“Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн 59 дэх дугаарт 1984 оноос хойш монголын ард түмнийг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж ирсэн “Талх Чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Бурмаа оролцлоо.
Тэрээр оюутан байхаасаа эхлэн 25 жилийн турш ажил, амьдралаа нэг л байгууллагатай холбосон байдаг. Тиймээс хүнсний үйлдвэрлэлийн манлай болсон “Талх Чихэр” ХК-ийн хөгжил дэвшилд түүний хувь нэмэр их бий.
1997 онд программистаар “Талх Чихэр” ХК-д ажилд ороод анхны Пентиум 1 процессорийг угсарч, “Windows” программ, компьютерийн маусыг хэрхэн ашиглахыг нягтлангууддаа зааж байсан нь түүний мартагдашгүй дурсамжуудын нэг юм. Шинэхэн ажиллах хүчин байхдаа сүлжээний бахь, автирк бариад компьютерийн засварчин, програмист, мэдээллийн технологийн менежер, нягтлан гээд албаныхаа бүхий л ажилд идэвхийлэн оролцдог хичээнгүй нэгэн байв. Ялангуяа нягтлан бодогч нарт түүний туслалцаа хамгийн их хэрэг болдог байсан нь хоёр дахь мэргэжлээ сонгоход нөлөөлжээ. Тухайн үед компьютерийн програм хангамжийн техник, технологи хөгжөөгүй байсан тул нягтлангуудын бүтэн сарын ажил устах нь энгийн асуудал. Б.Бурмаа хамт ажилладаг нягтлан эгч нартаа туслан устсан гүйлгээг шөнөжин нойргүй хонож шивэх тохиолдол цөөнгүй тохиолддог байсан бөгөөд ингэж л нягтлан бодогч мэргэжилтэй танилцсан байна. Үүний дараа ажлынхаа хажуугаар нягтлан бодогчоор сурч, өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээр ажиллаж байна.
Түүний хамгийн дуртай зүйл бол суралцах. Тэрээр 5-10 жилд заавал боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, мэдлэгээ шинэчлэх ёстой гэж боддог. Үүнийгээ ч хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ давхар ажлаа хийж, гэр бүлдээ анхаарал хандуулахаа мартаагүй. Ингэж шаргуу ажиллаж, суралцахдаа нэг ч удаа шантарч үзээгүй гэдгээ онцоллоо. Учир нь хүн дуртай зүйлээ хийж, зорилгодоо үнэнч байсан цагт шантрах цаг зав гардаггүй байна. “Талх Чихэр”ХК-д түүний залуу нас, хөдөлмөр, хүсэл тэмүүлэл гээд бүх зүйл шингэжээ.
“Талх Чихэр” ХК нь 1999 онд хувьчлагдаж, 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуйн нэгжийн нэг юм. Өдгөө “Эрүүл хүнс таны сонголт” уриатайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэгийн 2 шугам, бялуу, бэйкери төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” үйлдвэр, уламжлалт чаналгын боорцог, тавгийн идээний хэвийн боов үйлдвэрлэх “Өв соёл” үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн үйлсийн хөтөлбөр хэрэгжүүлсэний нэг нь Цусны төвтэй хамтран доноруудыг урамшуулах, иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх ажил байлаа. Мөн туул гол цэвэрлэх, мод тарих, “Ухаалаг хэрэглэгч”, “Масктай бялуу”, “Бахархал, талархалын аян” зэрэг нийгэмд хэрэгцээтэй үйл ажиллагаануудыг зохион байгуулсан байна.
Сүүлийн 10 гаруй жил Европын холбооны ХБНГУ, Франц, БНЧУ, Итали, Испани, Нидерланд, Финланд, Франц, БНХАУ зэрэг улсуудын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж техник технологийн шинэчлэлийг тасралтгүй хийсэн. Монголд анхдагч шинэ техник технологийг үйлдвэртээ суурилуулан нутагшуулж улмаар Олон улсын ISO9001:2016, ISO22000:2018, ISO/IEC17025:2007 стандартуудыг нэвтрүүлэн, Нийслэлийн төдийгүй хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг ханган үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Тухайлбал Монгол Улсад анхдагч, сонгодог давхраат бүтээгдэхүүнийг энгийн хэрэглээ болгох “Delice” үйлдвэрийн нээлтийг тун удахгүй хийх юм. Энэхүү үйлдвэр нээлтээ хийснээр дэлхий дахинд алдартай “Круассан” төрлийн бүтээгдэхүүнийг иргэд өөрт хамгийн ойрын дэлгүүрээс худалдан авч, өдөр тутам хэрэглэх боломжтой болно. Өнөөдрийн байдлаар энэ бүтээгдэхүүн Монгол Улсад тансаг бүтээгдэхүүний тоонд орж байгаа бөгөөд иргэд кофе шопоос өндөр үнээр худалдан авдаг. Харин “Талх Чихэр” ХК-ийн шинэ үйлдвэр нээлтээ хийснээр бэйкери шопуудаас нэг ширхэгийг авах үнээр нэг уутыг авах боломжтой болох юм.
Делисе брэндийн шинэ бүтээгдэхүүн нь олон давхарга бүхий, хөвсгөр, зөөлөн, олон төрлийн шанзтай гэдгээрээ онцлог. Түүхэнд Австриас гаралтай бүтээгдэхүүн, Францад нэвтрэн улмаар язгууртнууд хэрэглэдэг, дээдсийн зоог болсон гэж бичсэн байдаг ч гарал үүслийн хувьд улс орнууд өөр өөрийнхөөрөө тайлбарлан булаацалддаг. Хамгийн нийтлэг нь 1863 онд Австрийн нийслэлд тухайн үеийн хэрэмтэй хот руу газар доороос нэвтрэхийн тулд хонгил ухсан Османы цэргүүдийг зооринд ажиллаж байсан Австри талхчид мэдэж эрх баигчдад мэдээлсэнээр тэрхүү дайралтыг зогсоож байж. Энэхүү ялалтын дурсгалд зориулж Австри талхчид Хорнхен хэмээх хавирган сар хэлбэртэй нарийн боов хийжээ. Гэхдээ хавирган саран хэлбэртэй талх, бялуу, тэр дундаа кипферл хэмээх нарийн боов зэргийг Венийн дайралтаас өмнө олон зууны турш шүлэг болон бусад бичвэрүүдэд дурддаг байсныг түүхчид тэмдэглэжээ. Барууны орнуудад өргөнөөр хэрэглэж заншсан, амт чанарын дээд энэ бүтээгдэхүүнийг “Талх Чихэр” ХК-ийн шинэхэн үйлдвэрийн тусламжтай монголын иргэн бүр өдөр тутамдаа хэрэглэх боломжтой болжээ.