Б.БАТЗОРИГ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАВ-
УИХ-ын гишүүн Б.Батзориг өчигдөр /2020.04.03/ бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Хуульд зааснаар УИХ энэ асуудлыг 14 хоногт багтаан шийдвэрлэх ёстой. Тодруулж хэлбэл, хүсэлтийг өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан Байнгын хороогоор, мөн дараагийн долоо хоногт нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой юм. УИХ-ын хаврын чуулган дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ. Тиймээс Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэсэн үг юм.
–ЖДҮЧИД ГЭМ БУРУУГАА ХҮЛЭЭЖ, ЯЛ НАЙМААЛЦАХ АРГЫГ СОНГОСОН НЬ-
–Прокурор ял наймаалцахгүй гэж эсэргүүцэл бичив:
АТГ-аас албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татан шалгаж, зургаан хүнийг гэм буруутай гэж тогтоосон. Тэр дундаа Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийх үед Б.Батзориг болон түүнтэй хамт шалгагдсан таван хүн хүн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсаны зэрэгцээ Нийслэлийн прокурор ял “наймаалцахгүй” хэмээн эсэргүүцэл бичиж байв.
–Прокурор ГЭНЭТ эсэргүүцлээсээ буцаж ял наймаалцахаар болов:
Гэвч Нийслэлийн прокурорын газраас тэдний хүсэлтийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хоёрдугаар сарын 28-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг “ашиглахгүй” болгосон нь яллагдагч нартай тохиролцсон гэх хардлагыг эрхгүй төрүүлдэг.
–Ял наймаалцсанаар Б.Батзориг нарын НАЙМАН жилийн хорих ял НЭГ жил болж буурав:
ЖДҮХС-гийн зээлийн өр барагдаж дуусаагүй байгаа. Ийм байхад прокурорын газар 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн хэргийг ганц хүнд үүрүүлж байгаа. Ер нь бол МАН-ын ждүчдийн өмнөөс Б.Батзоригийг золигт гаргасан. Түүгээр ч үл барам одоо ЖДҮчдийн хэрэг нэг жилийн хорих ялаар “домноод” л өнгөрөхийг үгүйсгэх аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
–ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛСООР БАЙГАА НЬ-
ЖДҮчдэд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч гуравдугаар сарын 17-нд товлогдсон ч Хяналтын прокурор Р.Батнасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хойшлуулшгүй ажиллагаанд оролцох болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан билээ.
Эх сурвалж: eguur.mn