“Газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах, баталгаажуулах оюуны өмчийн эрх юм. Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно. Жишээлбэл, Францын Бордо мужид үйлдвэрлэсэн “Бордо” дарсыг дэлхий даяар мэддэг.
Монгол Улсын хувьд Увс аймагт ургуулсан чацарганыг “Увсын чацаргана” хэмээх нэрээр Европын Холбооноос газар зүйн заалттай бүтээгдэхүүнээр энэ оны эхээр бүртгэсэн.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний хөгжүүлэлт, түүнийг оюуны өмчийн хувьд баталгаажуулан хамгаалах сонирхол дэлхий дахинд ихээхэн нэмэгдэж байна. Нэн ялангуяа, Азийн улс орнуудын хувьд өөрсдийн онцлогт тохирсон газар зүйн заалтын эрх зүйн орчин болон бүртгэлийн систем нэвтрүүлснээр өдгөө 3700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бүртгүүлээд байна.
Эх сурвалж: ХХААХҮЯам