2021 онд цар тахлын эрч нэмэгдэж, ЖДҮҮ эрхлэгчдийн үйл ажиллагаа зогссон байх үед “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр өөрийн багийг бүрдүүлж, нэвтрүүлгээ биечлэн хөтлөсөн нь олон олон ажлын байрыг хадгалж үлдэхэд хувь нэмэр оруулсан. Мөн оны эцэст цар тахлыг амжилттай давсан 50 шилдэг баялаг бүтээгчийг тодруулж, тэднийг номонд мөнхөлсөн нь олон нийтийн зүгээс талархал хүртээд байв. Тэгвэл “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн хоёрдугаар улирал албан ёсоор эхэлж байна. Хоёрдугаар улирлын онцлог нь 2021 оны шилдэг 50 баялаг бүтээгч нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр оролцох явдал юм.
Баялаг бүтээгч нэвтрүүлгийн 2-р улирлын шинэхэн дугаарт “Монгол адууны диваажин” бодлого хөтөлбөр санаачлагч, Адууны асрамжийн газрын үүсгэн байгуулагч Б.Наранбадрах оролцлоо. Мөн зочин хөтлөгчөөр “Мон торгон дэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ж.Ганхуяг оролцсон нь шинэлэг бөгөөд үр дүнтэй үйл явдал юм.
Нэвтрүүлгийн зочин Б.Наранбадрахын хувьд эдийн засагч, түүхч мэргэжилтэй, АЙ ТИ-ийн компанитай хэдий ч мөрөөдлөө даган Адууны асрамжийн газрыг үүсгэн байгуулжээ. Түүний Адууны асрамжийн газарт өнөөдрийн байдлаар 80 гаруй адуу байгаа бөгөөд ихэнхийг нь бойноос аварч байсан юм. Түүний үүсгэн байгуулсан энэ газар жирийн адуу малладаг малчин өрхөөс багагүй ялгаатай. Энэ газар ирсэн адууг хүнд зардаггүй, бойнд өгдөггүй, үхэх өдрөө хүртэл тайван амгалан, эрх дураараа амьдрана. Харин энд байгаа адууг үрчилж авах боломжтой. Ингэхдээ өгч явуулахгүй, зөвхөн хүссэн үедээ ирж унах, нөхөрлөх, хайрлах эрхийг өгдөг байна.
Монголчуудын түүхийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Монгол морьны гайхамшгийг бид өөрсдөө төдийгүй гаднынхан ч шагшин магтдаг. Харамсалтай нь өнөөдөр бид хамтдаа үндэс, угсаатны түүхээ бүтээсэн, төрийн сүлдэндээ залсан адуунаасаа хэтэрхий хөндийрсөн. Малчид хүртэл морь унахаа больсон. Харин дийлэнх монгол адууны хувь заяа бойны газруудад төгсгөл болдог. Хэрэв үлгэр домог, шашны номлолд гардаг там гэж байдаг бол хамгийн харгис хэрцгий нь Монголын бойны газар шиг л байх болов уу гэмээр. Тэнд өдөрт хэдэн зуун, хэдэн мянган адуу тамлал, яргалал амсаж байна. Тухайлбал амьдаар нь хөл рүү нь сүлбэж дүүжлэх, цуцтал нь нүдэх, тэнхээгүй болтол нь нүдэж байгаад хоолойг нь хэрчих бол наад захын яргалал юм. Ингэж яргалуулж үхсэн, уур, үзэн ядалт, айдас мэдэрсэн амьтны махнаас хорт бодис илэрч байгааг АНУ-д хийсэн судалгаагаар тогтоосон байдаг. Бойнд яргалуулж үхсэн адуу болон бусад таван хошуу мал үүнээс ч илүүг мэдэрч байгаа. Монголчууд, тэр тусмаа нийслэлчүүд ийм л аюултай хүнсийг хэрэглэж байгаад сэтгэл эмзэглэж явдагаа Б.Наранбадрах хуваалцсан юм.
Монгол хүн адуугаа дээдлэдэг уламжлалыг үлгэр жишээ хадгалж үлдсэн угсаатан бол Өвөр Монголчууд юм. Тэд адууг тамлаж төхөөрөх нь байтугай адууны мах ч идэхийг цээрлэдэг. Үүнийг нь ч БНХАУ бодлогоор дэмжиж байна. Харин Монгол угсаатны голомт сахин үлдсэн бид адууны диваажин биш там болон хувирсныг “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн зочин Б.Наранбадрах хэлж байлаа.
Түүний хувьд “Монгол адууны диваажин” бодлого хөтөлбөрийг санаачилсан бөгөөд энэ нь хэрэгжиж чадвал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт маш том хувьсгал болно. Дээрх хөтөлбөрийн хүрээнд 7 бодлого багтдаг. Чухалчлан дурдвал нэн тэргүүнд адууны хулгайг огт байхгүй болгох, бойнд адуугаа өгөхөө больж шаардлагатай тохиолдолд Монгол уламжлалаараа төхөөрөх, Махны хэрэглээ, эрэлт нийлүүлэлтийг цахимжуулж, E-Mongolia цахим системтэй холбох гэх мэт зүйлс багтана. Мөн Б.Наранбадрах Дэлхийд 30,070,000 дэмжигч байгууллагатай Peta, Live kindly, Plant based news, Animals freedom байгууллагуудтай холбогдох завшаан тохиох үед, “Хэрэв танай улс адууг тамлахаа больж, үнэхээр дээдлэж чаддаг гэдгээ батлавал бид бүх талаар дэмжиж, Олон Улсад сурталчилж өгнө” гэжээ. Үүнийг хууль эрх зүй болон төрийн бодлогоор баримтжуулах нь хамгийн том шаардлага юм. Хэрэв ингэж чадвал Алдартай Холивудын жүжигчид хүртэл биднийг дэмжиж, адууны диваажин болсон эх орон, Голомтоо сахиж үлдсэн угсаатан гэж сурталчилж өгөх юм. Бид энэ үед морьтой баярын жагсаал гэх мэт жуулчдыг татах зүйл санаачилж болно гэдгийг нэвтрүүлгийн зочин хэлж байв. Үүний давуу тал нь багадаа 1 сая жуулчин Монголд зөвхөн морь унаж, морьтой нөхөрлөх гэж ирнэ. Яг ийм байдлаар дэлхийн аль ч улсын, ямар ч иргэн морь гэж хэлэхэд л Монгол санаанд нь буудаг болох нь Б.Наранбадрахын мөрөөдөл юм. Түүний энэ мөрөөдөл биелэхэд тун ойрхон байна. Гагцхүү төрийн эрх мэдэлтнүүдийн дэмжлэг л хэрэгтэй.