ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уг форумаар ЖДҮҮ эрхлэгчдэд нэн тулгамддаг асуудлуудыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах мөн Засгийн газраас хэрэгжүүлэх гэж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-оор дамжуулж асуудлаа шийдвэрлүүлэх зорилготой билээ.
АНХДУГААР ФОРУМ-д Төрийн арван байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байгаа бол ФОРУМ-ыг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан нээж үг хэлсэн юм. Тэрээр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дэргэд байгуулагдсан зөвлөлийн энэхүү анхдугаар форумаар хэлэлцсэн асуудлыг Шадар сайдын хувьд төрийн бодлого шийдвэрт тусгахад нээлттэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга Ч.Даваабаяр Улсын эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрнээс, шатахуун , эрчим хүч нь нэг улсаас хараат, импорт нь ганц боомтоос хамааралтай байгааг цар тахал харуулж өглөө. Одоо энэнээс нэн даруй салах хэрэгтэй. Шийдэл нь үйлдвэржсэн улс орон болох юм гэдгийг хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН төслийг танилцуулж, ЗӨВШӨӨРЛИЙГ ЭНГИЙН БОЛГОХ, ТООГ БАГАСГАХ, ЦАХИМЖУУЛАХ гэх мэт зүйлсийг гол зорилгоо болгон ажиллаж байгаа талаараа дурдсан бол ЖДҮ-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар ЖДҮ-ийн газрын зээл төслийн ахлах мэргэжилтэн Энхтөр, төрийн худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим худалдаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Цэрэнсамбуу, Стандарт хэмжил зүйн үйл ажиллагаагаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нь сэдвээр Стандарт хэмжил зүйн газрын дарга Билгүүн нар илтгэл тавилаа.
Ийнхүү ЖДҮҮ эрхлэгчдийн төлөөллүүд холбогдох албаныхантай тэдгээрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын гарц шийдлээ ярилцаж, санал бодлоо солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд мэргэжлийн хороод нийлээд зөвлөл байгуулсан нь бидний гарах гарц, БИДНИЙ ШИЙДЭЛ боллоо хэмээн онцолсон юм.