-Үндэсний өв соёл болох гар урлалын төрлүүд мартагдах ёсгүй-
Будаг нь ханхалсан цэвэр цэмцгэр орчин, үндэсний хэв шинж нэвт “үнэртэх” тохижилттой урлан биднийг угтав. Монгол гэрийн хана, унь, хээ, хуар нүдэнд тусна. Хананд өлгөсөн зүймэл даавуун урлагийн бүтээлүүд өөрсдийн гэсэн утга агуулгаа гүндээ хадгалах шиг өнгөөр солонгорон цэмцийнэ.
“Манайх арай л тохижиж амжаагүй байна. Алив сууцгаа, цай уу” гэсээр “Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх “Зүймэл даавуун урлал”-ын төвийн тэргүүн Ц.Сэлэнгэ биднийг угтлаа. Ажвал арын жижиг өрөөнд дөрвөн бүсгүй урлах ажилд шамдаж байлаа.
Бидний яриа Ц.Сэлэнгэ гэх бүсгүйн гар урлал түүн дотроо зүймэл даавуун урлагт татагдах болсон сонирхолтой түүхээр эхэлсэн юм.
Тэрээр МУИС-ийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөний дараа Япон, АНУ зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлэн суралцжээ. АНУ-д суралцаж байх хугацаандаа америк найзынхаа гэрээр зочилж зүймэл даавуун бүтээлтэй анх танилцаж байсан аж. Энэ цагаас эхлэн юмхнаар юм хийж, гар доорх материалаар өөртөө цүнх, хувцас урладаг байсан эмэгтэй өөрийн карьерээс илүү сонирхлоо даган Монголд зүймэл даавуун урлагийн төвийг нээхээр зориг шулуудаж байжээ.
Ингээд Япон, АНУ, Их Британи, Турк, Австрали улсын сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн дэмжлэгээр Монголын Эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор Зүймэл даавуун урлалын төвийг байгуулсан байна. Тус ТББ-ын “Шинэ замнал” гэх нэрийг яруу найрагч П.Бадарч өгсөн аж.
ТОРГО ДААВУУНЫ ӨӨДӨС БУЮУ ЭСГҮҮРЭЭС ГАРСАН ӨНГӨ БҮРИЙН МАТЕРИАЛ АШИГЛАН УРЛАДАГ УЧИР ДАХИН ДАВТАГДАШГҮЙ, ЦОР ГАНЦ БҮТЭЭЛ ТӨРДӨГ
-Юуны түрүүнд манай уншигчдад зүймэл даавуун урлагийн талаар ойлголт өгөөч. Ямар шат дамжлагаар бүтдэг вэ?
-Зүймэл урлаг нь Монгол үндэсний зээгт наамалтай төстэй боловч даавуу, торгоны өөдсийг нэг бүрчлэн нарийн өнгө хослуулж зохиомжлон зүйж оёдгоороо онцлог. Нарийн чимхлүүр ажил ихтэй учир маш их цаг хугацаа шаарддаг. Гар урлалын бүтээл бүр өөрсдийн гэсэн онцлогтой. Үүнээсээ шалтгаалж бүтэх шат дамжлага нь өөр, өөр байна. Нийтдээ 12-13 дамжлага ажиллагаа 2-5 хүний хөдөлмөрөөр бүтнэ. Манай бүтээгдэхүүний эхний алхам бол дизайн гаргах. Дизайнер маань судалгаанд тулгуурлан уран сэтгэмжээ ашиглан эхний зургийг гаргана. Ингээд ямар материалаар, хэрхэн бүтээлээ амилуулах технологийг боловсруулна.
Үүний дараа уран гарт бүсгүйчүүд маань зүйж оёсноор эцсийн бүтээгдэхүүн болдог. Торго даавууны өөдөс буюу эсгүүрээс гарсан өнгө бүрийн материал ашиглан урладаг учир дахин давтагдашгүй, цор ганц бүтээл төрдөг. Үнэ цэн шингэсэн тэдгээр бүтээлүүдээ бусдад таниулах нь мөн чухал шат дамжлага юм. Бүтээгдэхүүн бий болоход салшгүй чухал хэсэг бол удирдан чиглүүлэх, зохион байгуулах, төлөвлөх багийн ажил юм. Энэ бүхэн нэг тэрэгний дугуй шиг зэрэг ажиллаж бие биенээ дэмжин цогц бүтээл бий болдог.
-“Шинэ замнал” ТББ-ын дэргэдэх “Зүймэл даавуун урлал”-ын төв хэзээнээс үйл ажиллагаагаа эхэлсэн бэ? Манай уншигчдад төвөө товчхон танилцуулбал?
-Манай төв үйл ажиллагаа явуулж эхлээд 16 дахь жилтэйгээ золголоо. Жижигхэн гар урлалын төв тасралтгүй олон жил үйл ажиллагаа явуулж байна. Үүний гол шалтгаан, давуу тал нь манай хамт олон гэж боддог. Энэ ташрамд манай төвд бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байсан үе үеийн урлаач нартаа талархал илэрхийлмээр байна. Амжилт ололт, алдаа оноог бид хамтдаа туулсаар ирсэн. Манай төв одоогийн байдлаар Улаанбаатар хот болоод хөдөө орон нутгийн 3800 гаруй зорилтод бүлгийн эмэгтэйчүүдэд зүймэл даавуун урлалын сургалт явуулаад байна. Энэхүү сургалтыг Нийслэл болон хөдөө орон нутгийн хөдөлмөрийн хэлтсүүд, олон улсын байгууллагуудтай хамтарч болон бие даан зохион байгуулж байсан.
-Цар тахалтай холбоотойгоор олон бизнес “царцаад” байна. Энэ нөхцөл байдал танай төвд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Зөвхөн манай төвийн гэлтгүй ихэнх гар улаачдын орлогын эх үүсвэр нь жуулчид болон гаднын орныг зорих гэж буй монголчууд байдаг. Гэтэл улсын хил хаалттай энэ цаг үед гар урлалын бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ эрс буурч, энэ салбарт маш хүнд цохилт болж байна. Бид 130 гаруй төрлийн гэр ахуй, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн тогтмол урладаг байсан бол одоо дөнгөж 40 орчим төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн манай төвийн халаалтын шугам задарч, халуун ус алдсаны улмаас их хэмжээний хохирол амссан. Бүх бараа бүтээгдэхүүн, тавилганууд усанд норж дахин ашиглах боломжгүй болсон. Энэ хүнд үед ТИКА олон улсын байгууллага болон сайхан сэтгэлт олон хүн биднийг дэмжин, урам итгэл өгсөн. Улмаар бид үйл ажиллагаагаа дахин эхлүүлж, цаашдын ажлуудаа төлөвлөөд байна.
-Одоогийн байдлаар танай төвд хэчнээн хүн ажиллаж байна?
-Цаг үеийн байдлаас болоод 20 орчим хүн л тогтмол ажилтай байна. Бусад нь ажил гарах болов уу гээд хүлээгээд байж байгаа. Манай ажилтнуудын ихэнх нь өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд байдаг. Бид аль болох бүх эмэгтэйчүүдээ цалинжуулж ажилтай байлгахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч энэ цаг үе бидэнд маш хүндээр тусаж байна. Тийм ч учраас Монголын ард түмнийгээ үндэсний үйлдвэрлэлийн үнэ цэнийг мэдэрч, хүнд хэцүү цагт нь дэмжлэг болж, баяр ёслолын бэлгээрээ монгол бүтээгдэхүүн сонгоосой гэж хүсэж байна.
-Монголчуудын үндэсний гар урлалын бүтээгдэхүүнээ сонгохгүй байгаа шалтгааныг та юу гэж бодож байна?
-Нэгдүгээрт үнэтэй холбоотой байх. Гар урлалын бүтээгдэхүүн олон хүний хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэлээ шингээн урласан чимхлүүр ажил ихтэй учир харьцангуй өндөр үнэтэй байх нь элбэг. Мөн ганц хүн биш багийн ажиллагаа шаарддаг. Хоёрдугаарт хүмүүс хятад бүтээгдэхүүнийг монгол хэмээн андууран авдаг. Гэтэл тэр нь “Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй хэдий ч урд хөршөөс хэдэн мянгаараа орж ирдэг хямд бүтээгдэхүүн байдаг. Гайхуулах ёстой гар урлалын үнэ цэн “Монголд үйлдвэрлэв” гэсэн бичигтэй гаднын барааны “хөлд гишгүүлж” байна.
Цаг хугацаа зарцуулан хөдөлмөр, хөлсөө шингээж хийсэн бүтээлийг маань Хятад улсад дуурайж их хэмжээгээр үйлдвэрлээд адилхан үнээр зардаг. Энэ төрлийн хуурамч бүтээгдэхүүнийг харахаар сэтгэл хөндүүрлэдэг шүү. Монгол үндэсний өв соёл болох гар урлалын олон төрлүүд мартагдаж байна. Энэ л өв соёлыг ирээдүй хойчдоо өвлүүлэх үлдээж залгамжлах ёстой. Ялангуяа энэ хүнд цаг үед гар урлаач нарыг дэмжих зорилгоор дахин давтагдашгүй бүтээлийг урлангаас нь шууд худалдан авч, тогтвортой үйл ажиллагаа явуулахад нь хувь нэмрээ оруулах боломжтой.
-Зүймэл даавуун бүтээл урлах сургалт явуулдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Гар урлал сонирхдог, шинэ зүйл суръя гэж хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй. Тэтгэвэрт гарсан, гэртээ хүүхдээ хардаг, хөгжлийн бэрхшээлтэй гээд бид хэнийг ч ялгалгүйгээр зааж сургадаг. Гар урлал хийхэд хүний баруун, зүүн тархи зэрэг хөгжиж стресснээс ангид, нэг төрлийн бясалгал болдог. Зүймэл даавуун урлалд суралцсанаар байгаль орчиндоо ээлтэй амьдрах, юмхнаар юм хийх, цагийг бүтээлчээр өнгөрхүүлэх, мөн өрхийн орлогыг нэмэгдүүлэх болмжтой.
-Олон улсын хэмжээний бүтээлийн үзэсгэлэнд оролцож байв уу?
-Тийм ээ. Бид АНУ, Их Британи, Япон, Турк, Вьетнам зэрэг орнуудад зохион байгуулсан зүймэл урлалын олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож байсан. Хөдөлмөрийг үнэлж, үнэ цэнийг нь ойлгодог гадаад, дотоодын байнгын үйлчлүүлэгчид бий. Цаашдаа ч олон улсын үзэсгэлэнд оролцож, туршлага хуримтлуулна гэж бодож байна. Мөн Монгол Улсдаа зүймэл даавуун урлалыг хөгжүүлэх, таниулах, дэлгэрүүлэх зорилгоор 2014, 2019 онд олон улсын зүймэл даавуун урлалын үзэсгэлэнг эх орондоо зохион байгуулж байлаа.
-Бидэнтэй хамгийн ойрын зорилгоосоо хуваалцаач?
-Коронавирусийн улмаас нөхцөл байдал хүнд байна гэсэн шалтгаанаар гараа хумхиж суухыг хүсээгүй. Тэр ч утгаараа “Гэр” брэндийн шинэ бүтээлүүдээ удахгүй хүргэхээр шамдан ажиллаж байна.
Мөн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах зорилгоор “Гэр” нэртэй кофе шоп ажиллуулахаар төлөвлөсөн. Дотоод орчныг нь монгол ахуй нэвт шингэсэн өвөрмөц засалтайгаар тохижуулаад байна. Ийм орчинтой кофе шоп Монголд анхдагч гэж бодож байна. Монгол ахуйг харуулсан тухтай орчинд, цор ганц хувь урласан зүймэл урлагийн бүтээлүүдийг үзэж, бүтээл төрөх процессыг харж танилцах, кофе цай ууж тухлах, зүймэл даавуун урлалд суралцах боломжтой.
-Танд нийгэмд, нийт монголчууддаа хандаж уриалахыг хүсэж буй зүйл байна уу?
-Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй гэж уриалмаар байна. Дэм дэмэндээ гэдгийн адилаар гар урлаачдын бүтээлийг худалдан авснаар тэдний гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй үндэсний өв соёл, уламжлал, ур ухааныг хадгалж үлдэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: gogo.mn