Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр үндэсний хүнс үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэгч "Тэсо" группын харъяа "Милко" компанийн Зөв брэнд болон Golden Milk брэнд, Mongolian Camel ингэний хоормогийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Милко" ХХК нь эрүүл мэндийг дэмжигч инновацлаг бүтээгдэхүүнийг дотооддоо төдийгүй дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа үндэсний үйлдвэрлэгч томоохон компани юм. Тус компани шингэн хүнсний үйлдвэр, хуурайшуулах хүнсний үйлдвэр, хөнгөн зуушны үйлдвэр, савлах үйлдвэр гэсэн 4 үйлдвэрийн хүрээнд үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт мэргэшсэн 400-аад ажиллагчидтайгаар үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох 2018 онд ISO 9001, 2019 онд ISO 22000, Олон улсын эрчим хүчний удирдлагын тогтолцоо болох ISO 50001, Хөдөлмөр аюулгүй байдлын стандарт ISO 45001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001 зэрэг стандартуудыг нэвтрүүлж монголдоо төдийгүй гадаадын зах зээлд өрсөлдөж байна.
Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: "Ард иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжихийн зэрэгцээ улс орны эдийн засагт өгөөжөө өгч, эдийн засгийн дархлаа тогтох талаасаа ч "Милко" компанийн энэхүү үйл ажиллагаа төрийн тэргүүний санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнтэй салшгүй холбоотой. Тиймээс хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO зэрэг олон улсын чанарын стандартыг нэвтрүүлж монголдоо төдийгүй гадаадын зах зээлд өрсөлдөж байгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах нь "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хийгдэх томоохон ажлын нэг байгаа" гэв.