Модон тавилга үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөл “ОББТМ” компани мод болон төмөр хийц хослосон ширээ сандлыг үйлдвэрлээд 23 жил болж байна. Тус компани дотоодын их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт стандартын шаардлага хангасан эдэлгээ сайтай сандал ширээг үйлдвэрлэн нийлүүлж байна. Манай улс мод, модон материал, тавилгын 45 орчим хувийг дотоодоос, 55 орчим хувийг импортоор авдаг. Тэгвэл дотооддоо үйлдвэрлэсэн сургуулийн сандал, ширээ нь импортын сандал ширээнээс эдэлгээ урттай болохыг бүтээгдэхүүн авсан газрын төлөөлөл онцолж байгаа юм. Тухайлбал “ОББТМ” компани 2018 онд нийслэлийн ЕБС-ийн 141-р сургуульд 740 сурагчийн ширээ мөн тооны хос сандал нийлүүлжээ. Мөн орон нутгаас ч захиалга их авдаг байна. Тухайлбал 2019 онд Өмнөговь аймагт 860 сурагчийн модон ширээ, мөн тооны хос сандлыг нийлүүлсэн байна.
Манай улсад цар тахлын нөлөөгөөр модон тавилга үйлдвэрлэл хоёр дахин буурсан байна. Цар тахлын эдийн засгийн хүндрэл ч тус компанид нөлөөлж одоогоор үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд арилжааны банкны 18 хувийн хүүтэй бизнесийн зээл авч үйлдвэрлэлээ явуулж байгаа юм. "ОББТМ" компани нь айл өрх, албан байгууллага гэр ахуйн модон тавилга, орчны тохижолтын хашаа, хайс, бүх төрлийн төмөр хийцийн бүтээгдэхүүн хийж байна.
Тус компанийн үүсгэн байгуулагч Т.Болормаа "Баялаг бүтээгч" нэвтрүүлгийн ээлжит дугаарт оролцож бизнесийн салбарт унаж боссон сэтгэл хөдөлгөм түүхээ “Баялаг бүтээгч” нэвтрүүлгийн үеэр хуваалцсан юм. Тэрээр гэр бүлийн бичил бизнесээ ЖДҮ (жижиг, дунд үйлдвэрлэл) болтол компаниа өргөжүүлж чадсан юм. Амьдралын ханьтайгаа 18 насандаа учирч 4 хүүхдийн ээж болсон тэрээр өөрсдийн хийж чадах зүйлээ улам хөгжүүлэн бизнес болгож гэр бүлийнхээ гишүүдийн эхний үсгээр компаниа нэрлэж байсан түүхтэй. Одоогоос 23 жилийн өмнө бизнесээ эхэлж байхдаа гутлынхаа улыг цоортол ширээ сандлаа зөөн алхаж байсан, дундуур нь өөр салбарт бизнес хийн"шатаж", таван зуухан төгрөгтэй үлдэж "Чадах юмаа л хийе" гэж зориг шулуудан нөхөртэйгээ хамт модон тавилга, төмөр хийцийн үйлдвэрлэл рүү эргэлт буцалтгүй оржээ. "ОББТМ" ХХК-ийн захирал Т.Болормаа "Хүн алдаж болно. Эргээд яаж босох вэ гэдгээ мартаж болохгүй" гэх амьдрал, бизнесийн философитой үйлдвэрлэгч, даруухан бизнес хатагтай юм.
Үндэсний үйлдвэрлэгч, БАЯЛАГ БҮТЭЭГЧ ОББТМ ХХК/сурагчын ширээ сандал/ -ийн үүсгэн байгуулагч Т.Болормаагийн оролцсон нэвтрүүлгийг тун удахгүй ETV HD болон MASS TV-р хүлээн авч үзээрэй.