийн 100 гаруй төлөөлөл оролцож "Монгол Улсын тогтвортой хөдөө аж ахуйг санхүүжүүлэх, Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнийг ногооруулах" асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Хэлэлцүүлэг нь тогтвортой хөдөө аж ахуйн салбарын бодлого, бодлогын урамшуулал, тэдгээрийн үр нөлөө, тогтвортой хөдөө аж ахуйн санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх, ногоон санхүүжилтийн хэрэгслүүдтэй холбоотой бодлогын дүр зургийг тоймлон харуулах зорилготой юм.
Үүний тулд өнөөгийн болон ирээдүйн санхүүжилтийн урсгалыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглүүлэх, олон талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уялдуулах хэрэгцээ үүсэж байна. ТХЗ-ын таксономи батлагдсанаар дээрх зорилтуудыг дэмжсэн төр, хувийн хэвшлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэр татах, шинэ зах зээлийн боломжуудыг нээхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой юм.
Ерөнхий зохион байгуулагч:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар,
- Төрийн Банк
- Монголын Тогтвортой санхүүгийн холбоо (ТоС Холбоо)