ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн биотехнологи, химийн тэнхимийн оюутнууд Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван гар аргаар хийжээ.
БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-т ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн биотехнологи, химийн тэнхимийн оюутнууд “Биологийн идэвхт бодисын ханд агуулсан органик саван гар аргаар үйлдвэрлэх” төслийн саналаа хүргүүлсэн нь дэмжигджээ. Уг сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд 147 төслийн санал ирснээс, БСШУСЯ-ны “Ажлын хэсэг” эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төслийг сонгосон аж.
Төслийн хүрээнд оюутан, багш нар хамтран бүх төрлийн арьсанд тохирсон PH-бүхий биосаван гар аргаар үйлдвэрлэж, судалгааны ажилдаа тулгуурлан гарын авлага зөвлөмж гарган, тодорхой бүлгийнхэнд мэргэжлийн сургалт зохион байгуулсан байна.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд арьс хуурайших, сэвх толбо, хацар хамрын судас өргөсөх, батгашилт үүсэх зэрэг асуудал тулгардаг. Мөн агаарын бохирдолтой холбоотойгоор арьсны хавдар өвчин дэлхий дахинд ихээхэн нэмэгдэх хандлагатай болжээ. Эдгээр асуудлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хорт хавдрын эсийн хуваагдлыг зогсоох үйлчилгээ бүхий апигенин гэдэг флавоноидыг их хэмжээгээр агуулдаг ургамлын ханд агуулсан биорганик саван үйлдвэрлэх судалгааны ажлаа хийсэн байна.
Хүмүүсийн хүнсэндээ хэрэглэдэг яншуй, бууцай, артишок, цоохор майлз болон багваахай, балжингарам зэрэг цэцэгт ургамлын биологийн идэвхт нэгдэл флавонойд болох апигенины агуулгыг судалж, эдгээр ургамлын ханд агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү биоидэвхт ургамлын ханд агуулсан органик саван аж.
Энэ төслийг хэрэгжүүлэгч багийн ахлагчаар ХААИС-ийн МААБС-ийн ХАА-н бүтээгдэхүүний хими технолгийн хоёрдугаар дамжааны оюутан Г.Эрдэнэчимэг, багийн гишүүдээр оюутан Б.Бумжид, Б.Гансүлд, Т.Нандинцэцэг нар, төслийн зөвлөхөөр багш, Химийн Ухааны доктор (Ph.D) С.Сарантуяа ажилласан юм. Төслийн нийт санхүүжилт 10 сая төгрөг бөгөөд оюутнууд төслөө амжилттай хэрэгжүүллээ.
АНУ-ын Иллинойсын их сургуулийн эрдэмтэд хавдрын эсэд апигенин гэдэг флавоноид хэрхэн нөлөө үзүүлдгийг судлан хорт хавдарын эсийн хуваагдалыг зогсоох төдийгүй организм дахь хавдрын эсүүдэд үйлчилж хавдрын эсийг нэмэгдүүлдэг ферментийн үйл ажиллагааг дарангуйлан устгадаг болохыг нотолсон байна.
Эх сурвалж: gogo.mn