ХСҮТ-ийн захирал асан, Хүний гавъяат Ж.Чинбүрэн эмчийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Миний бие 23 жилийн туршид элэгний хорт хавдрын 1200 гаруй удаагийн хагалгаа, 300 орчим нойр булчирхайн хорт хавдрын, 110 гаруй цөсний замын хорд хавдрын хүнд мэс заслууд хийж, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж явна. Мэс заслын эмч бол эрдэнэт хүний алтан амийг аврах хамгийн сүүлчийн хана хэрэм болон зогсдог хэцүү гэлээ ч ховор их хувь заяаны эзэн. Хорт хавдар туссан нагац ээжтэйгээ сүүлчийн удаа уулзахаар эмнэлгийнхээ энэ шар байшинд 12 настайдаа анх хөл тавихдаа мундаг мэс засалч болоод Ажаа шигээ хүмүүсийг аварна гэж өөртөө андгайлсанаа хэзээ ч мартахгүй.
Арван цагаар ч үргэлжилж болдог элэг тайрах, шилжүүлэх хүнд мэс заслын үеэр нүд анилдаж, хөл чилж, ядарч туйлдах үе тохиолддог ч хүний амь гарт минь байхад ажил, үүргээсээ ухарч үзэлгүй даван туулсаар явна.
Эдгэсэн хүний баярын нулимс, хайртай хүмүүсийнх нь халуун дулаан харц, үг, инээмсэглэл бүхэн нь элэг бүтэн Монголын төлөө зүтгэх эрч хүч минь болдог. Ар гэр, үр хүүхэд, өндөр настай ээждээ зориулах цаг хомс, бусдын адил хөдөө гадаа амрах боломж ховорхон ч гэлээ мэс заслын эмч мэргэжил дээ би хайртай.
Дээд сургуулийн шалгалтанд унаж, шал угааж, асрагч хийж байгаад ахиж өрсөлдөөд тэнцсэн, цалингүй туршилтын эмчээр бүтэн жил хагас ажиллаад хөөгдөхдөө тулж, Эрдэнэ-Очир багшийнхаа итгэлээр үлдсэн зэрэг эгзэг, сорилт бүхэн намайг хурцалсан билээ.
Элэг тайрах япон технологийг Монголдоо нутагшуулж, улмаар олон улсад нэвтрүүлж, өнөөдөр дэлхий даяар энэ арга ашиглагдаж, Япон улсад докторын зэрэг хүртсэн, Францын элэгний мэс заслын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн маань аав ээж, ачит багш нарын минь ач гавьяа, хамтран зүтгэгчид, хайртай шавь нарын минь хамтын амжилт, ялалт юм шүү. Дэлхийн элэгний мэс заслын ноён оргилын нэг профессор Жиле багш минь “Нестле” компанийн захирлын талархлын хандив 100 мянган еврогийн чекийг Монголд барьсаар ирж, түүгээр нь тоног төхөөрөмж авч, арга туршлага заалгаж, Элэг, цөс нойр булчирхайн тасгийнхаа тулгын чулууг тулсан минь, өнөөдөр 40 гаруй өндөр ур чадвартай эмч, сувилагч нартай мэргэшсэн баг болж бүрдэн эрүүл энхийн манаанд ажиллаж байна.
Бидний хамтдаа хүрсэн амжилт багагүй ч хийх ажил, биелүүлэх даалгавар их байна. Монголд оронд минь жил бүр 6000 гаруй хүн элэгний хорт хавдраар өвчилж, хожуу үедээ оношлогдож, 4000 орчим нь амь насаа алдаж байна. Хорт хавдар дан ганц манай эмнэлэг, багийн ажил биш ээ.
Элэг нэгт монголчууд хамтдаа хорт хавдартай илүү хүчтэй тэмцэж чадна.
Эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, менежмент, даатгал, төлбөр, сургалт, эрүүл мэндийн боловсрол гээд хот хөдөө, хаа сайгүй хүн бүрт хүрч чадах бүхэл бүтэн тогтолцоог босгож бүтээж байж Монгол элэг бүтэн болно.
Эмч сувилагч бид, ХСҮТ-ийн хамт олон минь хүн ардынхаа эрүүл энхийн төлөө эрвийх дэрвийхээрээ хичээн зүтгэж явахад итгэл, сэтгэлээрээ дэмждэг олон сайхан буянтан, олон сайн үйлстэн бий. Сайны хажуугаар саар гэгчээр санаанд багтамгүй, сэтгэлд оромгүй элдэв муухайгаар гүтгэж доромжлох явдал ч мэр сэр гардаг. Ажил үүргээ зориуд санаатайгаар умартаж, өргөсөн тангаргаасаа няцсан мэтээр хүртэл захиалан гүтгэж чадахыг ч үзлээ. Гэвч гүтгэгч Та бүү баярла. Таны нүглийг буянаар ариутгах болно. Сэтгэл гутавч итгэл алдрахгүй. Элдэв муухайгаар гүтгэх тусам чинь элэг бүтэн Монголынхоо төлөө илүү зүтгэнэ ээ!
Эх сурвалж: mass.mn