ЖДҮҮ эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос 2021 оны шилдэг 50 баялаг бүтээгчдийг алдаршуулж Монголын хамгийн анхны уншдаг, үздэг, сонсдог “Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” ном уншигчдын гарт хүрэхэд бэлэн болж, цар тахлыг хөдөлмөрөөр ялагчид баяраа тэмдэглэлээ.
Энэхүү номонд дэлхий нийтээр тархсан цар тахлын үед Монголын баялаг бүтээгчид буюу ЖДҮҮ эрхлэгчдийн туулж өнгөрүүлсэн бэрхшээл, эдийн засгийн уналтын үед тэд хэрхэн даван туулж, хөл дээрээ өндийсөн талаар баримтуудыг сийрүүлэн бичсэн байна.
Ийнхүү “Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч” номын нээлт өнөөдөр буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Номын нээлтэнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн тэргүүтэй эх орондоо баялаг бүтээж буй ЖДҮҮ эрхлэгчид оролцсон юм. Мөн энэ үеэр ЖДҮҮ эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гарган танилцууллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан: “ УИХ-ын дарга Г.Занданшатар хойшлуулшгүй ажил гарсан тул энэхүү номын нээлтэд би өмнөөс нь хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, “ Хүн төрөлхтөн цар тахал хэмээх аюулт өвчний үеийг даван туулж байна. Цар тахлын улмаас дэлхий нийт үлэмж хэмжээний хохирол амссан хэдий ч одоо түүнийг даван туулах итгэл найдвар бий болжээ. Гэвч Орос, Украины дайны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас дөнгөж сэргэж байсан нийгэм эдийн засгийн амьдрал дахин хүэд байдал руу шилжлээ.
Завсаргүй үргэлжилсэн хүнд сорилтуудыг даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэж эдийн засгийн эргэлтийг тасралтгүй авч явахын зэрэгцээ, иргэдээ ажилтай орлоготой байлгахын төлөө бүх боломжоо дайчлан ажилласан ЖДҮҮ эрхлэгчиддээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байна” хэмээснийг УИХ-ын даргын өмнөөс илэрхийлж байна.
Цар тахлыг хөдөлмөрөөр ялагч гэж үнэхээр хөдөлмөрөөр ялж байна. Бүрэн дүүрэн ялж амжаагүй нь үнэн, яагаад гэвэл цаг үе нь ийм байна. Гэхдээ бид үнэхээр хөдөлмөрөөр ялж, түүний тэргүүн шугаманд манлайлан явж буй баялаг бүтээгчдийн төлөөлөл энэхүү номын нээлтэд хүрэлцэн иржээ. Энэ номыг дуустал унших аваас хүн сэтгэвэл, хөдөлмөрлөвөл, зүтгэвэл болдгийг Монголчууддаа харуулж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: “Бид 2 жил цар тахалтай бид нүүр туллаа. Харин одоо бид цар тахлын цаана гарч баялаг бүтээгчид ийнхүү уулзалдаж буй нь өөрөө бахархууштай зүйл юм. 10 сар хөл хориотой байх хугацаанд баялаг бүтээгчид хүнд хэцүүг даван туулаад ард нь гарч байна. Өнөөдөр дэлхий дахинд дайны нөхцөлтэй байгаа зэргээс бид том сургамж авлаа.
Эх орондоо бүтээдэг байх нь, аль нэг улсаас хараат бус байх нь улс орны аюулгүй байдалд ямар их хэрэгтэй вэ гэдгийг харууллаа. Ингээд баялаг бүтээж, санаачлага гаргаж, өөрсдийн уйгагүй хөдөлмөрөөрөө Монголдоо хийж бүтээх гэсэн иргэдээ төр дэмждэг байх ёстой юм” гэв.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дарга Я.Эрдэнэсайхан: “Би нэг л үгээр ЖДҮҮ эрхлэгчдээ, баялаг бүтээгчдээ тодорхойлмоор байна. Энэ бол Баатрууд. Үндэснийхээ валютыг гадагш нь гаргахгүй байх, эх орондоо хийж бүтээж буй энэ хүмүүсийг баатрууд л гэнэ. Төр засгийн зүгээс боломжоороо дэмжиж ажилласаар байх болно”
Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн: “Чин сэтгэл, бор зүрхээрээ өнөөдрийг хүртэл ажлын байраа хадгалж, улс эх орныхоо нийгэм эдийн засагт үр нөлөөгөө өгсөөр байгаа баялаг бүтээгчдээрээ бахархаж байна.
2019 оны зургадугаар сарын 6-нд шинэчлэн батлагдсан ЖДҮҮ-г дэмжих хуулийн дагуу зөвхөн үйлдвэр эрхлэгчид биш, үйлчилгээ эрхлэгчид маань ЖДҮҮ-д хамрагдаж байгаа. Ковид цар тахал хэдий хүнд хэцүү байсан ч бидэнд нэг давуу талыг олгосон. Энэ нь бид хамтарч хоршиж үйл ажиллагаагаа явуулах ёстой юм байна гэдгийг харуулсан явдал байлаа.”
Баялаг Бүтээгчдийг Дэмжих Холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаяр: “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь 2015 онд үүсгэн байгуулагдаж, долоо дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж мөн долоон жилийн турш Баялаг бүтээгч нэвтрүүлгийг бэлтгэн гаргасаар байна. Энэ хугацаанд 21 аймаг, 330 сумаар явж, ЖДҮҮ эрхлэгч, баялаг бүтээгчидтэйгээ уулзсаар ирсэн юм. Цар тахлын үед баялаг бүтээгчидтэй уулзаж, ярилцаж байсан бүхнээ өнөөдөр ийнхүү ном болгон гаргаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.
Ямар их ажлын ард гарсан бэ гэдгийг өнөөдрийн номын нээлтэд хүрэлцэн ирсэн зочид, тэдгээрийн сэтгэгдэл, энд гаргаж буй үзэсгэлэн зэргээс харлаа. Урьд нь бид форум, хэлэлцүүлэг, өглөөний цай зэрэг уулзалт зөвлөгөөнийг зохион байгуулж байсан бол энэ удаа үзэсгэлэн нэмэгдэж байна. Үүнээс харахад цар хүрээ улам өргөжиж байгаа нь харагдаж байна. Цаашдаа баялаг бүтээгчдийн хийсэн бүтээсэн бүхнийг телевизийн нэвтрүүлэг, ном болгож гаргахаас гадна үйл ажиллагааг нь үзэсгэлэн болгон гаргасаар байх хэрэгтэй байна. Өнөөдөр 50 баялаг бүтээгчдийг оролцуулахаар төлөвлөж арга хэмжээ зохиосон хэдий ч 200 гаруй баялаг бүтээгч хүрэлцэн ирж маш халуун дулаан арга хэмжээ боллоо.
Цар тахал, дайн самуунаас үүдэлтэй улс эх орны нийгэм, эдийн засгийн хүнд байдалд байгаа энэ үед баялаг бүтээгчид л эдийн засгийн хүндрэлийг аварна. Тийм учраас бид халамжаас хөдөлмөрт шилжих ёстой. Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих ёстой. Баялаг бүтээж, үйлдвэрлэл эрхэлж, татвар төлж, олон мянган хүнд ажлын байр бий болгож буй эдгээр хүмүүсийг төр бодлогоор дэмжих хэрэгтэй.
Эс бөгөөс энэ олон ААН-үүд эдийн засгийн уналтад байгаа энэ үед хаалгаа барьж, олон олон ажлын байр алдагдаж дампуураад байх юм бол одоогийн байгаа хүндрэлээс илүүтэй хүнд байдалд орно. Баялаг бүтээгчдээ дэмжээд, түшиглээд явахад Монгол улс гурван жилийн дотор цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдалд хүрч цаашлаад дахин гурван жилийн дараа гэхэд ДНБ-ийнхээ 40-50 хувийг дотооддоо үйлдвэрлэж, гадаад улс орноос 50 хувиар хамаарал багасна.
Иймд стратегийн чухал ач холбогдолтой энэ салбараа дэмжихгүй бол Монгол улсын ажилгүйдэл, ядуурал улам л хэтийднэ.
ЖДҮҮ салбараас сүүлийн 2 жилийн хугацаанд 200 мянга гаруй хүн ажилгүй болжээ. Энэ тоо цааш үргэлжилсээр байвал нөгөө л нэг ядуурал Монгол улсыг бүр мөсөн залгина.
Тэгэхээр бид зоригтой байж, төр дэмжиж хамтран ажиллаж цар тахлын үеийг далимдуулан дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.
Энэний тулд л "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо" ажиллаж, энэний тулд л "Баялаг бүтээгч" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж, энэний тулд л манай Масс медиа групп баялаг бүтээгчдээ дэмжин ажиллаж байгаа билээ” гэдгийг онцлон хэллээ.