Монгол Улсын нийт иргэдийн тавин хувийг 28-аас доош насныхан бүрүүлдэг статистик бий. Өөрөөр хэлбэл, хоёр хүн тутмын нэг нь 30-аас доош насныхан эзэлж байна гэсэн үг. Харин энэ бүлэгт хамаарах нийт хүн амын тал хэсгийн төлөөлөл хэдхэн хоногийн өмнө Төв талбай дээр үнийн өсөлт, цалин, амьдрах орчин, нөхцөл таатай бус байгааг эсэргүүцэн жагслаа. Үнийн өсөлтөөс үүдэн зарлага нь орлогоосоо даваад буй нь тэдний бухимдах нэг шалтгаан. Гэтэл иргэдийг хэт үрэлгэн гэх утга бүхий үгсийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индерээс хэлсэн нь гал дээр тос нэмсэн гэлтэй.
Тэрээр,“Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Нийт ард иргэд маань хэмнэлтийн горимд шилжиж дэлхий даяар болж байгаа үйл явдлын Монголд туссан сүүдрийг ойлгох хэрэгтэй байна” гэв.
Үрэлгэн нь дэндсэн иргэдийн дундаж цалин нь 1.3 сая төгрөг аж. Харин энэхүү цалинг хэрхэн зарцуулж байгааг задалж үзэхийн тулд нийт иргэнийг ерөнхийлөн “тэр” гэж нэрлэе. Мөн түүнийг нийслэлийн дундаж амьдралтай хэмээн үзье.
-Тэрээр сайн дураар даатгалаа өөрөө хариуцан төлөх бол нийт цалингийнхаа 13.5 хувь буюу 175500 төгрөгөө хасуулна =1124500 төгрөг.
-Тэрээр хүн амын орлогын татварт /ХАОАТ/ 10 хувь буюу 130000 төгрөг төлнө =994500 төгрөг бөгөөд түүний гар дээр авах бодит цалин.
-Бусдын адил тэрээр ипотекийн зээлтэй гэж үзвэл дунджаар 15-20 жилийн хугацаатай сардаа 260000 төгрөгийг зээлэнд төлөх юм =734500 төгрөг.
- Дийлэнх айлууд Юнивишн, Скаймедиа гэх мэт шилэн кабелуудыг ашигладаг. Эдгээрт тэрээр 60-70 мянган төгрөг зарцуулдаг байна =664500 төгрөг.
-СӨХ-ын төлбөр энэ оны хоёрдугаар сараас эхэлж 5-15 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр нэг айл дунджаар 23500-58500 төгрөг төлж байгаа аж. Иймд тэрээр хамгийн багаар төлдөг хэмээн үзвэл 23500 төгрөг төлнө = 641000 төгрөг.
-Нэгдүгээр сарын 1-нээс усны төлбөр хоёр дахин нэмэгдсэн нь иргэдийн нуруунд томоохон ачааг нэмээд буй. Иймд ихэнх өрхүүдийн дулааны төлбөр хэт их гарч байна гэх шүүмж цахим орчинд нэлээд түгэж байсан. Ийн нэг өрх сардаа 18-20 мянган төгрөг гардаг байсан нь өдгөө 40-50 мянган төгрөг болон нэмэгдсэн байна. Иймд тэрээр усны төлбөрт 50000 төгрөг зарцуулах юм = 591000 төгрөг.
-Тэрээр ажилдаа нийтийн тээврээр явдаг гэж үзвэл ажлын 21 хоногт ажилдаа явж, ирэхдээ нийт 21000 төгрөгийг зарцуулна=570000 төгрөг.
-Тэрээр сардаа хүнсний бараа бүтээгдэхүүнд дунджаар 150-300 мянган төгрөг зарцуулдаг. Учир аваас сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтэй холбоотой 50 мянган төгрөгт нэг тор бараа ч худалдан авч хүчрэхгүй байгаа аж.
Тодруулбал, өссөн байна. Ийн тэрээр 270000 мянган төгрөгтэй үлдэв.
-Зоогийн газруудын дундаж хоолны үнэ нарийн ногоо, мах гурил, будааны үнэ өссөнтэй холбоотой 10000 төгрөг болсон. Иймд тэрээр өдрийн хоолонд ажлын 21 хоногт нийтдээ 210000 төгрөгийг зарлагадах юм = 60000 төгрөг
-Их хотын иргэний хувиар хүн бүр гар утас ашиглана. Тэрхүү ухаалаг утсандаа сардаа нэгж, датанд ойролцоогоор 30 мянга болон түүнээс дээш төгрөгийг зарцуулдаг гэх тооцоо бий. Тэрээр ч бас гар утасны төлбөртөө төлснөөр 1300000 төгрөгийн цалингаас эцэстээ 30000 мянган төгрөгтэй үлдэх юм. Түүнд үрэлгэн байя гэсэн ч үрэх мөнгө үлдсэнгүй. Энэ нь хамгийн багаар тооцсон дүн болно. Эдгээр зардлуудаас өөрт хүртээмж муутай хоёр татаас бол ХАОАТ болон Нийгмийн даатгалын шимтгэл юм. Уг хоёр татварыг төлөхгүй байхыг хүсэх иргэд ч бий. Хэрэв төлөхгүй бол адаглаад 300 мянган төгрөгийг гар дээр илүү авах боломжтой.
Дахин сануулахад, энэ нь дундаж цалинтай иргэний сарын зарцуулалт юм. Хэдий дээд боловсрол эзэмшсэн ч дундаж цалингийн шугамд шүргэж ч чадахгүй олон иргэн бий. Иргэдийн амьдралд уруудсаар өдгөө манай улсын ядуурлын түвшин 27.8 хувьд хүрээд зогсохгүй нийт хүн амын 903.4 мянган иргэн нь ядуу хүн амын тоонд багтаж буй. Үрэлгэн нь ихдээд буй уг цалинг бусад улсын хамгийн бага цагийн ажлын цалинтай дүйцүүлж үзье.
-Турк цагийн 1.93 доллар буюу 6176 төгрөг, сарын 4516-14.451.200 төгрөг Монголын дундаж цалингаас 11 дахин их.
-Өмнөд Солонгос цагийн 6.84 доллар буюу 21888 төгрөг, сарын 19880 доллар-63.616.000 төгрөг Монголын дундаж цалингаас 48 дахин их.
-Мексик цагийн 1.05 доллар буюу 3360 төгрөг, сарын 1193 доллар-3.817.600 төгрөг Монголын дундаж цалингаас 2.9 дахин их.
-ОХУ цагийн 2.27 доллар буюу 7264 төгрөг, сарын 4734 доллар-15.148.800 төгрөг Монголын дундаж цалингаас 11 дахин их.
-Израиль цагийн 7.94 доллар, сарын 17713 доллар-56.681.600 төгрөг Монголын дундаж цалингаас 43 дахин их.
Эдгээр улсад суугаа иргэд Монгол Улсын иргэдийн сар зүтгэж авсан цалинг 51-386 цаг буюу 2-16 хоног ажиллан олох боломжтой юм. Энэ байдал нь манай улсын ажиллах хүчин энхийн цагт гадагшаа дүрвэх болсон шалтгаан болоод буй. Тэд улсдаа бүтэн сар ажиллаж байснаас татаас, стресс багатай улсад хоёрхон хоног ажиллаад сарынхаа цалинг авсан нь дээр санагдах биз.
Нэг улиралд л гэхэд БНАСАУ руу хөдөлмөрийн гэрээгээр 154 иргэн явсан байна. Гэхдээ энэ нь зөвхөн гэрээтэй иргэд. Арга ядсан иргэд “хараар” ажиллах нь ч бий. Гэхдээ иргэдийг эрх бүхий албан тушаалтнууд залуус боловсрол муутай мэргэжилгүйгээс болж Монголд ажиллаж чадахгүй байна хэмээдэг. Гэтэл Хөдөлмөр эрхлэхээр зуучлагдсан иргэдийг боловсролын түвшнээр нь харвал,
-76 (49.4%) нь бүрэн дунд,
-47 (30.5%) нь бакалаврын дээд,
-20 (13.0%) нь тусгай мэргэжлийн дунд,
-8 (5.2%) нь магистр, доктор,
-3 (1.9%) дипломын дээд боловсролтой байна. Энэ нь тэдний боловсролд бус нийгмийн орчин нөхцөл байдал, тэдний үнэлэмж сул байгаатай холбож үзэж болно. Иймд сарын цалин нь нэг өрөө байрны түрээсэнд ч хүрэлцэхгүй иргэд эцсийн гарц болох эх орноо орхих шийдвэр гаргах нь нэмэгджээ. Сүүлийн таван жилийн хугацаанд 68 мянга гаруй иргэн гадны улсад байнга оршин суух визтэйгээр гарсан бол сүүлийн гурван жилд 723 иргэн нь Монгол Улсын иргэн байхаас татгалзсан гэх тоон мэдээлэл бий. Энэ нь тэдний туйлдсан байдлыг тодоор харуулах аж.
ЭХ СУРВАЛЖ: http://itoim.mn/article/O13Yy/32667